Зээлээ төлөх чадамжгүйгээ нотлох шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Зээлээ төлөх чадамжгүйгээ нотлох шаардлагатай

Зээлээ төлөх чадамжгүйгээ нотлох шаардлагатай

Шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч иргэд, ААН-үүд зээлээ төлж чадахгүй санхүүгийн доройтолд орж байна. Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн зээлийн нийт хугацааг гурван сараар сунгасан гэсэн үг.

Гэвч энэ шийдвэр хэрхэн хэрэгжих талаар тодорхой ойлголт иргэдэд ч, санхүүгийн байгууллагуудад ч байхгүй байна. Арилжааны банк болон ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос хэрэглээний зээл авсан иргэд үндсэн зээл ба зээлийн хүүгээ хугацаандаа төлөх боломжгүй тохиолдолд Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэхгүй юм. Энэ нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс ирэх долдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй үйлчилнэ. Харин зээлээ төлөх боломжтой иргэдийн хувьд урьдын адил зээлээ хугацаандаа төлж явах нь зөв гэдгийг Монголбанкнаас хэлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр “Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй” бол Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтад байдаг Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны зээл нь санхүүгийн салбарын нийт зээлийн 7.2 хувийг, зээлдэгчийн 24.6 хувийг бүрдүүлдэг аж.

Дээрх зохицуулалтаар “Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгээ хугацаандаа төлөхгүй нэг хоногоор хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн ангилалд ордог байсан зохицуулалтыг 120 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн ангилалд оруулахгүй байхаар, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийг 181 хоногоос дээш хугацаагаар тооцохоор болж байгаа юм” гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэллээ.

Засгийн газар, Монголбанкнаас гаргасан дээрх шийдвэр банкуудад хэрхэн хэрэгжиж байна вэ?

Өчигдрийн байдлаар /2020.03.23/ зээл төлөлтийн хугацаагаа сунгуулахыг зорьсон иргэд банкуудад цөөнгүй байлаа. Зээлээс зээлийн хооронд байдаг иргэдийн хувьд гурван сар цалингаа бүтэн авах нь хэмээн битүүхэн баярлана. Монголбанкнаас банкуудад журмаа хүргүүлсэн гэх хэдий ч банкуудад энэ шийдвэр албажсан зүйл одоогоор алга. Дээрх шийдвэрийн талаар бүрэн ойлголттой эдийн засагч ч мөн алга. Хоёрдугаарт, Монголын банкны холбооноос арилжааны банкуудад мөн чиглэл өгснөөр нэгдсэн журмаар хэрэгжих юм байна. Түүнчлэн хэрэглээний зээл гэдэг ойлголт тухайн банк бүрт өөр, өөр юм. Тухайлбал, Голомт банкны хувьд хэрэглээний зээл гэдэг нь гэр ахуйн хэрэгцээнд зориулсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах, амьдралын тэмдэглэлт үйл явдал түүнтэй холбогдон гарах санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой зээл аж. Худалдаа хөгжлийн банкинд лизингийн зээл гэж байдаггүй.

Хэрэглээний зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэлт төлбөр, алданги төлөлтийг 90 хоногоор царцаах шийдвэр банкуудад яагаад хэрэгжихгүй байгаа талаар Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Гүйцэтгэх захирал Л.Амараас тодруулахад тэрбээр “Монголбанкнаас гаргасан шийдвэрийг банкууд ч ойлгохгүй байгаа учраас тодорхой тайлбар өгч чадахгүй нь. Тухайн шийдвэрээ манайд танилцуулж өгнө үү гэдгээ Монголбанкинд уламжлаад гурав хоног өнгөрч байна. Монголбанкаар тайлбарлуулж бүрэн ойлголт авсныхаа дараа бид банкуудад тайлбарлана. Хэрэглээний зээл гэдгийг банк бүр өөрсдийнхөөрөө ойлгодог. Ямар зээл нь хэрэглээний зээлд орохгүй вэ зэрэг нарийн асуудал бий. Цаасан дээр гаргасан шийдвэрийг нь яаж хэрэгжүүлэх үү гэдэг л асуудал. Монголбанкнаас одоогоор хоёр тушаал гарсан. Дахиад өөр тушаал гарна гэж ойлгосон, түүнийг нь хүлээж байна. Цаасан дээр бичсэн тушаал нь амаар ярьсантай нь зөрж байгаа зүйл зөндөө бий. Үнэнийг хэлэхэд ойлгож байгаа хүн алга” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин банкуудын эдийн засагчид ийм хариулт өглөө.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Бизнесийн зээл авсан бизнес эрхлэгчидтэй нэгбүрчлэн уулзаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт оруулж эхэлсэн гэдгээ хэлж байна. Харин хэрэглээний зээлтэй иргэдийн хувьд зээлээ хугацаандаа төлөх боломжгүй гэдгээ тухайн банкандаа мэдэгдэж, зайлшгүй зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах юм байна. Хэрэв тухайн иргэний орлого нь тасалдаагүй тохиолдолд зээлээ хугацаандаа төлөх шаардлагыг тавьж байгаа.

ХААН БАНК: Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулсантай холбоотойгоор төв салбараас нь ямар нэгэн чиглэл өгөөгүй байгаа тул хэрэгжээгүй байна. 

ГОЛОМТ БАНК: Цалингийн зээл болон бусад зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах эсэхийг тухайн зээлдэгчийн орлогынх нь байдлаас хамаарна. Хэрэв ажлын байрных нь үйл ажиллагаа доголдсон тохиолдолд цалингийн зээлтэй иргэн байгууллагаасаа тодорхойлолт авч, зээлээ хугацаанд нь төлөх орлогогүй гэдгээ нотлох шаардлагатай аж.  Зээлдэгчийн мэдээлэл тухайн банканд дэлгэрэнгүй байдаг учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь мөн шалгаснаар зээлийн эргэн төлөлтийг  нь хойшлуулах эсэхийг шийвэрлэнэ.

ТӨРИЙН БАНК: Монголбанкны шийдвэр нь ирээгүй байна гэдэг тайлбарыг өглөө.

Бодит байдалд төр засгийн шийдвэр хэрэгжих ёстой газраа буюу банкуудад ийм л байдалтай байна. Үнэхээр арилжааны банкууд төрийн ямар ч шийдвэрт захирагддаггүй дураараа авирладаг гэдгийг дээрх жишээ нотлон харуулж буй. Хэрэгжүүллээ ч гэсэн иргэн,  ААН зээлээ төлөх чадваргүй гэдгээ хэд хэдэн баримтаар нотолж байж зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулах бололтой.

Өнөөдөр Монгол Улсад зээлгүй иргэн, зээлийн хүүд дарагдаагүй ААН гэж бараг алга. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш банк, санхүүгийн байгууллагууд монополь байдлаа өдийг хүртэл хадгалсаар ирсэн нь нэгэнт үнэн. Төр нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Төв банк, төр засаг хамтраад арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гэж олон талаар оролдож ирсэн ч өнөө хэр бодит үр дүнд хүрээгүй. Арилжааны банкууд  нь хувийн гэдэг нэрийн дор өөрсдийн дур дураараа авирлаж, зээлийн хүүгээ өндөр тогтоож ирсэн. Үндсэндээ банкууд иргэдийн санхүүгийн сул дорой байдал дээр тоглолт хийж, "тэжээлгэдэг" гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдын хувьд банкны салбарын реформыг хийх шаардлагатай гэдгийг хэдэнтээ хэлж байсан.  Энэ тухайгаа ч тэрбээр “Алийн болгон цөөн хэдэн банкны эрх мэдэлд байх юм бэ. Гадаадын банкуудыг оруулах асуудлыг чөлөөтэй болгох зэрэг ажлуудыг хиймээр байна гэж удаа дараа ярьж байгаа. Дэлхийн аль ч улсад гадаадын банкууд том, жижиг нь гэлтгүй бий. Монголд банкны салбарын чөлөөтэй өрсөлдөөн байхгүйгээс зээлийн хүү өндөр байгаа” гэж саяхан хэлсэн.

Энэ бүхнээс харахад банкны салбарт реформ хийх цаг нь нэгэнт болжээ. Нөгөөтэйгүүр Монголбанк гаргасан шийдвэрээ мөрдүүлж,  арилжааны банкуудад хяналт тавих шаардлага байгааг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж