Эдийн засагт ихээхэн уршиг тарьж буй шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт том хямрал, эрсдэл авчраад байна. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ сүйрэлд орж, улс орнууд ч эдийн засгаа хамгаалахын тулд багц хөтөлбөр хэрэгжүүлэх, бодит санхүүжилт үзүүлэх, бизнесээ амьд үлдээхэд ихэд анхаарч буй. Тэд эдийн засаг сэхээнд орвол эрүүл мэндээ ч хамгаалж чадахгүй эрсдэлд орно гэдгийг аль хэдийн олж харсан. Хөл хориойтой дэлхийн нэг улсын хувьд Монголд ч эдийн засагт "гамшиг" нүүрлээд эхэлжээ. Олон жижиг дунд үйлдвэрийн орлого тасарч, иргэд цалингүй болсон. Тиймээс төр, засгаас бизнесийг хамгаалах шийдвэр гаргахгүй бол ойролцоогоор 260 мянган хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж, үүнийг дагаад 20 гаруй мянган компани хаалга үүдээ барихад хүрч буйг эдийн засагчид сануулсаар. Харамсалтай нь, эрх баригчид иргэдээ шилний цаанаас чихэр долоолгосноор. Эдийн засгийн эрсдэлийн хөтөлбөр боловсруулж, бизнесээ хамгаалж үлдэх нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үүрэг. Гэвч, түүнд "үнээ, тугал нийлэх" хамаагүй бололтой. Яг ийм хүнд үед татварын болон зээлийн уян хатан бодлого, бизнесээ дэмжсэн өгөөмөр бодлого Ч.Хүрэлбаатарт алга байгааг эдийн засагчид "хэлгий" болтлоо шүүмжилж буй.
Ингээд эдийн засагч Б.Дөлгөөн болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхны байр суурийг хүргэе.
2020 ОНЫ ТӨСВИЙГ СОНГУУЛЬД БЭЛДЭЖ НИЙТ ТӨСВИЙН АЛДАГДЛЫН 90 ХУВИЙГ СОНГУУЛИАС ӨМНӨ ТӨЛӨВЛӨСӨН
ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН:
-Монгол Улс эрүүл мэнд талаасаа маш зөв шийдэмгий арга хэмжээ авч байгаа боловч эдийн засгаа 100 хувь орхигдуулсан. Эдийн засгаа орхигдуулснаас болж өнгөрсөн долоо хоногт л гэхэд 5000 мянган ААН дампуурсан байна. Засгийн газар эдийн засгийн уналтаас улбаалан үйл ажиллагаа нь хүндэрч байгаа аж, ахуйг тэтгэх замаар арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв өнөөдөр л арга хэмжээ авахгүй бол магадгүй гурван сарын дараа арга хэмжээ авлаа гэхэд аль хэдийн оройтчихож ч мэднэ. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт цочрол өгдөг.
Тиймээс аж ахуйн нэгжүүдийг дампуурлаас сэргийлэхийн тулд иргэдийг худалдан авалтыг дэмжих хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн эргэлтийг сайжруулна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн санхүүжилтээс бизнесийн эрхлэгчдэд санхүүгийн туслалцаа буюу татварын болон зээлийн хөнгөлөлт, цалингийн хуваан төлөлт зэргээр туслах шаардлагатай. 2020 оны төсвөөр хөшөө, музей барих зардлыг танаж, эдийн засгийг нуруун дээрээ авч яваа бизнесээ харж үзэх хэрэгтэй шүү дээ. Төсвийг нэг ёсондоо тэнцвэртэйгээр 12 сардаа хуваарилах ёстой.
2020 оны төсвийн хуваарийн орлого зарлагын тэнцлийг харахад эхний зургаан сард нийт төсвийн алдагдлын 90 орчим хувь буюу 2.2 тэрбум төгрөгийг оруулсан. Үүнээс харахад 2020 оны төсвийг сонгуульд бэлдэж нийт төсвийн алдагдлын 90 хувийг сонгуулиас өмнө төлөвлөж бараа, материал, ажил үйлчилгээг авахаар тооцсон гэж дүгнэхээр байна.
Гэтэл 2019 оны орлого зардлын төсөөллийн тэнцлийг харахад нэг сарын алдагдал нь 200 тэрбум төгрөгөөс хэтрээгүй гэдгийг энд онцолъё. Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт зээлийн хүү, үндсэн өр болон төлбөрийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан. Гэхдээ хамгийн гол нь эх үүсвэрийг нь шийдэж өгөөгүй. Хойшлууллаа гээд ангилалд нь өөрчлөлт оруулчихаар хүмүүс ямар нэг байдлаар зээлээ төлөхгүй тохиолдолд алдагдлыг нь хэн хүлээх юм. Банк хүлээх юм уу эсвэл Монголбанк, Сангийн яамнаас гурван сард тооцогдох мөнгийг шийдэж өгөх юм уу гэдэг нь тодорхойгүй.
Зээлийг гурван сараар хойшлуулж байгаа бол хүүгийн зардлыг хэн хариуцахыг нь тодорхойлох хэрэгтэй. Хэрэв банк хариуцлаа гэхэд банк бусад ААН-тэй адилхан байгууллага. Гэтэл тэр байгууллага дээр тохчих юм бол санхүүгийн салбарын хөрвөх чадвар нь хэр хэмжээнд байх бол гэж бодоод үзээрэй. Нэг ёсондоо эрүүл мэндийн хямралаас болоод санхүүгийн хямрал битгий тарьчхаасай л гэж хүсч байна. Монгол Улс сүүлийн хэдэн сард эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй нөхцөл байдал руу орчихлоо. 2019 оны арван сард төлөвлөж байсан төсөөллүүд одоо бүгд худлаа болсон.
ЭРХ БАРИГЧДЫН ХУВИЙН АМБИЦААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ ЁСГҮЙ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О. АМАРТҮВШИН:
-Өнөөдөр 900 мянга гаруй хүн ажилгүй байна. Судалгаагаар манай улсын хүн амын 28 хувь нь ядууралд өртсөн гэх мэдээлэл байна. Үүнээс 63 хувь хүн нийслэл хотод суурьшдаг. Иймд худалдаа, үйлчилгээний салбар хямарснаас 260 мянга гаруй хүн ажилгүйдлийн эгнээнд шилжиж ядуурал нэмэгдсэн нийгэм, эдийн засгийн томоохон хямрал үүснэ.
Харин хямралаас сэргийлэх үндсэн арга бол зорилтот сегментэд буюу тухайлсан салбарын хамгийн ихээр хямралд өртөөд буй ААН-үүдэд хөнгөлөлттэй, зорилтот зээлийг олгох, тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг хойшлуулах, мөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг бодитойгоор хурдан шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа юм. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2.5 их наяд төгрөг төлөвлөгдсөн. Нийт тендерийн 50-аас дээш хувийг шалгаруулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний гурван сард байна.
Иймд зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай байгаа энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол болон хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах шаардлагатай.
Орлого, зарлага бүхэн уялдаа холбоотой байх ёстой. Харин эдийн засаг сайжирч болж, үйл ажиллагаа хэвийн болох үед нь буцаан эргэлт үүсгэх боломж байгаа. Сонгуулийн дараагаас шинэ төрлийн худалдан авалт нэмэгддэг. Тэдгээр үргүй зардлаа байхгүй болгох талаар шийдэх хэрэгтэй.
Ер нь эрх баригч хүмүүсийн хувийн ашиг сонирхол, хувийн амбицаар улс орны эдийн засаг, иргэдийн нь амьдрал ямар нэгэн байдлаар хямрах ёсгүй. Өнөөдөр 900 мянган ядуу иргэн байна гэж байгаа боловч дахин 500 мянгаар нэмэгдэх буюу нийт хүн амынхаа тал хувийг ядуу байлгах сэдэл нь хэдхэн төсөл, тендертэй холбогдож байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
ХАРАМЧ ХҮН ХОЁР ТӨЛНӨ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ ВИЙ
МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ДҮҮРЭН
-Ажилгүй байгаа иргэдээ ямар нэгэн аргаар дэмжиж, ажилтай байгаа хүмүүсийнхээ ажлын байрыг хадгалах хэрэгтэй. Одоо л иргэлийнхээ ажлын байруудыг хадгалахгүй бол зургаан сарын дараа ажилгүй болчихоор буцаагаад л дэмжинэ шүү дээ. Тиймээс харамч хүн хоёр төлнө гэдэг шиг л юм болох вий.
Энэ жил сонгуулийн жил. Тиймээс энэ удаагийн парламентын үр дагаврыг дараагийн парламент үүрэх учраас бид нарт хамаагүй гэх хандлагаар хандаад байх шиг байна.
Хөл хорионд өртөж байгаа маш олон салбарууд бий. Тэдгээр компаниуд аль болох хувьсах зардлаа багасгасан байгаа бол зарим нь хангалттай хуримтлалгүй, зээлтэй байдаг учраас ийм тохиолдолд ажлын байрны цомхотголыг явуулж эхэлнэ гэсэн үг. Цомхотголд орж ажилгүй болсон иргэд ажилгүйдлийн түвшинг нэмнэ. Иймд төрийн зүгээс байгууллагын тогтмол зардал дээр нь дэмжлэг үзүүлж оролцох ёстой. Ингэхдээ хөнгөлөлттэй зээл олгох, нийгмийн даатгалыг хойшлуулах гэх мэт арга байж болно. Бусад улс оронд ажилгүйдлийн тэтгэмжээр буюу сул зогсолтын мөнгийг төрөөс нь шийддэг. Гэвч манайд ийм арга хэмжээ авах санхүүгийн бололцоо байхгүй учраас аль болох аж ахуйн нэгж, байгууллагаа дэмжих замаар ажлын байраа хадгалах нь илүү бодитой дэмжлэг юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ