“Ардчилсан нам дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ”

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

“Ардчилсан нам дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ”

“Ардчилсан нам дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ”

Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө өнөөдөр /2020.03.24/ Үндэсний аудитын газарт албан ёсоор гардууллаа.


Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн талаар ярихдаа “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр байгалийн баялагаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн дундаж цалин, бодит орлогыг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэв.

“ХОЁР УДАА ЦАХИМААР ХУРАЛДАЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА”

Ерөнхий сайд асан, Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал “Бид сая Үндэсний аудитын байгууллагад намынхаа мөрийн хөтөлбөрийг гардууллаа. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол хуулиараа тав хоногийн дотор аудитын байгууллага хуульд нийцсэн эсэхийг үзэж, харчихаад шаардлага хангасан эсэхийг мэдэгдэнэ. Тэр бүхний дараагаар бид намынхаа мөрийн хөтөлбөр дотор хөгжлийн ямар бодлого багтсан талаар дэлгэрэнгүй ярьж болно. Бид хөгжлийн бодлогынхоо төвд өрх гэрийг тавьж байна.

Бид Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж, хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн намынхаа мөрийн хөтөлбөрөө боловсруулж, гардуулж байна. Манай намын Үндэсний бодлогын хорооноос хоёр удаа цахим хурал хийж, нийт 90 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, мөрийн хөтөлбөрөө баталлаа" гэв.

Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч мөрийн хөтөлбөртөө тусгаснаараа онцлог гэдгийг тус намын төлөөлөл хэлж байсан юм.

Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтаж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар зургаан нам, нэг эвсэл Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө гардуулаад байгаа ажээ.

“ҮНДЭСНИЙ АУДИТЫН ДҮГНЭЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НААС ӨМНӨ ГАРАХ ЁСТОЙ”

Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис мэдээлэл өгөхдөө “Бид нам, эвсэлийн мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргана. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 38.5 дугаар зүйлд заасны дагуу “Сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслүүд мөрийнхөө хөтөлбөрийг Үндэсний аудитын газар өгч, аудит хийлгэхээр хуульчилсан байдаг. Энэ хуульд “Нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалтай нийцсэн байх ёстой. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудад нийцсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аливаа нэг нам, эвсэл мөрийнхөө хөтөлбөрийг хийж, хэрэгжүүлэхдээ улсын төсвийг савлуулахгүй, тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг хуульчилсан.

Мөн Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон хэд хэдэн зохицуулалт бий. Тухайлбал, мөнгө, эд хөрөнгө тараах, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах гэх мэт энэ төрлийн амлалт өгөхийг хориглосон байдаг. Энэ хуулийн 38.1 зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр байх ёстой гэж заасан. Түүнээс урт хугацаатай бол дүгнэлт өгөх боломжгүй. Бид нам, эвслээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг үзээд, хууль тогтоомжид нийцээгүй бол нийцүүлэх талаар дүгнэлт гаргаж буцаана. Ингээд нам, эвслүүд тав хоногийн дотор хууль тогтоомжид нийцүүлэн буцаан ирүүлнэ. Үндэсний аудитын дүгнэлт дөрөвдүгээр сарын 25-наас өмнө гарах ёстой. Өнөөдөр мөрийн хөтөлбөрөө өгөх сүүлчийн өдөр. Одоогийн байдлаар улс төрийн зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө гардуулаад байна. Үндэсний аудитын газар өнөөдөр уртасгасан цагаар ажиллаж, нам эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна. Хэрэв хугацаа хоцорсон тохиолдол мөрийн хөтөлбөрийг хүлээн авахгүй. Мөрийн хөтөлбөр хүлээн авах хуулийн хугацааг улс төрийн нам, эвсэлд урьдчилан сануулж, зөвлөсөн” гэдгийг яриандаа онцлон хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж