УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын зорчигч тээврийн орлого 1.7 тэрбум төгрөгөөр тасалджээ

Коронавирусийн халдварын улмаас УБТЗ-ын зорчигч тээврийн салбар нь маш эмзэг байдалд оржээ. УОК-ын хуралдаанаар олон улсын галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. 2020 оны эхний гурван сард 574 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй УБТЗ-ын зорчигч тээвэр өнөөдрийн байдлаар 432 мянган зорчигч тээвэрлэсэн нь 150 мянган зорчигч тээвэрлэх боломжоо алджээ. Зорчигч тээврийн урсгал ийн саарсан тул  276 вагоны 90-100 орчмыг нь ашиглаж байгаа аж.

Энэ талаар УБТЗ-ын Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн хэлэхдээ “Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үндсэндээ зорчигч тээврийн урсгал багассан. Мөнгөн дүнгээр тооцвол, төлөвлөгөө 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан. Энгийн үед хоногт 8500 орчим зорчигч вагоноор үйлчлүүлдэг бол ачаалалтай үед 13 мянга хүртэл нэмэгддэг. Тэгвэл өнөөдөр хоногтоо 3200-3500 зорчигч вагоноор үйлчлүүлж байна. Зорчигчдыг урсгалаар нь авч үзвэл, 20 хувь нь Улаанбаатараас урагш чиглэлд, 80 хувь нь Улаанбаатараас хойш чиглэлд зорчдог” гэв.

 Өнөөдөр  “УБТЗ” орон нутгийн харилцаанд нэг зорчигчийг нэг километрт 30 төгрөгөөр тээвэрлэн үйл ажиллагаа явуулдаг. Харин нэг зорчигчийг нэг километрт тээвэрлэх тээврийн өртөг нь 52 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг гэсэн үг. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын зорчигч тээвэр жил бүр 25-30 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Мөн олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифыг дан ганц “УБТЗ”-ын зохицуулалтаар бус “Олон улсын харилцааны зорчигч тээврийн тариф”-аар зохицуулагддаг бөгөөд тус тарифын үнийг швейцар франкаар тогтоосон байдаг. Тодруулбал, “УБТЗ” өөрийн галт тэргээр гадаад улсууд руу (ОХУ, БНХАУ) зорчигч тээвэрлэхэд зорчигч тутмаас тухайн орны нутаг дээр зорчсон зайнаас хамааран швейцар франкаар тооцон “УБТЗ” төлбөр төлдөг. Жишээ татвал, УБТЗ өнөөдөр Улаанбаатараас ОХУ-ын Эрхүү хот руу 125 мянган төгрөгөөр 1 зорчигчийн билетийг борлуулж байна. Тус билетийн төлбөрөөс ОХУ-ын төмөр замд 71.77 швейцар франкыг тус улсын төмөр замаар явсны төлбөрт “УБТЗ” төлдөг. Өнөөдрийн Монголбанкны ханшаар энэ нь 203 мянгаа 217 төгрөг болж байна. Үүнээс үзэхэд ханшны зөрүүнээс шалтгаалан “УБТЗ” зорчигчоос ашиг олох бус харин ОХУ болон БНХАУ руу зорчиж буй зорчигчийн тээврийн хөлсний тодорхой хувийг өөрөөсөө гарган тээвэрлэн тус улсуудын төмөр замд төлж байна гэсэн үг юм. Энэ нь зорчигчийн тоо өсөх хэрээр зорчигч тээврийн алдагдал төдий чинээ өснө.

“УБТЗ” тээврийн тарифын алдагдлаа бууруулах зорилгоор ШӨХТГ-т хандан, 2018 оны гуравдугаар сар болон долдугаар сараас 3-30 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрөл авсан хэдий ч улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч тээвэрлэлт болон эрчим хүчний нүүрс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тарифын үнийг нэмэлгүйгээр өнөөдрийг хүрчээ.

Энэ бүх алдагдал нь УБТЗ-ын санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд саад болж, техникийн шинэчлэл хийх боломжийг нь хязгаарлаж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж байгаа юм.  Ийн алдагдалтай ажиллаж буй УБТЗ  ажлын байрыг тогтвортой хадгалж, зорчигч тээврийн салбарт нийтдээ 1700 орчим ажилчин ажиллаж байна.

Дэлхийн бараг бүх улс орнуудад зорчигч тээврийг бие даасан төмөр замын компани эрхлэн явуулж байдаг бөгөөд улсын төсвөөс татаас, дэмжлэгийг хангалттай түвшинд үзүүлдэг. Манайд энэ ачааллыг “УБТЗ” өөрийн нуруун дээр үүрч явдаг бөгөөд ард иргэдэд их хэмжээний алдагдалтай тарифаар үйлчилж, жил бүр ачаа тээврийн салбараас олсон орлогоосоо тус салбарт татаас болгон зарцуулж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж