Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

МАН –ын зүүд

Эрх барихаараа улстөрчид амьдралаас тасардаг гэдэг үг аргагүй л үнэн болоод байна. Бүтэн дөрвөн жил Засгийн эрх барихдаа хүн амаа орон сууцжуулж чадалгүй, хэдэн мянгаар нь ганц түрээсийн байран дээр дугаарлуулж чангалсан атлаа 2020 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө “Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэнийг орон сууцанд хамруулна” гэх амлалт өгсөн нь иргэдийн зэвүү, дургүй хоёрыг хөдөлгөж эхлэв.

Орон сууцтай болохыг хүссэн иргэдийн олонх нь гэр хороололд амьдардаг.  Ядаж л хашааны газраа байраар сольж, хөрс, агаарын бохирдолгүй орчин нөхцөлд үр хүүхдээ амьдруулмаар байна гэдэг шаардлага тавин жагсахад цагдаа нар бороохойдохоос наахнуур хүчийг үзүүлж,  Сүхбаатарын талбайгаас хөөснийг нь эрх баригчид мартан, сонгуулийн чимээнээр хайр зарлах нь тэр. Энэ янзаар бол удахгүй илүү байрандаа оруулъя гэж ярьж магадгүй нь шүү.

Байрны хэрэгцээ шаардлагатай иргэдийн олонх нь өнөөдөр орлого багатай хөдөлмөр эрхэлдэг. Хувиараа голдуу ажил хийдэг учраас  Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь ч тоотой. Өнөөдрийн олсноо өдөрт нь зарцуулж, маргаашаа олохоор дахиад л өнөөх орлого багатай ажлаа үргэлжлүүлдэг тул нэг хэсгийг нь түрээсийн байрныхаа төлбөрийг төлөх чадавхитай болгох, мөн зарим хэсгийг нь ипотекийн зээлд хамрагдан, зээлээ төлөх боломжтой байх ажлын байраар хангах нь чухал юм.

Тэртэй тэргүй Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсэг нь ипотекийн зээлд хамрагдчихсан тул хэрэгцээ байхгүй, харин амьдрал мэдэхгүй эрх баригчдад бол байртай болгочихмоор л хэсэг харагдаад буй бололтой.

За тэгээд энэхүү мөрийн хөтөлбөрт нь дундаж давхаргыг бий болгоно гэдэг бас нэг үлгэр бичигджээ.  Дундаж давхаргад амьдарч байсан хэд нь төрийн буруу бодлогоос болж, эмзэг бүлэгт шилжиж, орлого багатай хэсэг нь нэмэгдсээр байхад дундаж давхарга бий болгоно гэж ярих нь сэрчихгүй бол сайхан л зүүд.

Уг нь сонгуульд амжилт үзүүлмээр байсан юм бол бүтээн байгуулалтаа дорвитой хийж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж ажлын байраар хангасан бол өнөөдөр арай нүүртэй байхгүй юу. Гэтэл Covid-19-өөс болж, аж ахуйн нэгжүүд хаалгаа захаасаа барьж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай болж байхад УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад эдийн засгаа аврах гарц ч хайхгүй хэрнээ сонгуулийн чимээнээр байртай болгоно гэх. Байранд оруулна хөтөлбөрт нь итгэнэ гэж бодоод буй юм байхдаа, горьдов оо.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж