Бохиртоо "живсэн" айлууд

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Бохиртоо "живсэн" айлууд

Бохиртоо "живсэн" айлууд

Гэр хорооллын гудамжаар шар ус "үерлэжээ". Гудамжаар хүн байтугай автомашин ч явахын аргагүй. Гудамж тэр чигээрээ шар усанд автсан тул ойр хавийнхаа хогийг ч цэвэрлэх боломжгүй болжээ.

Сонгинохайрхан дүүргийн 40 хороо буюу Хилчин хотхоны арын хэсэгт булгийн ус ундарч, мөсний халиа үүссэн талаар бид өмнө нь сурвалжилсан. Үүнээс болж, айлуудын хашаа, байшин ус, мөсөнд автаж, орон гэртээ амьдрах ямар ч боломжгүй болсон талаар мэдээлсэн билээ.

Хавар болж, цаг агаар дулаарсан ч тус хорооны иргэдийн амьдрах нөхцөл хүнд хэвээр байна. Усанд автаж, хөлдчихсөн хашаа эхнээсээ гэсч, жорлонгийн бохиртойгоо урсана. Хашааны гадна болон дотор талд айлууд хогоо шуудайлж тавьсан ч ил задгай асгарсан байлаа. Зарим хог нь мөстэй барьцалдаж хөлдсөн учраас ачуулах боломжгүй болсон байв. Шавар шалбааг болсон гудамжаар ганц нэг хүн явж байхтай тааралдав.

“Өмнө нь энэ гудамжинд булгийн ус ундарч гардаггүй байсан. Гэтэл ойрын хоёр, гурван жил өвөл болохоор мөсний халиа үүсдэг болсон. Одоо энэ их мөс хайлахаас өмнө ачиж авч байна. Өнөөдөр машин ирсэнгүй. Булгийн ус ундарч, зузаан мөсөн бүрхүүл тогтсон байсан нь одоо хайлаад хүн явахын арга алга. Бараг ирэх долдугаар сар хүртэл л энэ мөс хайлж, ус урсдаг болсон” талаар тус хорооны иргэн Н.Баянмөнх ярилаа.

СХД-ийн 40 дүгээр хорооны иргэн Н.Баянмөнх

Иргэн Д.Батнуур “Манай арын хашааны айлын хогийг ачихгүй их удаж байна. Энэ хашаанд бие муутай ганц бие залуу амьдардаг юм. Хаалга нь онгойж болохгүй хөлдчихсөн учраас хогны машин ирсэн ч ачиж чаддаггүй юм. Зарим хогны машины жолооч нар мөнгийг нь өгвөл ачиж, цэвэрлэе гээд хөдөлдөггүй. Бас их устай нөхцөлд хогны машин явж, чаддаггүй. Ер нь манай энэ хавиар хогоо тогтмол ачдаг” гэв. Хэдийгээр иргэд хогоо тогтмол ачуулдаг гэсэн ч гудамжинд ил задгай хог, бохирдол ихтэй байгаа нь нүднээ илт.

“УСАНД АВТСАН 30 ОРЧИМ АЙЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА”

Тус хорооны байраар ороход хэсгийн ахлагч нар айл өрхийн хог ачуулахаар гарах гэж байсан юм. Энэ үеэр гуравдугаар хэсгийн ахлагч Р.Отгонбат ярихдаа “Манай хорооны 29 дүгээр гудамжинд булгийн ус ундарч, өнгөрсөн өвөл мөсний халиа үүссэн. Ойролцоогоор 30 орчим айл усанд автаж, 10-аад айл нүүлгүй хүндхэн нөхцөл байдалд амьдарч байна. Одоо хавар цагт цаг агаар дулаарч, мөсний халиа хайлаад ирэхээр бас л хүндрэлтэй болж эхэлдэг. Ялангуяа, бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ орж гарахад хэцүү байна. Тэр хэсгийн айлуудаар ариутгал хийхээр яригдаж байна. Одоохондоо ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн юм байхгүй.

Өнөөдөртөө хариуцсан хэсгийнхээ гудамжаар явж, хогоо цэвэрлээд, маргаашаас ариутгалд бүрэн хамрагдах гэж байна. Харин хог ачилтын хувьд өнгөрөгч нэг, хоёрдугаар сард 20 хоноод хогоо ачаад байсан. Одоо нэг хэсэг дээр хогны машин 2-3 хоног явчихаар бараг сар дотроо багтахгүй болох гээд байна. Зарим айлууд хог ачих болоогүй байхад л нүүрсний шуудайндаа хийгээд хашааныхаа гадна гаргаад хаячихдаг. Нийслэлээс зохион байгуулсан халдваргүйжүүлэлтийн дараагаар дахин айлуудын хашаа болгоныг ариутгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Усанд автсан айлуудад шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нэг ариутгал хийсэн бөгөөд одоо дахин хоёр дахь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх гэж байгаа талаар хорооны ажилчид хэлж байв.

“Одоо дэлхий нийтээр халдварт өвчин гарчихсан байхад бид өнөөдөр ийм эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Тэтгэврийн болон бага насны хүүхдүүд ихэвчлэн амьдардаг. Бид өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Ямар юмны халдваргүйжүүлэлт хийх вэ. Хаанаас ч арга хэмжээ аваагүй. Өвөл нь битүү мөсөөр хучигдаад, хавар болохоор шавар шалбааг дунд амьдарч байна” гэж тус хороонд 15 жил амьдарч буй иргэн Ё.Чимгээ учирлаж байлаа.

“САРД ХОГ АЧУУЛАХАД 30-40 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨДӨГ”

Бид үргэлжлүүлэн тус дүүргийн 24 хороо буюу Толгойт-Баруун салааны зуслангийн бүсийг зорьсон юм. Төв зам дагуу ТҮК-ийн ажилчид цэвэрлэгээ хийж байсан бол цааш зуслангийн зам явахад ТҮК-ийн ажилтан тааралдсангүй. Зуслангийн бүсэд хэд хэдэн газар ил задгай хогийн цэг үүсч, ойр орчимдоо тарсан харагдав. Зарим нь ууттай хогоо хоёр гурваар нь бөөгнүүлэн тавьжээ.

24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатараас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Захирагчийн албанаас айл өрх, хороодын гудамжаар ариутгал халваргүйжүүлэлт хийнэ гэдгийг хэлсэн. Өглөө 10.30 цагт олон нийтийн байцаагч нар явж, тэндээс машинаа хуваарилж, гудамжаар ариутгал хийнэ. Зуслангийн бүсийн цас сайн хайлаагүй байгаа учраас тусгай тоног төхөөрөмжтэй хүмүүс ариутгал хийнэ. Хур хог хаягдлын тухайд манайх сардаа нэг удаа хог ачиж байгаа. Манай хороо Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ" ОНӨААТҮГ-аар хогоо ачуулдаг. Хог ачуулахад сардаа 30-40 орчим сая төгрөг зарцуулдаг. Уг нь энэ сард хоёр удаа ирж, хог ачих ёстой ч заримдаа хоёр сар болж хогоо ачиж байна. Сонгинохайрхан дүүргийн хогийн баазуудын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл хуучирч, парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай болсон. Мөн дээр нь ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо муу байна.

Зуслангийн бүсэд иргэд хогоо ихээр ил задгай гаргаж хаядаг. Манай хорооны зуслангийн бүсэд дөрвөн хогийн цэг бий. Гэтэл тэр цэгтээ хогоо хаяхгүйгээр хаа дуртай газраа ил задгай хогоо хаях, хиймлээр хог хаягдал үүсгэх явдал их гарч байна. Жишээлбэл, барилга байшин барьсан хаягдал хог, аялж зугаалсан хогоо зам дээр тавьчихаад яваад өгдөг. Хорооны Засаг дарга, олон нийтийн байцаагч хог хаясан иргэдийг торгох эрхтэй ч иргэд шаардлагыг хүлээн авдаггүй” гэдгийг хэллээ.

“ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖААР 33 МАНАНЦАР ҮҮСГЭГЧ МАШИН АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА”

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өчигдөр /2020.03.23/ албаныхан мэдээлэл хийсэн. Уг мэдээллээр хотын даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар мэргэжилтнүүд хэлсэн юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.

Харин гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0.7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж