“Энх цагт явчихаад эрсдэл тээж эх орондоо очихгүй”

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

“Энх цагт явчихаад эрсдэл тээж эх орондоо очихгүй”

“Энх цагт явчихаад эрсдэл тээж эх орондоо очихгүй”

Хилийн чанадад байгаа монголчууд эх орондоо очих хүсэлтийг гаргаад байгаа бол зарим нь “Бид буцахгүй” хэмээх эх орондоо халдварын эрсдэл дагуулж очихгүйн төлөөх цахим уриалга бий болгоод байна. Тухайлбал, Би буцахгүй. Өөрөө л ирсэн юм чинь эндээ хувь тавилантайгаа эвлэрнэ. Энхийн цагт нутгаасаа гарсан, эргээд нутагтаа амар амгалан очно. Эpcдэл тээж эцэг, эх, гэр бүл, элгэн садан,эx оpoн руугаа би буцахгүй. Эндээ үлдэж aюyлт өвчнийг нaмдтaл тэcэx бoлнo. Эх нутагт 60 мянган хүн бүү хэл нэмээд 600 хүн авах ч боломжгүйг бид бүхэн мэднэ. Ийм хүнд цаг үед ухаалаг эх оронч шийдвэр гаргахыг бусад эх оронч монголчууддаа уриалж байна. Хүчээ нэгтгэе Монголчуудаа”  хэмээн давалгаалж байна. Уг уриалгад нэгдээд буй Д.Үүрцайхтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.


-Хилийн чанадад байгаа монголчууд тусгай үүргийн онгоцоор ирж авахыг хүсч байхад та эх орондоо халдварын эрсдэл дагуулж очихгүй гэж өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн байсан. Таны хувьд Испанид ямар зорилгоор, хэзээ очсон бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Үүрцайх гэдэг. Би Испани улсын Мадрид хотод ажиллаж амьдрах эрхтэйгээр ирээд дөрвөн жил болж байна.

-Испанид одоогоор хэр олон монголчууд байгаа бол. Тэд нар маань ямаршуухан аж төрж байна даа?

-Испанид хэдэн монгол хүн байгаа талаарх албан ёсны тоо одоогоор байдаггүй. Энд Монгол Улсын Элчин сайдын яам, өргөмжлөлт консул байдаггүй. Тиймээс энд асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй, Франц дахь Монгол улсын ЭСЯ-нд хандаж цаг хугацаа болон санхүүгээрээ хохирдог. Ойролцоогоор 1000-д монголчууд байдаг байх. Зарим нь бичиг баримтгүй хараар амьдардаг. Нөхцөл байдлаас шалтгаалаад зарим хүн тавдугаар сар хүртэл ажилгүй болоод байгаа бол зарим нь ажлаасаа халагдсан. Түрээсийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй хэцүү л байгаа байх. Энэ байдал удаан үргэлжилбэл ер нь их хэцүүдэх шинжтэй. Расист үзлүүд бас их гарч байгаа.

-Covid-19-ийн халдвартай холбоотойгоор Испанид одоо нөхцөл байдал ямар байна вэ. Хатуу хөл хорио тогтоосон уу?

-Сovid-19-н халдвар эрчимтэй тархаж, нас баралт ихэсч байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 14-26-ныг хүртэл хөл хорио тогтоосон боловч цаг үеийн байдлаас болоод дахин 14 хоног сунгагдсан. Хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг нь хэвийн ажиллаж байна. Гадуур гарах тохиолдолд зорилго тодорхойлсон бичигтэй явна. Гэр бүлийн нэгээс илүү хүн дэлгүүрээр үйлчлүүлэхгүй. Мөн бусдаас нэг метрийн зайтай явах гэсэн хатуу захирамжтай. Хэрэв зөрчвөл торгуультай. Гуравдугаар сарын 23-ны байдлаар 33089 тохиолдол илэрч, 2182 хүн нас барж, 3355 хүн эдгээд байна. Эмнэлгийн хүрэлцэхгүй байгаа тул зочид буудлуудыг бэлдэж, ашиглаж байна.

-Испанид саяхан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болж байсан байхаа. Эхэндээ халдвараас сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй юу?

-Хайнга хэнэггүй хандсаны гор одоо гарч байна. Саяхан буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эрхийн байгууллагын жагсаал болж, олон мянган эмэгтэйчүүд жагссан, мөн хөлбөмбөгийн тоглолт болсон. Энэ тэнд олноороо их бөөгнөрсөн. Мөн эндхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж нь  гарын ариун цэврийг л сахь гэж байсан. Өөрсдийгөө шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй гэсэн тохиолдолд маск зүү гээд зарласан болоод ч тэр үү монголчууд, энд байдаг Ази хүмүүс маскаа зүүж сэргийлж эхлэхэд гадуурхаж эхэлсэн.

-Танай ээж Испанид аялахаар очсон гэсэн үү. Ээж нь одоо хэдэн настай вэ. Сэтгэл санаа нь ямархуу байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ээж, дүү, эгч гурав маань хоёрдугаар сарын 13-нд урилгаар аялах гэж ирсэн. Буцах хугацаа нь тавдугаар сарын эхээр байсан. Ээж маань 70 настай. Сэтгэл санаа нь чилж санаа нь зовоод, даралт нь хэлбэлзээд л байгаад байна. Тэгсэн  ч хугацаандаа л буцъя гэсэн шийд гаргасан. Бидний бичиг баримт зөрчилгүй, хүссэн үедээ эх орондоо яваад очих боломжтой ч голомтод газраас вирус тээгээд, тээгч болоод очихыг үгүйсгэхгүй болохоор эндээ л горим зөвлөмжөө чанд сахиад энэ цар тахлыг даван туулахыг хичээж байна.

-Таны хувьд эх орондоо хэзээ ирж, хамгийн түрүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ?

-Зорьсон санасандаа арай хүрээгүй байгаа болохоор хэсэг хугацааны дараа эх орондоо очно. Очоод хүнс, хүнсний эрүүл ахуй, эрүүл нийгмийг бүтээлцэж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
193
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж