“Хараагдсан” ОЛИМПИЙН НААДАМ

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

“Хараагдсан” ОЛИМПИЙН НААДАМ

“Хараагдсан” ОЛИМПИЙН НААДАМ

Цэнхэр бөмбөрцөгийн эв нэгдлийн их наадам Токио хотноо дөрвөн сарын дараа болохоор төлөвлөгдсөн ч хүн төрөлхтөний төсөөлж байгаагүй цар тахлын улмаас хойшлогдсон таагүй мэдээг спорт сонирхогчдод Шинзо Абэ дуулгав. Төлөвлөгөө ёсоор Токио-2020 зуны XXXII олимпийн наадам  120 өдрийн дараа нээлтээ хийхээр бэлтгэж байсан билээ. Гэвч өчигдөр/2020.03.24/ Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ болон IOC буюу Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нар зөвшилцөлд хүрч, Токио-2020 олимпийн наадам 2021 оны зун зохион байгуулахаар болсныг зарласан юм.

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн цар тахал өнөөдөр дэлхийн өнцөг буланд хүрч, хүн төрөлхтөн хүчин мөхөсдөөд буй. Дэлхий даяар бүхэлдээ хөл хорионд орж, улс орнуудын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг, хариуцлага болсон.  Тиймээс спортын тэмцээн наадмууд цуцлагдаж, Канадаас эхлээд олимпод тамирчдаа оролцуулахгүй гэх шийдвэрийг ч гаргаад эхэлсэн.  IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ноос  цар тахлын аюул дэлхийг сандаргаж буй гахай жилд Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах уу, хуваарийн дагуу зохион байгуулах уу гэдгээ  нэг сарын дотор шийднэ гэж мэдэгдэж байсан юм.

ОУОХ-ны гишүүн Дик Паунд Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан, олон нийтэд зарлах нь цаг хугацааны асуудал гэсэн нь сенсаци дэгдээж, Томас Бах, Шинзо Абэ нар олимпийг хойшлуулах болсныг олон нийтэд албан ёсоор зарлахаас өөр сонголтгүй болгосон. Ийнхүү олимпийн наадмын “хараал” биеллээ олж хойшилж байна. "Хараал" хүрсэн олимпийн тухай яриаг Японы Сангийн дэд сайд Таро Асо гаргасан юм.

Түүний ажигласнаар  Японы зохион байгуулах олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэгэн шалтгааны улмаас цуцлагдах, эсвэл Япон улс зарим олимпийн наадамд оролцож чадахгүйд хүрдэг нь  “хараал”-тай холбоотой гэж үзэх болсон байна. 

Тухайлбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улсын Токио, Саппоро хотуудад зохион байгуулах ёстой байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцалсан. Үүнээс яг 40 жилийн дараа буюу 1980 онд ЗХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан зуны XXII олимпийн наадамд Япон улс хүйтэн дайныг бойкотлсны улмаас оролцоогүй. Тэгвэл дахин 40 жилийн дараа covid-19 гэж нэрлэгдсэн цар тахал Япон улсад саад болж олимпийг хойшлууллаа.

Улс орнууд тамирчдынхаа, иргэдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд Токиогийн олимпийн наадмаас татгалзаж байгаагаа зарласан.  Канад болон Австралийн олимпийн хорооТокио-2020 олимпийн наадмыг  төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулагдвал оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Австралийн олимпийн хорооны гишүүн Иан Честермэн  ОУОХ болон Японы шийдвэрийг урьдчилан мэдсэн юм шиг баг тамирчдадаа “Олимпийн наадам ирэх долдугаар сард зохион байгуулагдахгүй тул 2021 онд олимпийн наадамд оролцоход бэлэн байгаасай гэж хүсч байна” хэмээсэн. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын хөнгөн атлетик болон усан сэлэлтийн холбоод улсынхаа олимпийн хороондоо шахалт үзүүлэх болсон. Мөн Норвеги, Бразил, Словени гэх зэрэг улс орнуудаас ОУОХ-нд хандаж, цах тахлын үед хүн төрөлхтөний их наадмыг хойшлуулах албан бус хүсэлт тавиад байсан юм. Энэ мэт олон мэт олон хүсэлт, шахалтаас болж олимпийн наадам хойшиллоо.

ОУОХ одоо  эрх олгох тэмцээнүүдэд оролцох тамирчид болон эрхээ авсан тамирчдын тал дээр нилээд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авах хэрэгтэй болж байна. Олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрээс өмнө олимпийн наадамд оролцох тамирчдын тоог ихэсгэх, эрхийг нь өсгөх тал дээр ОУОХ болон Олон улсын спортын холбоод хамтран ажиллана гэж мэдэгдэж байсан юм. Мөн шинэ коронавирусийн улмаас олимпийн эрх олгох тэмцээнд оролцож чадахгүй байгаа тамирчдад боломж олгохоо ч амалсан.

Олимпийг зохион байгуулах бэлтгэл ажилд Япон улс нийт 12 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Тус улс дотоодын аж ахуй нэгж, компаниудаасаа 3 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг орж ирнэ гэсэн судалгаа гаргасан байв. Олимпийг зохион байгуулснаар Япон улс 40 сая жуулчин хүлээн авах тооцоо гаргаад байсан юм. Нэгэнт олимпийн наадам хойшлогдсон тул Япон, ОУОХ-ноос дараа дараагийн шийдвэрүүдийг шат шатандаа гаргах нь дамжиггүй.

ИНГЭЭД ОЛИМПИЙН НААДМЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДЫГ ХҮРГЭЕ.

  • Анхны олимпийн наадам нь МЭӨ наймдугаар зуунд эртний Грекийн Олимпиа уулын бэлд анх явагдаж байжээ. Харин орчин цагийн олимпийн наадам 1896 онд Грек улсад зохион байгуулагдсан.
  • Эртний Грекийн олимпийн наадамд тамирчид ямар нэгэн хувцасгүй нүцгэн оролцдог байжээ.
  • Эрт үед олимпийн наадмын тав эсвэл зургаан сарын турш үргэлжилдэг байсан.
  • 1900 оны олимпийн наадамд эмэгтэйчүүдийг оролцохыг зөвшөөрсөн.
  • 1924-1992 онуудын хооронд өвөл болон зуны олимпийн наадмууд ижил жилд зохион байгуулагддаг байсан.
  • Өвөл болон зуны олимпийн наадамд хоёуланд медаль хүртэж байсан дөрвөн тамирчин байдаг. Тэдний нэг нь Криста Лудингер-Ротенбургер.
  • 2012 оны Лондонгийн олимпийн үеэр хоёр долоо хоногийн турш нийт 165 мянган гарын алчуур хэрэглэгджээ.
  • Олимпийн наадмын албан ёсны хэлээр Англи болон Франц хэлүүд байдаг. Мөн олимпийн наадмыг зохион байгуулж буй улсын хэл нэмэлтээр багтаадаг ажээ.
  • 1936 оны Берлины олимпийн үеэр Япон улсын хоёр тулгууртай хайралтын тамирчдын оноо тэнцэж, дахин өрсөлдүүлсэн ч мөн л тэнцжээ. Тиймээс тухай хоёр тамирчинд мөнгө болон хүрэл медалиудыг дундуур хуваан нийлүүлж тал тал мөнгө-хүрэл медалиудыг гардуулжээ.
  • 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцож байсан бүхий л улс орнууд эмэгтэй тамирчдаа оролцуулж байсан.
  • Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болсон таван цагирагийг Барон Пиерре дэ Кубертин таван тивийг төлөөлүүлж зохион бүтээжээ.
  • Олимпийн наадмын бэлгэ тэмдэг болсон таван цагираг нь цэнхэр, шар, хар, ногоон, улаан болон цагаан дэвсгэртэй байдаг. Учир нь дээрх өнгөнүүд нь улс орон бүрийн төрийн далбаанд дор хаяж нэг удаа орсон байдаг.
  • 1972 оны Мюнхений олимпийн Валдигаас эхлэн жил бүрийн олимпийн наадам нь өөрийн гэсэн бэлгэ тэмдэг бүхий сахиустай болсон.
  • 2016 оны Риогийн олимпийн наадам нь Өмнөд Америк тивд зохион байгуулагдсан анхны олимп болсон.
  • 2016 оны Риогийн олимпийн наадмын үеэр нйит 205 улсын 10,500 тамирчид спортын 42 төрлийн 306 тэмцээнд 17 өдрийн турш өрсөлдсөн.
  • Хамгийн шилдэг олимпийн наадмаар 2012 оны Лондонгийн олимпийн наадам тодорсон бол тус наадмын араас 1976 оны Монтреалийн олимпийн наадам болон 2008 оны Бээжингийн олимпийн наадмууд жагсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж