Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч, кино зураглаач, дэд профессор Х.Дамдин хүнд өвчний улмаас энэ сарын 16-ны өдөр таалал төгсчээ.
Тэрээр 1957-1962 онуудад ЗХУ-ын Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцан төгссөн Монголын анхны мэргэжлийн кино операторуудын нэг. Ч.Лодойдамбын зохиол “Энэ хүүхнүүд үү” уран сайхны киноны зураглаачаар дипломын ажлаа хамгаалж уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр 1962 оноос Монгол кино үйлдвэрт ажиллаж “Ховдгийн гай” , “Нөмрөг хадны цуурай”, “Төгсгөл”, “Далайд дусал нэмэр” зураг уран сайхны, “Вандуй”, “Сарлаг”, “Дуу нэгтэн”, “Оросууд дайныг хүсээ гэж үү”, “Эх орны манаа”, “Хүчтэний өрсөлдөөн”, “Монголын уянга” зэрэг олон баримтат киноны зураглаачаар ажилласан юм. Түүнчлэн “Улаан дарцаг”, Мартагдашгүй намар”, “Газрын үнэр”, “Эргэж бодох бодол”,“Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” зэрэг Монголын үзэгч түмний сэтгэл зүрхэнд шингэсэн олон арван бүтээлийг найруулжээ. Түүнчлэн Дамдин найруулагчийн өөрөө зохиолыг нь бичиж найруулсан “Нэг ангийн хоёр”, “Зуслангийн найзууд”, “Амьдралын нахиа”, “Загийн алим” зэрэг кино нь үзэгч олны зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Ум сайн амгалан болтугай.