“Covid-19-ийг эмчлэх зааврыг гаргасан” | News.MN

“Covid-19-ийг эмчлэх зааврыг гаргасан”

“Covid-19-ийг эмчлэх зааврыг гаргасан”

“Covid-19-ийг эмчлэх зааврыг гаргасан”

Монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан Covid-19-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг боловсруулжээ. Энэ талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаатай ярилцлаа.


-Жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа сулардаг. Энэ үед уламжлалт аргаар дархлааг хэрхэн сэргээх вэ? 

-Уламжлалт анагаах ухаанд эрүүл байх талаар сургасан сургаал номлолууд бий. Тухайлбал, бие, хэл, сэтгэлийн үйлийг эрүүл байлгахад хүний бие эрүүл байна гэж үздэг. Тэр дундаа сэтгэлийн үйл хамгаас чухал. Хүн эрүүл байх хамгийн чухал зүйл нь сэтгэлийн амар амгалан байдал. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж, янз бүрийн зүйл бодож зовохгүй байх, орчин үеийн хэллэгээр стресст орохгүй байх, хоорондоо дандаа сайхан үг хэллэгээр ярилцах, эерэг зүйлийн талаар бодох нь хүний сэтгэлийг амар амгалан байлгадаг. Сэтгэл амар амгалан байхад л хүн эрүүл саруул байна. Ингэснээр хүний дархлааны систем дэмжигддэг гэж үзэж байгаа.

Мөн өөрийн биед тохирсон идээ ундааг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар хаврын улирлалд хий махбодь хурж, бадгана махбод хөдөлж байдаг. Энэ үед бүлээн, хөнгөн чанартай хүнс хэрэглэх нь  зохимжтой.

-Тухайлбал?

-Идээ ундааны хувьд шинэ хонины мах, борцтой хийцтэй цай, шар, цагаан тосыг цайнд орхих зэргээр зохимжтой хэмжээгээр хэрэглэж болно. Явдал мөрийн хувьд хэт их ядрахгүй байх, сайн унтаж амрах хэрэгтэй.

-БНХАУ нь Covid-19-ийн халдварыг эмчлэхэд уламжлалт анагаах ухааны арга технологиос ашиглаж байгаа юм билээ. Шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ашиглаж болох Монголын уламжлалт анагаах ухааны аргаас зөвлөхгүй юу?

-Хятад улс нь уламжлалт анагаах ухааны арвин баялаг түүх, соёлтой ард түмэн. Монголын уламжлалт анагаах ухаан ч мөн адил арвин түүхтэй. Covid-19-ийн халдвараас дээр дурдсан идээ ундааны зам мөрөөр урьдчилан сэргийлж болно. Мөн эмээр энэ бүхнээс урьдчилан сэргийлж болно.

-Эмээр ээ, энэ нь хэр шинжлэх ухааны үндэслэлтэй вэ?

-Мана-4-ийг урьдчилан сэргийлэх журмаар ууж болно. Энэ эмийг ууснаар хүний биеийн тамир тэнхээ, дархлалын систем сайжирдаг. Би Мана-4-өөр туршилт, судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Мана-4 нь халуун буурдаг, дархлал, өвчин эсэргүүцэх чадвар сайжирдаг. Жишээ нь, хүний дархлааг дэмжээд өгөхөөр вирусийн гаралтай халдварт өвчний үед вирусийг өөрөө устгах чадвартай болно. Урьдчилан сэргийлэх журмаар уухад өвчин эмгэгийг хүнд хэлбэрээр тусахгүй. Уламжлалт анагаах ухаанд дархлааг дэмждэг зүйл нь Мана-4. Энэ эмийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уламжлалт эмийн үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа. Мана-4-ийг зааврынх нь дагуу гэр бүлээрээ хэрэглэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадна. Настай хүн хаврын улиралд 100 хүртэлх тунг ууж хэрэглэдэг.

Мөн манай хүрээлэн хүдрийн заарын судалгааг маш олон жил явуулсан. Энэ хүрээнд ханиад томуу, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүдрийн заартай энгэрийн зүүлт гаргаж авсан. Энэ зүүлтийг гурван сар зүүх боломжтой.

-Гэхдээ эм, тангаар хүний биеийн дархлааг сайжруулдаггүй гэж зарим эрдэмтэд, тэр дундаа дархлааг олон жил судалсан эрдэмтэн хүн хэлж байсан?

-Шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байгаа ч бүх зүйлийн учир зүйг тайлаагүй байгаа. Эрдэмтэн, судлаачдын дунд маргаантай байдаг сэдэв ч олон. Бид өнөөгийн нөхцөлд шинжлэх ухааны нарийн зүйлээр маргалдахаас илүүтэйгээр практикт үр дүнтэй байгаа зүйлийг ашиглах нь зөв. Уламжлалт анагаах ухаанд давуу зүйл олон бий. Одоогийн шинжлэх ухаанаар тайлбарлаж болохгүй зүйлүүд ч бий. Мөн сул, дутагдалтай зүйл ч бий. Аль өнцгөөс харахаас шалтгаалаад аливаа зүйлд туйлын ойлголт гэж байдаггүй. Энэ удаад бид судалгаанд суурилан хийсэн ажлын үр дүнгийн тухайд ярьж байна.

Covid-19-ийг эмчлэхэд Монголын анагаах ухааны салбар ЭМЯ-тай хамтран ажиллана гэсэн. Энэ хүрээнд яг ямар ямар ажил хэрэгжүүлэх вэ. Дээр дурдсан уламжлалтын аргуудаас ашиглах уу?

-Covid-19-ийн халдвар гарсантай холбоотойгоор Уламжлалт анагаах ухааны салбарын мэргэжлийн зөвлөл уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, энэ өвчнийг эмчлэх аргачлал, заавар гаргаж, Эрүүл мэндийн сайдаар батлуулсан.

Халдварт хижиг, вирусийн гаралтай амьсгалын замын өвчнийг эмчлэх арга технологи Монголын Уламжлалт анагаах ухаанд бичигдсэн байдаг. Үүнд зааснаар халдварыг гурван үе шатаар эмчилнэ. Өвчний эхний үе 3-7 хоногийн хугацаатай байдаг. Энэ үед Мана-4, Норов-7, гурван үрийн тан гэх мэт танг өвчний эхний үе шатанд ашиглана. Халуурч, зовуурлаж байгаа үед нь хурц үрэвсэл, уушигны халууныг дардаг, нян хижиг, бактер вирусийг устгадаг уламжлалт эм Зову-8, Банзда-12, Баатар-7, Гавар-25, Зову-5 зэрэг олон төрлийн эмүүдийг ашиглана.

Өвөр Монголын уламжлалтын эмч нараас зөвлөгөө авсан. Тус эмч нар Covid-19-ийн халдвараар өвчилсөн хүн дээр уламжлалт эмчилгээ хийсэн туршлагатай. Тэд Идэр-7, Зову-8, Банзда-12 гэсэн гурван эмийг үр дүнтэй байгааг онцлон хэлсэн. Тиймээс энэ төрлийн эмийн нөөцийг нэмэгдүүлж байгаа.

-Хунчир, чацаргана зэргийг соvid-19-өөс урьдчилан сэргийлнэ гээд иргэд нэг хэсэг шуугьсан. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Уламжлалт анагаах ухаанд есөн зүйлийн хунчрыг эмчилгээнд ашиглах талаар заасан байдаг. Энэ талаар эрдэмтдийн судалгаанууд ч бий. Дархлал сайжруулж, стресс тайлж, тайвшруулдаг, цусан хангамж сайжруулдаг зэрэг нь тогтоогдсон. Чацарганыг уушигны эмгэгийн үед, цэр ховхлох, ханиалга намдаах зорилгоор ашигладаг. Мөн эмэгтэйчүүдийн өвчний үед, цус шингэлэх зорилгоор хэрэглэдэг. Чацаргана нь маш өргөн найрлагатай, эрдэс бодис, витаминаар баялаг. Зарим эрдэмтэд байгаль дээрх эмийн сан гэж тэмдэглэсэн байдаг. Аньс, чацаргана нь амьсгалын замын өвчний үед чухал ач холбогдолтой. Тухайн үед ууж байгаа эм тангийн үйлчлэлд ч сайнаар нөлөөлдөг.

-Нийслэлийн иргэдийн хаврын хүнсний хэрэглээг нөөцийн махаар хангадаг. Мөн дулааны улиралд монголчууд борц хэрэглэдэг. Нөөцийн мах болон борц нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ. Чанарын хувьд шинэ махтай адил шим тэжээлтэй байж чадах уу?

-Монголчууд сэрүүн чанартай махаар буюу үхэр, ямааны махаар борц хийдэг. Борц нь бүлээн чанартайд тооцогддог. Бадгана хөдлөхөөс урьдчилан сэргийлж хавар бүлээн чанартай зүйл хэрэглэх ёстой гэж дээр дурдсан. Уламжлалт технологийн дагуу борцтой цай хийж уух зэрэг нь эрүүл мэндэд сайн. Махыг нөөцлөхдөө стандартын дагуу зориулалтын газар нь нөөцөлж байгаа болохоор шаардлага хангана гэж үзэж байна. Харин шинэ махтай адил байгаа эсэх дээр судалгаа явуулаагүй болохоор урьдчилан хэлж мэдэхгүй байна.

-Монголд 10 гаруй хүн Covid19-өөр өвчилсөн, иргэд халдвар авах эрсдэл өндөр байгаа энэ үед сэтгэл санаагаа хэрхэн тайван байлгах талаарх зөвлөгөөгөөр ярилцлагаа өндөрлөе?

-Юун түрүүнд тайван байх хэрэгтэй. Эдгээр тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөж орж ирсэн, цуг ирсэн хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан, бүгд ажиглалтад байна. Эрүүл мэндийн салбар, цагдаа, онцгойгийнхон маш сайн ажиллаж бүх зүйл хяналтад байгаа энэ үед өөрийгөө хий айдаст автуулах хэрэггүй. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч, гараа ариутгаж, тогтмол маск зүүх шаардлагатай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж