НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

Хуучирсан мэдээ: 2020.03.25-нд нийтлэгдсэн

НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

НАМУУДЫН МӨРӨӨДЛИЙН ХӨТӨЛБӨР: Үнэгүй орон сууц, 5 саяын цалин

Үнэгүй орон сууцтай болгоно, монголчуудын сарын цалинг таван сая төгрөгт хүргэнэ, зээлийн хүүг бууруулна. Чихэр амтагдсан гоё мөрийн хөтөлбөрүүд,  танил хоосон амлалтууд. Намууд ёстой л уралдаж амлаад, хулхиддаг дээрээ ирчихжээ. Улс төрийн намууд өчигдөр мөрийн хөтөлбөр гэхээсээ мөрөөдлийн жагсаалтаа танилцууллаа.  Сонгууль болгоны өмнө намууд сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулаад сурчихсан, иргэд нь ч энэ мэт амлалтад  цадтал "бялуураад" үлддэг нь Монголын улс төрийн үзэгдэл хэвээр байгаа нь гунигтай бас гутамшигтай. Эндээс харахад ирэх дөрвөн жилд Монголд юу ч өөрчлөгдөхгүй шинжтэй.

Гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. . УИХ-ын сонгуульд оролцох намуудын хувьд хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө нягтлуулахаар Аудитын ерөнхий газарт хүргүүлэв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.5-д сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлнэ хэмээн заасан байдаг. Мөн хуулийн 38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна гэж заасан. Энэ дагуу өчигдөр нийтдээ зургаан нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн гэв. Харин аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛСЭН НАМУУД:

  • Монгол ардын нам
  • Ардчилсан нам
  • Та бидний эвсэл /МАХН, ИЗНН, МУНН/
  • Шинэ эвсэл /ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,  Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намууд нэгдэж, эвсэл байгуулсан/
  • Зөв хүн электорат эвсэл /ХҮН, МСДН, Зүй ёсны намууд нэгдэж, эвсэл байгуулсан/

Улс төрийн нам, нэр дэвшигчдийн хувьд ээлжит сонгуульд ямар хөтөлбөр боловсруулж, юу хийх, ямар төлөвлөгөө гаргахаас сонгогчид сонголтоо хийдэг. Өөрөөр хэлбэл, сонгогч, ард түмнийхээ төлөө юу хийх вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөө тусгаж танилцуулдаг. Үндсэндээ нам, нэр дэвшигчийн нүүр царай, бодлого нь байх ёстой. Өнгөрсөн удаагийн сонгуулиудын амлалтыг эргэн санахад улстөрчид хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар сонгогчдоо хуурдаг байсан. Энэ удаад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт энэ хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтууд хөвөрчээ.

МАН АЛСЫН ХАРАА-2050:

Мөрөөдлийн жагсаалтыг Монгол ардын нам тэргүүлж байна. Тэд дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийн орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулах зэрэг амлалтуудыг багтаажээ.  Гэхдээ тэд мөрийн хөтөлбөртөө популист амлалтууд байхгүй гэж тодотгоод буй. МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгажээ.

АН МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО:

-Тус намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Ардчилсан нам цалин, бодит орлогын дунджийг гурван саяд хүргэнэ гэж ам нээв. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт Монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлтийг авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, Монгол айл өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Цалин, дундаж орлогын хэмжээг  3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө гэж тодотгосон.

ТА БИДНИЙ ЭВСЭЛ ГУРВАН БАЯЛАГ:

– Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр нь “Гурван баялаг” нэртэй. Монгол хүний дундаж цалинг 5 саяд хүргэнэ. Дээр нь монгол өрх бүрийг орон сууцанд амьдруулах таатай нөхцөл боломжийг бий болгоно. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийн боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа

ЗӨВ ХҮН ЭЛЕКТРОТ ЭВСЭЛ:

-Хүндээ хөрөнгө оруулъя, технологийг түрүүлж эзэмшье, байгальд ойр Монголоороо байя, баялагаа баялаг болгодог эдийн засаг, цэвэр төр гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байна. “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлогыг тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж тэнд байна.

Сонгогчдод мөнгө, эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрх олгохыг ХОРИГЛОНО

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД:

  •  38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:
  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал
  • 38.4.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

Энэ мэтчилэн мөрөөдлийн хөтөлбөр үргэлжлэх байх. Одоогоор сонгуулийн сурталчилгаа эхлээгүй учраас намуудын мөрийн хөтөлбөр “нууц” байгаа. Гэвч олон нийтэд мэдэгдэж, мэдээлэгдсэнээс нь харахад монголчууд ахиад л хууртаж, хулхидуулах нь тодорхой болов.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, иргэдэд аливаа хишиг, хувьтай адилгах зүйл, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, иргэдэд үнэ төлбөргүй эсвэл хямдралтай үйлчилгээг санал болгож болохгүй. Энэ хуулийг нийгмийн даатгал төлдөг иргэдийг орон сууцжуулах, зээлийн хүүг бууруулах зэргийг амлаж буй эрх баригчид өөрсдийн гараар баталсан гэдгийг энд тодотгоё. Гэвч, улстөрчид хэзээ байтлаа хуулиа биелүүлдэг байлаа даа. Намуудын хөтөлбөрийг харахад Монгол Улс хөгжиж, урагшлах шинж алга. Харамсалтай нь, сонгогчид одоо гэнэн байхаа болсон. Том амалсан нь биш зөв бодлого ярьсан нь ялна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж