Энхийг сахиулагчид уу, хүчирхийлэгчид үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.24-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид уу, хүчирхийлэгчид үү?

Энхийг сахиулагчид уу, хүчирхийлэгчид үү?

НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны хүрээнд дэлхийн зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгуудад энгийн ард иргэдийн амь насыг хамгаалах зорилгоор олон улсын цэргүүд алба хаадаг. Гэвч сүүлийн жилүүдэд энхийг сахиулагчид гэмт хэрэгт холбогдох, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл, залилан үйлдэх нь нэмэгджээ. НҮБ-ын дотоод шалгалтын газраас мэдээлснээр өнгөрсөн онд энхийн сахиулагчдын холбогдсон залилангийн хэрэг 80 хувь, бэлгийн хүчирхийллийн хэрэг 40 хувиар 2018 оноос өссөн аж. Гэмт хэргийн олонх нь Төв Африк, Мали, Конго, Баруун Сахара, Өмнөд Суданд бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн 2019 онд нийт 241 хэрэг шалгагдсаны 77 нь залилан, 73 нь бэлгийн хүчирхийлэл байв. Тус байгууллагаас Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааг удирдаж буй албаныхныг онцлон хариуцлага сул, менежмент муу байгааг шүүмжилжээ. Нийт 241 хэргийн 44 нь Төв Африк дахь энхийг сахиулагчид, 36 нь Мали, 35 нь Конго, 33 нь Баруун Сахара, 30 нь Өмнөд Судан, 16 нь Афганистанд холбогдсон аж.

Төв Африк дахь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй олон улсын цагдаагийн алба хаагчид охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх, амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг оршуулахдаа хүндэтгэлгүй ханддаг гэх шүүмжлэл ихээр иржээ. Тухайлбал, Төв Африк дахь энхийн сахиулах ажиллагааны 10 цэрэг эмэгтэйчүүдтэй хоол, мөнгөөр солилцоо хийх замаар бэлгийн харилцаанд орж, хүчирхийлсний дунд 14 настай охин хүртэл байна. Мөн Мали дахь энхийг сахиулагчид шатахуун хулгай хийх, залилах, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлэлд дурджээ. Баруун Сахарын энхийг сахиулах ажиллагааны албан тушаалтнууд цэргүүдийг эрүүл мэндийн даатгалаар дамжуулан залилж, их хэмжээний мөнгө завшсан байна. Өмнөд Африк дахь орон нутгийн алба хаагч нэгэн эмэгтэйг хоёр удаа жирэмсэн болгоод аборт хийлгэхийн тулд хуурамч мэдээлэл ашиглан эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшжээ. Либерид бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 57 эмэгтэйн хэрэгт 66 алба хаагчийг ялласан байна.

Энхийг сахиулах ажиллагаанаас гадна АНУ-аас холбоотон орнууддаа цэргээ байршуулан аливаа гэнэтийн халдлага дайралтаас хамгаалах тусламжийг үзүүлдэг. Гэсэн ч гадаад улсад байгаа цэргүүдийн дунд гэмт хэрэгт холбогдох, ялангуяа бэлгийн хүчирхийлэл үйлдэх нь цөөнгүй. Тухайлбал, 2017 онд АНУ-ын армийн цэрэг согтуугаар жолоо барьж яваад Окинава арлын оршин суугч, 61 настай эрэгтэйг дайрч хөнөөсөн. Үүний дараа АНУ-ын цэргийн бааз Окинавад байгуулагдсанаас хойш сүүлийн 20 жилд болоогүй том эсэргүүцлийн жагсаал болж 65 мянган хүн оролцож байв. Өмнө нь 2016 онд 24 настай америк цэрэг Наха дахь зочид буудалд амарч байсан япон жуулчин бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгджээ. Окинава арлын цагдаагийн газраас мэдээлснээр АНУ-ын 147 цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүд 1972 оноос 2015 оны хооронд 129 хүчирхийллийн хэргээр ял шийтгэгдсэн аж.

Олон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ойролцоогоор 125 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж