ЭМЯ: Франц улсад Монгол хүн халдвар авсан мэдээлэл ирээгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Франц улсад Монгол хүн халдвар авсан мэдээлэл ирээгүй

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Monday, March 23, 2020

ЭМЯ цаг үеийн ээлжит мэдээллээ өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна. Өргөтгөсөн хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж байна. Иран, Итали, Испани зэрэг оронд халдвар эрчтэй тархсан хэвээр байна. ДЭМБ-аас хоёр метрийн зайнаас харьцах уриалга гаргасан. Энэ уриалгыг аж ахуй нэгжүүд хэрэгжүүлж байна. Тархалтаас гадна эмчилгээ, оношилгоо болон тархалтын хувьд өөр, өөр байна. Тухайлбал, “Diamond princess” онгоцонд халдваргүйтгэл маш сайн хийснээс 17 хоногийн дараа вирус илэрсэн байна. Европын олон улсад ор, тусгаарлах байр хүрэлцэхгүй, дэгдэлт хурдацтай байгаагаас хүчин мөхөсдөж байгаа.  Тэр дундаа Италид байгаа иргэд их ярилцаж байгаа. Бидний зүгээс дархлаагаа дэмжих, маск зүүж, гараа ариутгахыг зөвлөж байгаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески "АНУ нь Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 1.2 сая ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөг хандивлаж байна" гэв.

Энэхүү хандив нь цаг үеэ олсон чухал хандив болохыг Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица онцолсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс: Энэ тусламжийн хүрээнд хүүхэд, жирэмсэн болон ахмад настнуудад зориулсан мэдээллийг тусгайлан боловсруулан үндэсний хэмжээнд түгээх болно. Мөн тусгаарлалтад байгаа хүмүүс болон тэдгээрийн гэр бүлд зориулсан мэдээллийг хүргэнэ. Үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг зохион байгуулна. Сургууль, цэцэрлэг хаагдсантай холбоотой хүүхдүүд гэртээ байна. Мөн ажил, орлого алдаж буй айл өрхүүд бий. Өрхийг дэмжих чиглэлд арга хэмжээ авна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, тэртусмаа 24 цагийн цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүдэд нэн шаардлагатай хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Сургууль,  цэцэрлэг нээгдэх үед хэрхэн бэлэн байдлаа хангах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллана. Олон цагаар хичээл завсардсан хүүхдүүдэд туслах чиглэлд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. ХНХЯ болон Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран гэр бүлд ээлтэй бизнес эрхлэхийг ажил олгогч нартаа уриалах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлд зарим байгууллагууд ажилчдаа гэрээсээ ажиллах зохицуулалтыг хийж байгаад баяртай байна. Харамсалтай нь, 2020 оны эхээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн дүн гарсан. Энэ чиглэлд мөн тодорхой ажил зохион байгуулна. Өнөөдрийн нөхцөл өрхийн орлого буурч байгаа тул нэн шаардлагатай эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг өрхүүдэд олгох чиглэлд туслахад бэлэн байна. Дээрх ажлыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүмүүстэй өнөөдөр  уулзаж, ажлаа хэрхэн зохион байгуулах талаар ярилцах болно.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ДЭМБ-ын гишүүн 195 орон байгаагаас 194-д коронавирусийн халдвар тархсан байна. Коронавирусийн халдварыг хөлбөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт хэрэгтэй байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн хэлсэн.  Монгол Улс нэгдүгээр сарын 3-аас хойш, анх мэдээ авснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдварын 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад бүртгэгдсэн. АНУ-ын тусламжийг үр дүнтэй зарцуулах болно гэдгийг хэлье.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сараас хойш нийт 3325 хүн тусгаарлагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 34, Дархан-Уул аймагт  дөрөв, Сэлэнгэд хоёр, Дорнодод 18 иргэн ОХУ-тай хиллэдэг хилээр орж ирж, ажиглалтад орсон байна. Ажиглалтад байгаа иргэдтэй хамт тусгаарлалтад 297 хүн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Халдвар эхээс урагт дамжих, төрөлхийн гажиг бий болох гэсэн зүйл одоогоор нотлогдоогүй байна. Халдвартай иргэн амны хаалтаа зүүн, хүүхдээ хөхүүлж болно.

ОРХОН, СЭЛЭНГЭД НИЙТ ГУРВАН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БИЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 19-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо 200 гаруй хүнээс сорьц авч шинжилнэ. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр /2020.03.23/орж ирсэн зорчигчдоос Орхон аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт гурван тохиолдлыг сэжигтэй гэж үзэн ажиглалт хийж байна. Сорьц Улаанбаатар руу гарсан .

Сэтгүүлч: Франц улсад монгол иргэн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Франц улсад монгол хүн халдвар авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин Монгол Улсын хоёр иргэн өмнө нь БНСУ-д коронавирусийн халдвар авч, эдгэсэн гэсэн албан мэдээ бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж