390 орчим мянган ам.долларын санхүүжилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

390 орчим мянган ам.долларын санхүүжилт хийнэ

Японы элчин сайдын яамны хүндэтгэлийн өргөөнд тус улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр боллоо. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кидокоро Такүо, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг нар  оролцов.  Энэ удаад хүүхдийн болон эмнэлгийн байгууллагын орчинг сайжруулах, хөдөөгийн иргэдийн усны хангамжийг сайжруулах зэрэг төслүүдийг баталж байгаа аж.

Үүнд:
– Баянзүрх дүүргийн нэгдүгээр амбулаторийн өргөтгөл барих                                                            – Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн барилгын засвар                                                            – Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 12 жилийн сургуулийн засвар                                                                                                                                                  – Дорноговь аймгийн гурван суманд усан хангамжийг сайжруулах зэрэг төслүүдэд нийт 390 орчим мянган ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг “Энэ удаагийн гарын үсэг зурж буй төсөл хөтөлбөр нь бидэнд хэрэгтэй санхүүжилт боллоо. Учир нь манай дүүрэг нь 250 мянга гаруй хүн амтай. Эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай   нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Нэгдүгээр амбулаторийн өргөтгөл барих төсөлд 101 мянган ам.доллар, 52 дугаар цэцэрлэгийн барилгын засварт 90 мянган ам.долларын санхүүжилт хийгдэж байгаа.  Гүйцэтгэгч компаниудыг сонгоход Японы элчин сайдын яам чухал үүрэгтэй оролцсон бөгөөд тэднийг шалгаруулсан байгаатул засварын ажил удахгүй эхлэнэ.”

 Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг “Сайншанд сумын Зүүнбаян багт хүн амын төвлөрөл харьцангуй ихтэй, тэр ч утгарааа ерөнхий боловсролын сургууль бүрэн хүчээрээ ажиллах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас тус сургуулийг иж бүрнээр засварлахад шаардлагатай 133 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөнд баяртай байна. Түүнчлэн гурван сумын нутагт усан хангамжийг шийдэхэд 133 сая төгрөгийг буцалтгүй тусламж болгон олголоо. Говь нутагт усны хангамж хомс тул иргэдийн уух ус, бэлчээрийн усны хангамж зэрэг олон асуудал бий. Энэ асуудлыг шийдвэрлэхээр гурван суманд есөн худаг барих бөгөөд энэ ондоо багтаан иргэдэд хүлээлгэн өгнө.”

П.Наран

                                                                                                                                            

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж