Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний голомт болсон Хятадын Ухань хотын хөл хориог ирэх сарын 8-ны өдөр цуцлах болсон талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ. Харин өнөөдрөөс /2020.03.25/ Хубэй мужийн харьяа Уханиас бусад хотуудын хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалж эхлэх аж.
Хоёр сарын турш гэрийн хорионд байсан Хубэй мужийн /Уханиас бусад хотын/ оршин суугчдад орон сууцнаасаа гарах, хүнсний дэлгүүр орох, гудамжаар салхилахыг зөвшөөрсөн ба зарим нийтийн тээврийн үйлчилгээг сэргээхээр бэлтгэж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн Хубэй мужаас гарах болон ороход гар утасны “Alipay” аппликейшнд суурилсан “ногоон код” хэрэгтэй аж. Хубэй мужийн эрх баригчид хөл хорионы дэглэм тогтоох үеэр бүх оршин суугчдынхаа эрүүл мэндийн байдлыг ухаалаг гар утасны аппликейшнаар хянаж өнгөөр эрэмбэлсэн юм. Улаан, шар, ногоон өнгөөр иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг эрэмбэлсэн бөгөөд “ногоон код”-той хэн бүхэн өнөөдрөөс Хубэй мужаас гарч, тус муж руу нэвтрэх боломжтой болж байна.
Хятад улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар маш цөөхөн бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлууд нь бүгд гадаадаас ирсэн хүмүүс байгаа юм. Харин Ухань хотод сүүлийн таван өдөр дараалан нэг ч тохиолдол шинээр бүртгэгдээгүй билээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ