Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хөл хорионы дэглэмийг тэлж, улс орон даяар хорио цээр тогтоолоо. Уг хязгаарлалт өнөөдөр /2020.03.25/-өөс эхлэн хэрэгжих бөгөөд 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Ингэснээр дэлхий даяар нийт 2,6 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь хөл хорионд орж байна гэсэн үг юм.
“Хөгжингүй улс орнууд ч коронавирусийн өмнө өвдөг сөхөрч байна. Тиймээс ирэх 21 хоногт бид коронавирусийн халдварыг дарж авч чадахгүй бол Энэтхэг улс 21 жилийн өмнөх рүүгээ ухрах болно” хэмээн Нарендра Моди хэлжээ.
Тэрбээр мөн хөл хорионы дэглэм нь вирусийн тархалтыг зогсоох цорын ганц арга зам хэмээгээд ард иргэдийг элдэв худал цуу яриа, баталгаагүй мэдээлэл тараахгүй, эрх баригчдын зүгээс гаргаж буй дүрэм журмыг сайтар даган биелүүлэхийг уриалсан байна.
Тус улсад өнөөдрийн байдлаар 536 хүн халдвар авч, 10 хүн нас бараад байна. Хорио цээрийн шинэ дэглэмийн дагуу ард иргэдийг эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр зэрэг нэн шаардлагатай газрууд л биш бол өөр шалтгаанаар гэрээсээ гарахыг хориглож байгаа юм. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагуудыг хаах, эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүрээс бусад бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоох аж. Үүнээс гадна олон улсын нислэгүүд, дотоодын төмөр замын сүлжээг зогсоосон байна. Мөн тус улсын Засгийн газраас эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд хоёр тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар болжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ