Монголбанкинд 12,8 тонн алт тушаажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголбанкинд 12,8 тонн алт тушаажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Монголбанкинд 12,8 тонн алт тушаажээ

Энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар 12.8 тонн алт тушаасан гэж төв банкнаас мэдээлсэн байна. Энэ хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.9 хувиар өссөн байна. III улирлаас алт тушаалт эрчимжиж нэг сарын хугацаанд Монголбанкны худалдан авч буй алтны хэмжээ 2.6-2.7 тонноор хэмжигдэх болжээ. Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэнээр гадаад валютын албан нөөц өсөх боломжийг нэг талаараа олгодог. Харин Гаалийн ерөнхий газрын мэдээллээр аравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улс Швейцарь болон Их Британид 9.5 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон байна. Энэ нь үнийн дүнгийн хувьд 356.6 сая ам.доллартай тэнцэж байна. Экспортод гаргасан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөхийн зэрэгцээ үнийн дүнгийн хувьд ч нэмэгдсэн байна. Олон улсын зах зээлд алтны ханш хөрөнгө оруулагчдын хандлагаас хамаарч хэлбэлзэлтэй байгаа төдийгүй 2016 онд АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогоос хамаарч хямдарна гэх хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж байна. Харин дотоодын олборлогч аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн таатай үеийг ашиглан эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгох санхүүжилтийн эх үүсвэр 2013 оноос яригдаж эхэлсэн ч 2016 оноос олгохоор болоод байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк 14 сарын хугацаатай, 9 хувийн хүүтэй 256 тэрбум төгрөг хүртэлх зээлийг арилжааны банкуудаар дамжуулан алт олборлогчдод олгохоор шийдвэрлээд байгаа юм. Санхүүжилтийн 128 тэрбум хүртэлх төгрөгт Засгийн газар баталгаа гаргах юм байна.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс