Сонгууль 2020: Өвөрхангайд "өнгийн солонго" татна

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Өвөрхангайд "өнгийн солонго" татна

Сонгууль 2020: Өвөрхангайд "өнгийн солонго" татна

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймгийг онцолж байна.


УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Өвөрхангай аймагт гурван мандат ногдуулсан. Хүн амын хувьд 117 мянга 112, харин санал өгөх насны 72 мянга орчим иргэн бий.

Өвөрхангай хэзээнээсээ өрсөлдөөн ихтэй тойрог байсан. Энэ удаа ч мөн адил ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт 2004, 2008, 2012 онуудад АН ялалт байгуулж байсан бол 1992, 2000, 2013, 2016 онуудад МАН-ын олонх ялалт байгуулж байсан түүхтэй.  2016 онд Өвөрхангайчууд МАН-ын гишүүдэд 100 хувь итгэл үзүүлсэн.

Өвөрхангай аймаг 2016 оны УИХ-ын сонгуульд мөн гурван мандаттай байсан. 19 дүгээр тойрогт МАН-аас Я.Содбаатар, АН-аас Н.Батцэрэг, МАХН-аас Б.Эрдэнэбилэгт нар өрсөлдөж, Я.Содбаатар 53.1 хувийн санал авч ялалт байгуулсан. Харин 20 дугаар тойрогт Д.Тогтохсүрэн /МАН/, Д.Жаргал /АН/, МАХН-аас Ё.Бямбатогтох нар өрсөлдөж, Д.Тогтохсүрэн УИХ-д сонгогдсон юм. Мөн хориннэгдүгээр тойрогт С.Чинзориг, С.Дэмчиг, Ц.Цэндээ нар өрсөлдөж, С.Чинзориг олонхийн санал авсан УИХ-д сонгогдсон.

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт гурван мандатын төлөөх өрсөлдөөн ширүүн болох нь. Тус тойрогт эрх баригч МАН-аас УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХНХ-ын сайд Д.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар нэр дэвшинэ. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд дахин даагаа нэхэхгүй бололтой. Ирэх 2020 оны сонгуульд өрсөлдөхгүйгээр, намынхаа сонгуулийн төв аппаратад ажиллаж, нам нь олонх болбол Засгийн газрын гишүүнээр ажиллах тохироо хийсэн гэх сурагтай.

Д.Лүндээжанцаны хувьд 1992-2004 он хүртэл тасралтгүй Өвөрхангайгаас УИХ-д суусан. Түүний хувьд энэ жил нутагтаа хүч үзэхээр шийджээ. Тэрбээр 2008 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр ажилласан бол 2016 онд Баянгол дүүргээс сонгогдон ажиллаж байна.

МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар найм, Засаг даргаар найм, МАН-ын хорооны даргаар 16 жил ажилласан. Нэг аймгийг хамгийн олон жил удирдсан мөн хамгийн их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн хүн хэмээн нутгийнхан нь сайшаадаг. Энэ утгаараа Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж буй хүмүүс дундаас хамгийн өндөр рейтингтэй, гол өрсөлдөгч нь  Д.Тогтохсүрэн.

Тэгвэл Өвөрхангайн тойрогт АН-аас нэр дэвшихээр горилж буй хэд хэдэн хүн байна. АН-аас өмгөөлөгч О.Алтангэрэл, Асашёорюү Д.Дагвадорж, С.Дэмчиг, Ч.Даваабаяр нарын нэрс яригдаж байна. Өмгөөлөгч О.Алтангэрэлийн хувьд Өвөрхангай аймгийн АН-ын хорооны даргаар ажилладаг. АН-ын үнэнч гишүүн бөгөөд Ардчилсан хүчний холбоонд харьяалагддаг байв. Мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул нэгэн юм. О.Алтангэрэлийг АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын тун ойрын хүн нь гэдэг.

Асашёорюү Д.Дагвадорж сонгуулийн бэлтгэлээ эртээс базааж, ялангуяа Хархорин, Хужирт сумыг сайтар “усалж” ирсэн. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул.

Дараагийн горилогч болох С.Дэмчиг нь 2012-2016 онд АН-ыг эрх барьж байх үед тус намын УИХ дахь бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан. 2020 оны сонгуулиар төрсөн нутаг Өвөрхангайдаа нэр дэвших сурагтай. Тэрбээр 1986 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. С.Дэмчиг сүүлийн үед сураггүй болсон ч сонгуулийн бэлтгэлээ базааж байгааг түүний ойрын хүн нь хэлэв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр мөн Өвөрхангай аймагт горилж буй. Түүнийг З.Энхболдын хүн гэдэг. Ч.Даваабаяр 2016 оны сонгуулийг угтаж тойргоо хамгийн их усалж, өөрийгөө таниулах бүхий л арга чаргаа хэрэглэж байсан тэрбээр сонгуулийн өмнөхөн нь нэр дэвшихгүй мэдэгдсэн нь тохиргоо хийсэн гэдэг. Түүний оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нэр дэвшиж ялагдсан билээ. Энэ жилийн УИХ-ын сонгуульд Ч.Даваабаяр нэрээ татахгүйгээр өрсөлдөхөөр шийджээ.

Мөн Өвөрхангай аймагт ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нэр дэвшинэ гэх мэдээлэл бий. Тэрбээр өрсөлдөгчдөө харлуулах зорилготой хэд хэдэн удаа мэдээлэл хийж, нэвтрүүлэг хүртэл зохион байгуулалттайгаар бэлтгэж, Өвөрхангайн тойрогт нэр дэвших санаархлаа ил, далд илэрхийлээд амжсан. Түүний хувьд 2004, 2008 онуудад Өвөрхангайчуудыг төлөөлж УИХ-д суусан хэдий ч түүнд Өвөрхангайчууд тун ам муутай байдаг. Тэгэхээр ялагдах нь ойлгомжтой тойрогт очихгүйгээр өөр нэгэн аймагт хүч үзэхийг үгүйсгэхгүй.

ӨВӨРХАНГАЙ АЙМГААС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД:

1992 онд: Д.Лүндээжанцан  МАХН, О.Батмөнх МАХН, Ж.Батсуурь МАХН, Ш.Батбаяр МАХН

1996 онд: Х.Дашзэвэг АХ эвсэл, Р.Бадамдамдин АХ эвсэл, Д.Лүндээжанцан МАХН, Ш.Батбаяр МАХН    1992,

2000 онд: Д.Сугар МАХН, Д.Дэмбэрэлцэрэн МАХН, Д.Лүндээжанцан МАХН, Б.Эрдэнэбилэгт МАХН

2004 онд: З.Энхболд АН, Г.Батхүү АН, Р.Бадамдамдин АН, Д.Лүндээжанцан МАХН  2004, 2008, 2012

2008 онд: Г.Батхүү АН, Д.Зоригт АН, З.Энхболд АН, Д.Лүндээжанцан МАХН

2012 онд: Г.Батхүү АН, Д.Зоригт АН

2016 онд: С.Чинзориг МАН, Я.Содбаатар МАН, Д.Тогтохсүрэн МАН

2020 онд?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж