Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан хоол, усгүй болоход хүрчээ

Нийслэлчүүдийн уйдааг гаргах, хүүхдүүдийн нүд, сэтгэлийг баясгасан нэгэн газар нээлтээ хийгээд, багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол “Ulaanbaatar Zоо and Aquarium” амьтны хүрээлэн. Энд Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг акулаас эхлээд махчин загас пиранья, хоёр төрлийн бах мэлхий, дөрвөн төрлийн гүрвэл, цэнхэр өнгөтэй хавч хүртэл бий. Гэвч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр тус газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, 200 гаруй амьтан хоол, усгүй болох эрсдэлтэй нөхцөлд байгаа аж. Дээрх асуудлаар тус газрын менежер Х.Анараас тодрууллаа.

-“Ulaanbaatar Zоо and Aquarium”-ийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу. Нийт хэчнээн төрөл зүйлийн ан амьтан байна вэ?

-Манайх 2017 онд нээгдсэн. Одоогоор манайд 200 орчим нэр төрлийн амьтад бий. Үүнд 40 гаруй нэр төрлийн загас, 20 гаруй төрлийн далайн амьтан буюу акул, яст мэлхий, 20 гаруй хэвлээр явагч, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий. Амьтад гэвэл 30-40-өөд гаруй байгаа. Үүнд сармагчин, илбэнх, мануул гэх мэт багтдаг.

-Улсын онцгой комиссоос шийдвэрээр үйлчилгээний байгууллагыг хаасан энэ үед ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Хөл хорио тогтоосон хоёр сарын хугацаанд бидэнд тог цахилгааны төлбөр, дулаан, усны зардал гэх мэт урсгал зардал маш их гарч байна. Бид одоогоор ямар ч орлогогүй болчихсон байгаа. Тэгэхээр амьтдын хоол тэжээл, мал эмнэлгийн зардал, цалин хөлс, сургагч багш нарын цалин хөлс гээд олон асуудалтай нүүр тулж байна.

Хэдийгээр үйлчилгээ зогсонги байгаа ч сургагч багш нар амьтны хүрээлэнд байршиж, амьтдыг хооллон өдөр бүр ажил хэвийн үргэлжилж байна.

-Түрээсийн төлбөрт сард хэчнээн төгрөг төлж байна вэ?

-Манайх 1300 метр квадрат талбайтай. Хөл хорио тогтоосноос хойш түрээслүүлэгч бидэнд хөнгөлөлт үзүүлж түрээсийн зардлыг авахгүй байхаар хойшлуулсан. Энэ хугацаанд тог цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байна. Дээрх асуудлаар албан бичгүүдээ холбогдох газруудад өгсөн. Эрчим хүчний газраас тог таслахгүй, төлбөрийн асуудлыг хойшлуулж өгөхийг мэдэгдсэн. Тиймээс энэ сарынхаа тогны асуудлыг шийдсэн. Одоо ус, дулааны асуудал тодорхойгүй хэвээр байна. Мөн манай байгууллага арван хүнтэй. Амьтан тэжээгч, сургагч нар байдаг. Энэ хугацаанд ажилчдынхаа цалинг тодорхой хэмжээнд олгож байгаа. Зарим амьтанд хайртай хүмүүс маань үйл ажиллагаа жигдэртэл тэсээд ажиллана гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-Олон нийтийн сүлжээнд 200 гаруй амьтан устахад ойрхон байгаа талаар мэдээлсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Урсгал зардал гарч байгаа учраас бид тасалбараа урьдчилан борлуулж эхэлсэн. Мөн амьтдынхаа хоол тэжээлийг тасалдуулахгүйн тулд хандивын данс нээсэн.

Тасалбараа урьдчилж авсан хүмүүс хөл хорио дууссаны дараа хүссэн үедээ ирээд үзэх боломжтой. Үнийн хувьд хүүхэд 5000 төгрөг, том хүн 10000 төгрөг.

Бидэнтэй “Мобиком” корпораци хамтран ажиллаж байна. Хэрвээ candy-тэй бол тасалбараа урьдчилж аваад нээгдсэний дараа үйлчлүүлэх боломжтой. Бидний зүгээс энэ хүндрэлтэй нөхцөлд дэмжиж ажиллахыг уриалж байгаа юм. Бид амьтдаа 200 орчим сая төгрөгөөр үнэлсэн. Хэрвээ тог, ус дулаанаа төлж чадахгүйд хүрвэл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Ялангуяа манай амьтны хүрээлэнд халуун орны амьтад их байдаг. Тэдэнд хооллолтоос гадна орчин чухал. Дашрамд, сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар бид зарим амьдынхаа хоол тэжээлийг авсан.

-Үйл ажиллагаагаа хааснаас хойш амьтны хүрээлэнг битүүмжилсэн гэсэн. Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үү?

-Коронавирусийн дэгдэлтээс сэргийлэхийн тулд бид амьтдаа хамгаалж амьтны хүрээлэнгээ битүүмжилсэн. Энэ хугацаанд гаднаас ямар ч хүн оруулаагүй. Цэвэрлэгээ тогтмол хийгдэж байна. Манайх “SOS” мал эмнэлэгтэй хамтарч ажилладаг учраас амьтдын үзлэг байнга хийгддэг. Одоогоор манай амьтад эрүүл саруул бойжиж цаашлаад үржиж байгаа. Энэ хугацаанд хоёр, гурван амьтан зулзагалсан. Хөл хорионы үед хүүхдүүд гэртээ уйдсан байдалтай байна. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд онлайн хэлбэрээр лайв хийж амьтдаа тайлбарлахаар бэлтгэж байна.

-Амьтдын хоол тэжээлийн хувьд хомсдол үүссэн үү?

-Хөл хорио тогтоосон эхний сард хоол тэжээл гайгүй байсан. Харин одоо дутагдаж байна. Манай амьтдын заримынх нь хоол хүнс дотооддоо байдаг бол зарим нь импортоор орж ирдэг. Жишээ нь тагтаа, тоть шувууны хоол импортоор орж ирдэг. Хил хаагдсанаар импортоор орж ирдэг хоол тэжээлийн асуудал хүндрэлтэй болсон. БНХАУ хилээ нээсэн ч далайн амьтдын хоол тэжээлийн олдоц муудаж, үнэ нь нэг дахин өссөн байна лээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж