ЭТТ-н ногдол ашгаа авахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

ЭТТ-н ногдол ашгаа авахад бэлэн үү?

ЭТТ-н ногдол ашгаа авахад  бэлэн үү?

Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67500 төгрөгийн ноогдол ашиг авах юм.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх гэсэн иргэд үе, үе брокерын компанийг ачааллаар дарах болсон. Одоогоор 1.8 сая иргэн дансаа нээлгээд байгаа бол 600 орчим мянган иргэн дансаа нээлгээгүй байгаа юм.

ӨДӨРТ 1500 ГАРУЙ ИРГЭН ЦАХИМААР 1072 ХУВЬЦААНЫ  ДАНСАА НЭЭЛГЭЖ БАЙНА 

Хувьцааны дансаа нээлгээгүй иргэд ноогдол ашиг тараахаас өмнө  дурын брокерийн компанид хандаж нээлгэх боломжтой. Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед иргэд брокер дилерийн компанийг зорихоос илүүтэй гэрээсээ дансаа нээлгэдэг болжээ.Одоогоор 11 компани онлайнаар данс нээж байгаа юм. Тэдний төлөөлөл болох “Гүүдсек ҮЦК” ХХК нь вэб сайт болон фэйсбүүк гэсэн хоёр төрлөөр хувьцааны данс нээх үйлчилгээг явуулж байгаа юм байна. Тус компани нь фэйсбүүкээр дамжуулан өдөрт 1000-1500 данс нээж байгаа аж. Хувьцааны дансаа нээлгэснээс хойш ажлын хоёр өдөрт данс баталгаажих юм байна.

“Гүүдсек ҮЦК” ХХК-ны менежер Б.ТҮШИГ: 

– Иргэд 1072 хувьцааны ногдол ашигаа авахдаа үнэт цаасны данс нээлгэсэн байх ёстой. Халдварт өвчлөлийн эрсдэлтэй үед бид харилцагчдадаа  вэб сайт болон фэйсбүүк мессенжрээр хувьцааны дансаа нээлгэх үйлчилгээг үзүүлж байна. Заавал өөрийн биеэр очилгүй цахимаар бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүний тод жишээ нь, мессенжрээр хувьцааны дансаа нээлгэх үйлчилгээ. Энэ нь маш хялбар, хурдан шуурхай үйлчилгээ юм. Тухайн иргэн хоёр минутад л дансаа нээлгэх бүрэн боломжтой. Энэ үйлчилгээ нь бусад компаниудаас хялбар хурдан шуурхай  богино хугацаанд хувьцааны данс нээж, иргэний мэдээллийг шалгадгаараа онцлогтой. Тиймээс найдвартай үйлчилгээ гэдэгт итгэж болно.Гэхдээ иргэд онлайнаар хувьцааны данс нээлгэхдээ бүх мэдээллийг крилл үсгээр бичих, хоёр минутад данс нээлгэж байгаа нь хүсэлт илгээж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүсэлтээ илгээснээр 7500 төгрөгийн үйлчилгээний хураамж төлнө. Энэ нь данс нээлгэсний хураамж юм. Үйлчилгээний хураамж төлөхдөө гүйлгээний утга дээр регистрийн дугаар болон утасны дугаараа бичих ёстой.   Иргэд үнэт цаасны данстай болсноор цахимаар дансаа удирдах, хянах боломжтой. Хувьцааны дансаа зөвхөн 1072 хувьцаанд зориулсан гэж ойлгож болохгүй, Монголын хөрөнгийн биржид арилжаалагдаж буй бүх төрлийн хувьцааг худалдан авах захиалгыг цахим системээр дамжуулан авах боломжтой гэлээ.

Хэдийгээр онлайн үйлчилгээг иргэд авч байгаа ч бүртгүүлж чадахгүй асуудал гарах тохиолдолд биечлэн брокер диллерийн компанид хандаж байгаа иргэд ч цөөнгүй байгааг үнэт цаасны данс нээж буй компаниуд хэлж байв.

ХӨЛ ХОРИО ТОГТООСНООС ХОЙШ ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭЛГЭХ ИРГЭДИЙН ХӨЛ ТАТАРСАН

Онлайн үйлчилгээнээс гадна үнэт цаасны данс нээх үйлчилгээ үзүүлдэг “Гаули ҮЦК" ХХК дээр очлоо. Тус компаниар үйлчлүүлж буй иргэд харагдсангүй. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш хувьцааны данс нээлгэх гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн эрс татарсан гэдгийг компанийнхан хэлж байв. Тус компаниар өдөрт 50 гаруй иргэн дансаа нээлгэхээр үйлчлүүлдэг байна.

“Гаүли ҮЦК" ХХК-ны менежер Н.ЧАНЦАЛ: 

-Одоогоор 1072 хувьцааны дансаа нээлгээгүй 600 орчим мянган иргэн байна. Эдгээр иргэд онлайнаар болон оффист ирж дансаа нээлгэнэ. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн хувьд биечлэн ирж дансаа нээлгэж байна. Хөл хорио тогтоохоос өмнө дансаа нээлгэх иргэд маш идэвхтэй, ачаалалтай байсан. Өдөрт 100 орчим иргэнд данс нээх үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо 50 гаруй хүн өдөрт үйлчлүүлж байна. Энэ нь онлайн үйлчилгээтэй холбоотой болов уу. Гэхдээ онлайн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд хорио цээрийн дэглэм цуцлагдсны дараа ч биечлэн хувьцааны дансаа нээлгэх боломжтой. Иргэдийн хувьд ноогдол ашиг тараахаас өмнө дансаа нээлгэж болох учраас хөл хорионы үед яарч дансаа нээлгэх шаардлагагүй.

1072 ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭСЭН, НООГДОЛ АШГАА ХҮЛЭЭЖ БАЙНА

Иргэдийн хувьд үнэт цаасны хувьцааны дансаа онлайн үйлчилгээнээс илүүтэй брокер диллерийн компани дээр биечлэн очиж нээлгэсэн гэдгийг хэлж байв. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэд одоо ноогдол ашгаа хүлээж байгаагаа хэлсэн юм.

Иргэн Г.ЭНХЖИН: 

-Онлайнаар хувьцааны дансаа нээлгээгүй. Хөл хорио тогтоохоос өмнө үнэт цаасны төв дээр биечлэн очиж дансаа нээлгэсэн. 1072 хувьцааны ноогдол ашгаас 96 мянган төгрөг авах юм шиг байна билээ. Ноогдол ашиг тарааж байгаад баяртай байна. Одоо ноогдол ашигаа хүлээж байна.

-Иргэн Н.ДАМБИЙНЯМ: 

-Хувьцааны дансыг манай хүүхэд нээлгэж өгсөн. Би өөрөө данс нээлгэж мэдэхгүй.  1072 хувьцааны ноогдол ашиг бол Засгийн газар, “Эрдэнэс тавантолгой” ХХК-ниас иргэдэд олгож байгаа хишиг биш юм.  Компани ашигтай ажилласан бол ноогдол ашгаа өгөх нь зүй ёсных. Хувьцаа эзэмшиж байгаа бол ноогдол ашгаа авах ёстой. Одоо ноогдол ашгаа л хүлээж байна даа.

Иргэн Т.ЭРДЭНЭБАТ: 

-Хувьцааны дансаа брокерийн компаниар сарын өмнө нээлгэсэн. Онлайн үйлчилгээг авч үзээгүй. Одоо ноогдол ашгаа хүлээж байна. Үр ашгийг нь хүртэх ёстой ч өөрөөр үр өгөөжтэй хүртэх нь илүү дээр. Бэлэн мөнгө тараахаас илүүтэй бүтээн байгуулалт, гадаад өрийн асуудал зэрэг томоохон асуудлыг шийдэх нь илүү үр өгөөжтэй. Тэжээвэр нохой тэжээж байгаа юм шиг сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Бэлэн мөнгө өгснөөр бэлэнчлэх сэтгэлгээтэй, төрөөс мөнгө хүлээдэг сэтгэхүй нийгэмд бий болчихлоо.

Иргэн М.ЦОГБАЯР: 

-Хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнө брокерийн компаниар дансаа нээлгэсэн. Тухайн байгууллага ашигтай ажиллаж, ноогдол ашиг олгоно гэж байгаа бол үр өгөөжийг нь хүртэх л ёстой. Миний хувьд 1072 хувьцаанаас 67 мянга гаруй төгрөгийн ноогдол ашиг авах байх. Өмнө нь 300 мянган төгрөг авч байсан.

АРВАН ЖИЛ ДУНШСАН ХУВЬЦАА АМЬ ОРЖ БАЙНА

Эрдэнэс Тавантолгой нийт хувьцааны  85 хувийг төр эзэмших бөгөөд үлдсэн хувь нь иргэд, аж ахуйн нэгжийнх. Өөрөөр хэлбэл, нийт 2.2 тэрбум ширхэг хувьцааны 200 тэрбумын ноогдол ашиг иргэдийн гарт очих нь. Тус компаниас даваа гариг бүрт 1072 хувьцааны талаар мэдээлэл өгдөг. Хөл хорио тогтоосон энэ үед хувьцааны дансаа онлайнаар нээлгэхийг ч бас зөвлөж байгаа юм.

Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ: 

 "Монгол Улсын Засгийн газрын 85,4 хувийг үнэт цаас хэлбэрээр өгч байгаа. Иргэддээ ногдол ашгийг нь бэлэн мөнгөөр олгоно. Монголын төрийн компани зөв менежмент явуулаад үр ашигтай ажиллаж, төр муу менежер биш гэдгийг харуулсан үйлдлийн араас иргэд маань энэ компанид хувьцаа эзэмшдгийнхээ хувьд 10 жил дуншсан хувьцаа нь ийн амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна. Үүнээс өмнө хэд хэдэн бэлтгэл ажил хийгдэнэ. Брокер дилерийн 5-6 компани онлайнаар данс нээх боломжтой болсон. Иргэд гэрээсээ гар утаснаасаа дансаа нээлгүүлж болно. Ингэж данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлд гарах суваг нь нээгдэж байгаа юм. Асуудалд бизнесийн агуулгаар нь цаашид ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний хэмжээнд их, бага нь  сонин биш. Гол нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороод эхэлж байна” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж