Өмнөд Солонгост монголчууд тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост монголчууд тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас ирэх сарын 7-ныг хүртэл  БНСУ-ын Сөүл, Тэжон, Пусан хотод аялан тоглолт хийх болсон талаараа өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус театрын симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 26-29-нд “Лучиа Ди Ламмермур” дуурь, ирэх сарын 2-3-нд “Цөмөөхэй” балетыг Тэжон хотноо тоглож, гоцлол дуучдын хамт энэ сарын 30-нд Пусан, ирэх сарын 4-нд Тэжон, 6-нд Сөүл хотод Монголын дуурийн уран бүтээлчдийн “Монголиан Гала” концерт тоглох ажээ. Тоглолтын хөтөлбөрт Монголын болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүд, дууриудын хэсгээс багтжээ. "Монголын Гала” концертод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нар оролцож байна.

Аялан тоглолтын талаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын гадаад хамтын ажиллагааг олон чиглэлд үр дүнтэй өргөжүүлэхээр зорьж, ажиллаж байна. 2013 оны аарваннэгдүгээр сард манай театр болон Тэжон хотын дуурийн театрын хооронд гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өнгөрсөн онд “Чио чио сан” дуурийг Монгол, Солонгос хоёр улсад харилцан тоглосон. Энэ жил хоёр том ажил хийсэн. Энэ нь Монгол, Солонгосын дипломат харилцааны 25 жилийн ойд зориулж Солонгосын уран бүтээлчид Монголд, Монголын уран бүтээлчид Солонгост гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хоёр дахь хэсэг Солонгост УДБЭТ гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн. УДБЭТ-ын гоцлолдуучин Р.Доржхорол, гоцлол дуучин Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир нар Солонгосын Тэжон хотод “Лучиа Ди Ламмермур” дуурьд дуулахаар бэлтгэлдээ ороод байна” гэсэн юм.

 Г.ТУУЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж