Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх ажлыг зохион байгуулж буй. Мөн иргэдийг гараа тогтмол угааж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг зөвлөж байгаа юм.
Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар үед угааж хэвших талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа дараах зөвлөмжийг өглөө.
- Нийтийн тээврээр үйлчлүүлэх, ариун цэврийн өрөө орох, нялх хүүхдийн өтгөн шингэнийг цэвэрлэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ спиртэн суурьтай гар ариутгагч болон нойтон салфетка тогтмол хэрэглэх
- Амны хаалтыг заавал зүүх /зөв хэрэглэж хэвших/
- Олон нийтийн гудамж талбай, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх үедээ амны хаалт зүүж хэвших, зөв ханиаж найтаах
- Урин дулааны улиралд гэдэсний халдвар, бусад халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай тул үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжүүд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх нь чухал.
- Нийтийн тээврийн хэрэгслийн бариул, гарны бариул хамгийн их бохирддог тул бариулаас барьсан үедээ амны хаалтдаа хүрэхгүй байх хэрэгтэй.
- Жолооч, зорчигчид амны хаалтыг тогтмол зүүж, тодорхой хугацааны дараа солих.
- Нийтийн тээврийн хэрэгслүүд цонхонд агаар салхи тогтмол оруулах, хатуу гадаргуу буюу сандлын бариул, төмөр гар бариулыг хлорт нэгдлийн бодисуудаар тогтмол цэвэрлэх
- Нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ иргэд хоёр метрийн зайнд зогсох, үйлчилгээний байгууллагуудад олноор цуглахгүй байх
- Бэлэн мөнгөнөөс татгалзаж, цахим үйлчилгээ авах
- Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээг хийж, суултуурыг таглах, аж ахуй нэгжүүд тагтай хогийн савны тоог нэмэгдүүлэх
- Албан байгууллага, үйлчилгээний байгууллагууд хоёр метрийн зайнд зогсох зогсоолын тэмдэг байрлуулах
Үйлчилгээний байгууллагуудын ажилчид нүүрний хаалт зүүх зэргээр гаднын орнуудад хэрэгжүүлж буй туршлагуудыг албан байгууллага, иргэд хэрэгжүүлэх боломжтой юм байна.
Б.ЦЭЦЭГ