Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр УИХ-д өргөн барьсан билээ. 25 жилийн өмнө хийсэн монголчуудын сонголтыг улам бататгах, улс төрийн хүрээнээс хамаарсан гацааг арилгахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эергээр нөлөөлнө гэж ажлын хэсгийнхэн тооцжээ. Мөн УИХ-ын нэр бүхий 47 гишүүн дээрх хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан байгаа юм. Ажлын хэсгийнхний боловсруулсан хуулийн төслийн дагуу Үндсэн хуулийн нэршлийг Эх хууль болгож, 76 гишүүний тоог 99 болгон нэмж, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно зэрэг өөрчлөлт хийхийг дэмжиж байна уу гэх асуудлаар иргэдийн саналыг сонссон юм. Иргэдийн зүгээс дээрх хуулийн төсөлд тусгагдсан Засгийн газар есөн яамтай байх, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцох. Мөн УИХ-ын бүрэн эрх таван жил байх зэрэг саналуудыг дэмжиж байлаа.
Нэгэнт УИХ-д Эх хууль болгон өөрчлөх хуулийн төслийг барьчихсан хойно одоо зөвхөн журамд заасанчлан УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх ёстой. Гэхдээ хуулийн дагуу хэлэлцэхэд 19 хоног үлдлээ. Гэхдээ энэ хугацаанаас өмнө ард нийтийн дунд бүх нийтийн санал асуулга авна гэдгээ ажлын хэсэг зарласан юм. УИХ-ын дөрөвний гурав нь бүх нийтийн санал асуулгыг явуулахыг дэмжвэл Үндсэн хуулийг өөрчлөх үгүйг Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн нэг бүрийн саналаар шийднэ гэсэн үг. Иргэдийн тухайд тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээсээ асуух нь зөв. Яаруу, сандруу Улсынхаа эцэг хуулийг өөрчилж, иргэнд ээлгүй улс төрчдийн тоог нэмэх нь буруу, харин ч хасах ёстой гэж шүүмжлэлээ.
Нөгөө талдаа 1992 онд ард нийтээр хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн зарим зүйл, заалт өнөөгийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хүндрэлтэй, дутмаг хууль болж хувирсан. Иймээс цаг үеэ дагаад зайлшгүй зохицуулалт шаардагдсан. Эдгээр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгосон гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД