Цар тахал хэмээн нэрлэгдээд буй шинэ төрлийн коронавирус дэлхийн олон улсад эрчимтэй тархаж байна хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэлээ. Тэрбээр дэлхийд 300 мянган хүн коронавирусийн халдвар аваад буйг онцолсон ажээ.
“Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш бид 67 өдрийн дараа 100 мянга дахь тохиолдлыг бүртгэж байв. Үүнээс хойш 11 өдрийн дараа 200 мянга дахь тохиолдлыг бүртгэж байсан. Гэтэл 200 мянга дахь тохиолдол бүртгэгдээд ердөө дөрөв хонож байхад 300 мянга дахь тохиолдол бүртгэгдлээ" гэв.
Иймээс тэрбээр Их-20-ийн улс орны тэргүүн, Засгийн газарт хандан дэлхийн түвшинд төрийн зохицуулалт хийхийг уриалав. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалсан бөгөөд хүний амийг аварч болохуйц бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавихгүй байхыг хүсчээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 195 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 24-ны 07.00 цагийн байдлаар 378 мянга 394 хүн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан бөгөөд үүнээс 101 мянга 584 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлгээс гарсан бол 16 мянга 491 хүн амиа алдаад байна.
Коронавирусийн халдварын хоёр дахь голомт болоод буй Итали улсад өнгөрсөн шөнө 601 хүн амиа алдаж, коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо тус улсад 6077-д хүрэв. Харин 4789 хүн коронавирусийн халдвартай болох нь шинээр тогтоогдож, нийт халдвар авсан хүний тоо 63 мянга 927 болжээ.
Үүний зэрэгцээ, өнгөрсөн шөнө Испани улсад коронавирусийн халдварын улмаас 539 хүн амиа алдаж, 6368 хүн шинээр халдвар авсан нь батлагджээ.
Эх сурвалж: www.worldometers.info
Холбоотой мэдээ