Парисын халдлагыг зохион байгуулагчийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Парисын халдлагыг зохион байгуулагчийг нэрлэв

 

Бельгийн хэт даврагч 28 настай Абделхамид Абааоуд гэгчийг Парисын халдлагыг зохион байгуулагч хэмээн сэжиглэж байна. Морокко гаралтай Абделхамид Абааоуд нь өнгөрсөн нэгдүгээр сард Бельгийн цагдаагийн терроризмын эсрэг ажиллагааны үеэр Сири рүү зугтсан аж. Бельгийн цагдаа нар “Чарли Хебдо” сонины редакцад гарсан халдлагын дараа хууль сахиулагчдыг хөнөөхөөр төлөвлөж байсан хэт даврагчдын сүлжээг илрүүлж тусгай ажиллагаа явуулсан байв. Гэвч Бельгийн цагдаа нар Абделхамид Абааоудыг барьж чадаагүй аж.

 

Тэрбээр Абу Умар аль-Балжики гэх нэрээр “Исламын улс” бүлэглэлийн эрхлэн гаргадаг “Dabiq” сонинд “Миний нэр, зураг сонины эхний нүүрүүдэд байхад ч би тэдний эх оронд амьдарч, өөрсдийнх нь эсрэг ажиллагаа зохион байгуулж, аюулгүй буцаж чадсан” хэмээн ярилцлага өгчээ.

 

Францын мөрдөн шалгах албаныхны мэдээлснээр Абделхамид Абааоуд нь Парисын халдлагад сэжиглэгдсэн Абдесламын ах дүүстэй харилцаа холбоотой байсныг олж тодруулжээ. Абдесламын ах дүүсийн нэг Брахим амиа золиосолсон бол Мухаммед нь баривчлагдаж, Салах гэгчийг эрэн сурвалжилж байна.

 

Бельгид өнгөрсөн долдугаар сард Абделхамид Абааоудыг байлцуулалгүй шүүж 20 жил шоронд хорих ял оноосон байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж