Фото: AP
Францын нисэх хүчин Сирийн Ракка хот дахь “Исламын улс” террорист байгууллагын байрлалыг бөмбөгдлөө. “ИУ” бүлэглэлийн байрлалд өгсөн агаарын довтолгооноо Парист хийсэн 129 хүний аминд хүрсэн хядлагын дараа авч байгаа өшөө авах “дархан эрх” гэж Францын эрх баригчид тайлбарлав. Энэ бүгдээс харахад Франц одоо Ойрх Дорнодод цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх бололтой байна. АНУ ч дайчдын байрлалыг бөмбөгдөхөд хялбар болгох үүднээс тагнуулын мэдээллээ францчуудад өгнө гэлээ.
Францын нисэх хүчний онгоцнууд Исламын улсын нийслэл гэж зарласан Сирийн Ракка хот дахь бүлгийн байрлалд 12 онгоцоор 20 бөмбөг хаяжээ. "Урагшаа, хөвгүүд ээ! Бид та нараар бахархаж байна!», "Бид та нарыг харж байна, залуус аа! Маш их баярлалаа!», "Франц хэзээ ч өвдөг сөхрөөгүй, та нар бидний гэсгээлтийн цохилтыг мэдэрнэ! Vive la France!» гэх мэт иймэрхүү сэтгэгдлээ олон нийтийн сүлжээний хэдэн зуун хэрэглэгчид франц далбааны өнгөөр будагдсан аватарын дүрс бүхий видео дор үлдээжээ.
“Энэ цохилтоор устгасан анхны байгууламж нь ИУ-ын сайн дурынхныг хүлээн авдаг цэг болсон командын байр болон зэвсгийн агуулах болов. Хоёр дахь байгууламж нь можехадуудын сургуулийн лагерь байлаа" гэж Францын БХЯ мэдээлжээ. Иордан, Арабын нэгдсэн Эмиратад байрласан нисэх буудлуудаас 12 онгоцоор цохилт хийсэн байна.
Associated Press мэдээлж байснаар, Парист хийсэн хядлагыг Ракка хотод исламчууд төлөвлөжээ. Тус агентлагийн мэдээгээр Францын нийслэлд цуст довтолгооныг хийсэн зарим алуурчид Сирид бэлтгэлээ хийгээд дараа нь Францад очин хамтрагч нартайгаа нийлсэн байлаа. Сүүлийн мэдээгээр, террорист довтолгооныг хийхээр ИУ бүлэг 24 дайчдаа дайчилсан байжээ.
Парист хийсэн аллагуудын дараа Франц улс “Исламын улс” бүлгийн эсрэг довтлох “Хууль ёсны дархан эрхтэй болсон” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгдэв. Батлан хамгаалахын сайдын хэлснээр ИУ-ыг бөмбөгдөх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 14-нд буюу 129 хүний аминд хүрсэн аллагын дараа гаргасан гэнэ.
Сирийн Ракка хот дахь ИУ-ын байрлалыг бөмбөгдөх шийдвэр нь “улс төрийнх байсан”, Франц нийслэлдээ хийсэн хядлагын дараа “оролцоогоо идэвхитэй болгох ёстой” гэж Анталье хотноо G20 саммитад оролцсон Фабиус тэмдэглэв. “ДАЕШ-ийн зүгээс гарч байгаа аюул заналын үүднээс өөрийгөө хамгаалах хэмжээгээр Франц хөдлөх нь манай талаас ердийн хэрэг гэж бид байнга ярьж ирсэн. Өнөөдөр бид түүнийг хийлээ” хэмээн сайд онцолжээ.
ДАЕШ гэж юуг хэлнэ вэ?
Исламын улс эсвэл “Ирак, Левантегийн Исламын улс (ИЛИУ) гэсэн нэрийн оронд ДАЕШ гэсэн томъёоллыг Францын засгийн газар албан ёсоор хэрэглэдэг. Утгатаа бол (al-Dawla al-Islamiya al-Iraq al-Sham) араб үгний эхний үсгүүдийн товчлол юм. ДАЕШ нэрийг Ойрх Дорнодын ИУ-ын эсрэг олон талууд хүлээн авч ашиглаж байна. Товчлол нь “ямар нэгэн юмыг няц гишгэх” гэсэн араб үгийн дуудлагатай адилхан сонсогдох бөгөөд алдартай домгийг санагдуулдаг гэнэ. Азрага Дахис, гүү Габра хоёрыг булаацалдсан омгуудын хооронд үүссэн дөчин жилийн дайны тухай домогт өгүүлдэг ажээ.
Парис террористуудын эсрэг эвсэлд өнгөрсөн жил нэгдсэн ч гэсэн Францын нисэх хүчин Ирак дахь ИУ-ын эсрэг анхны агаарын цохилтоо 2015 оны есдүгээр сарын 28-нд хийсэн юм. Францын зургаан онгоц АНУ-ын толгойлсон эвслийн хүчинтэй хамтарсан цохилтод оролцжээ. ИУ-ын эсрэг хийсэн агаарын цохилтоор францчууд АНУ-тай энэ зэрэгцэж чадахгүй нь ойлгомжтой гэхдээ тэдний оролцоо нь Ойрх Дорнодын хэрэг явдалд цэргийн хүчээ өргөтгөж байгааг илэрхийлнэ.
Ням гаригийн довтолгоон нь Вашингтон исламчуудын тухай тагнуулын мэдээллээ хуваалцахаар шийдсэний дараа болсныг The Wall Street Journal сонин тэмдэглэв. Францчуудын цохилтыг хөнгөвчлөх зорилгоор америкчууд ихээхэн хэмжээний тагнуулын мэдээллийг дамжуулсан нь Вашингтон Парисийг өөрийн итгэлтэй түнш гэж үзэж байгааг гэрчилнэ.
Ийм маягаар Парис “Ирак, Сири дэх исламчуудын байрлалд өгөх агаарын цохилтоо тагнуулын мэдээллийг ашиглан эрчимжүүлэх боломжтой” болж байна. АНУ, Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг орнуудыг нэгтгэсэн Five Eyes гэсэн тагнуулын мэдээлэл солилцох хөтөлбөрт Франц ордоггүй. Өнгөрсөн онд Францын цэргийнхэн АНУ, Британийн цэргийнхнээс тагнуулын холбоондоо нэгтгэхийг шаардаж байв. Сүүлийн үед Five Eyes холбоонд Парис нэгдэх шаардлагаа хэлж тэдэнтэй террористуудын талаарх мэдээллээ хуваалцахыг гуйх болсон байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР