Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр ил захидал бичжээ. Ил захидал учир олон нийтээс нуух юм байхгүй гэсэн үг. Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн Б.Жаргалсайханд хаягласан захидалдаа С.Баяр “Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр яваа”-гаа онцлоод “Бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга” гэх үгээр төгсгөж.
С.Баяр ч, С.Баярцогт ч Оюутолгойн төслийг хөдөлгөсөндөө харамсал ярьж байсан удаа байхгүй юм. Эсрэгээрээ энэ төслийг хөдөлгөснөөр Монголын эдийн засаг хэд дахин тэлсэнд бахархдагаа хэзээ ч нууж байсангүй.
“Би бол Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга, мянган хүүхэд багачуудын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин хангамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна” гэх С.Баярын байр суурь ийм л байсан, байсаар ч байх болов уу.
“Оюутолгойн гэрээг байгуулснаараа янз бүрийн муу нэр дуулж, хардагдаж яваа нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ энийг би цаг зуурынх гэж боддог. Гэрээ хийсэнтэй холбогдуулж Оюутолгойгоос мөнгө авсан зүйл надад огт байхгүй. Харин би Оюутолгойн гэрээнээс юу авч үлдсэн бэ гэвэл эд, мөнгөөр үнэлж үл болох асар их мэдлэг, олон улсын том гэрээ, хэлцэл хийх том туршлага хуримтлуулж үлдсэн гэж болно. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг. Хийсэн энэ ажлынхаа төлөө өнөөдөр янз бүрээр хэлүүлж байгаа ч, хожмын өдөр бүх Монголчууд ойлгоно гэдэгт итгэж явдаг. Мэдээж, улс орныг олон арван жил тэжээх том төсөл одоогоор ганц энэ байгаа тул өнөөдөр ард түмнээрээ хэлэлцэж шүүж байна. Зуун хувь санал нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй л дээ”. Энэ бол Сангийн сайд асан С.Баярцогтын байр суурь. Тэрбээр саяхан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад хууль тогтоомж, УИХ-ын тогтоол шийдвэрүүдийг эмхэтгэн ном гаргасан билээ.
Тиймээс Оюутолгойн гэрээ муу болсон гэж улстөрждөг хүмүүс ядаж түүний гаргасан номыг олоод уншчихвал их олон талын ойлголт авах байх. Товчхондоо, 10 жилийн турш сайн муугаар яригдаж ирсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх олон асуултад тэрбээр энэ номоороо дамжуулан бодит мэдээлэл өгөхийг зорьжээ.
Үнэндээ, тухайн үед Х.Баттулга улс төрд шинэ, Ж.Батзандан гудамжинд алхаж яваагүй бол Оюутолгойн төсөл одоогийн Тавантолгой шиг улс төрөө даахгүй унах магадлал маш өндөр байсан. Ийм эрсдэл дундуур туучиж гэрээ байгуулснаа С.Баяр “Жар хоног, жаран бутархай” номондоо дурдсан бий.
Оюутолгой гэрээг Монгол Улс 11 жилийн өмнө үзэглээгүй байсан бол өдгөө монголчууд цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх байсан нь бодит үнэн. Монголын 180 мянган төрийн албан хаагчийн цалинг, 300 мянга гаруй ахмад настны тэтгэврийг тавьж буй том татвар төлөгчдийн нэг нь Оюутолгой болсонтой маргашгүй.
Харин өнөөдөр тогоотой хоол руугаа нулимах хүн олон болжээ. Гэрээний төслийг нь унших байтугай үсэглэж үзээгүй хүмүүс С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хараагаад сууж байна. Тэрч бүү хэл тэднийг өнөөдөр гаргасан шийдвэрээсээ болж толгой цусдах дээрээ тулчхаад байгаа билээ. Учир нь, Монголын хууль хүчнийхэн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” зүйл ангиар С.Баяр, С.Баярцогт нарт ял тулгаж, С.Баярыг 60 хоног, С.Баярцогтыг 73 хоног 461-д саатуулсан. Одоо энэхүү зүйл ангиа өөрчлөөд “үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан” хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Үндсэндээ Оюутолгойн гэрээ эдийн засгийн биш улс төр болж хувирсан.
Учир нь, прокурор тэднийг яллахын тулд яллах даалгавар авсан нь яллах дүгнэлтээс нь ч, С.Баярын захидал, С.Баярцогтын ярилцлагаас ч уншигдаж байна.
Оюутолгойн гэрээг огт өөрчилж болохгүй гэж тэд хэлээгүй, гэрээнд ч тийм үг, өгүүлбэр байхгүй. Тэгж ярих юм бол гэрээг өөрчлөх боломж өнөөдөр ч нээлттэй, Монгол Засгийн газрын эзэмшиж буй 34 хувиа зараад роялти авахыг тэд зөвлөдөг, монголчууд анх удаа бие дааж хийсэн энэхүү гэрээнд алдаа, оноо бийг ч хэлдэг. Хамгийн гол нь Монголын төр ажил даалгасан хүмүүсээ зохиомлоор яллаад байвал Монголын эрх ашгийн төлөө зүтгэх хүн олдохгүй болно. Төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үгийг төр өөрөө амилуулах ёсгүй билээ.
Монголын эдийн засаг өдгөө дөрөв дахин тэлсэн нь Оюутолгойн төслийн гол өгөөж. Өнгөрсөн хугацаанд тус төслөөс Монголд 10.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Татвар хураамж хэлбэрээр 2.6 тэрбум ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж, 17 мянган монгол хүнийг ажилтай болгож, дотоодын аж ахуйн нэгжүүдээс 3.1 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ.
Энэхүү төслийг зогсоох, эсвэл булааж авах сонирхол их гүрнүүдэд бий л байх. Оюутолгой эдийн засгаас гадна үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой төсөл юм. Тиймээс төслийг гацаахын тулд Монголыг төлөөлж ажилласан болгоныг “шоронд хийх” захиалгат ажиллагааг Төрийн ордны зүүн жигүүрээс удирдаж байх вий гэсэн хардлага бий.
Шалтгаан нь 2019 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай Хятадын коммунист намын дарга нар танилцаад буцсан мэдээ цацагдсан билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай авхуулсан хятад дарга нарын зурагтай мэдээний араас олон нийтийн сүлжээнд “Авах эзэн нь адууныхаа зүс, шүдтэй танилцаад буцсан” тухай ам яриа ч олон нийтийн сүлжээнд сэвэгдэх болсон.
Хэрэвзээ энэ яриа үнэний ортой бол Монголын баялаг Орос, Хятадын гарт орно гэсэн үг. Монгол Улсын тусгаар тогтнол улам бүр эмзэгшинэ. Монголчууд дотооддоо байлдах тусам гадныханд ашигтай. Айлын нохой гадагшаа хуцахад манай нохой дотогшоо хуцна гэх зүйр үг бий. “Нохой нь нохой гэхдээ манай нохой” гэж хэлсэн хүн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай билээ.
Холбоотой мэдээ