"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

"ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй"

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасныг танилцууллаа.  Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 30 хүртэл агаар, газрын замын боомтуудаар зорчих тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. ОХУ дахь монголчууд эх орондоо ирж буйтай холбогдуулан уян хатан бодлого гаргасан. Тухайлбал:

  • Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас хаана.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаах юм байна
  • Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

 ОХУ-ын Ташантай боомт, Цагаан нуур боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан 36 оюутан байна.  Үүнээс 11 өнөөдөр Монголын хилээр орж ирж байгаа,  тэднийг байрлуулах тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Хятадтай хил залгаа боомтуудын үйл ажиллагааг  хязгаарлажээ. Харин ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хилийн чанад дахь монгол иргэдийг авчрах асуудлыг Улсын онцгой комисст даалгасан. ХХААҮХҮЯ-ны мэдээлснээр Хүнсний хангамж өнөөдрийн байдлаар хэвийн байна. Өнөөдрийн байдлаар 279 цэгт нөөцийн мах зарагдаж байна. Тус яамнаас махны хомсдолд орохгүй гэдгийг онцоллоо.

ЧАРТЕР НИСЛЭГИЙН ХУВААРЬ ТОДОРХОЙ БОЛТОЛ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

Гадаад харилцааны яамнаас коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн үед Монгол иргэд эх орондоо ирэх боломж нь улам хумигдаж байна гэдгийг мэдээллээ. Өвчин дэгдсэнээс хойш нийт 21 мянган иргэн эх орондоо иржээ. Чартер нислэг үйлдэх нь тодорхой тохиолдолд тийзээ захиална. Гадаад харилцааны яам гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хүлээж авахгүй. Иймд ямар ч өргөдөл хүлээн авахгүй тул гадаад харилцааны яам, ЭСЯ-нд биечлэн очих, өргөдөл өгөхгүй байхыг анхаарууллаа.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ Он гарснаас хойш Монгол Улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар хилийн чанадад 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өдөр бүр иргэддээ түгээж байна. Юуны өмнө иргэд олон нийтэд хэлэхэд өнөөдөр ОХУ болон гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. БНХАУ гадаад улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас гадаадаас ирж байгаа иргэдэд өндөр хяналт тавьж 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс БНХАУ болон ОХУ-аар дамжин эх орондоо ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа иргэдийг чартер нислэгээр татан авах асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Гадаадад сууж байгаа монгол иргэд болон ар гэрийнхэнд нь давхар уриалж хэлэхэд тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаад аль болох тайван байхыг хэлмээр байна. Гадаад улс руу чартер нислэгт явах иргэд гадаад харилцааны яам, Улсын Онцгой комисс болон МИАТ компанид өргөдөл өгөх шаардлагагүй. Бид өргөдлийг хүлээж авахгүй.

Хэрэв нислэг үйлдэгдэх нь тодорхой болсон нөхцөлд тухайн иргэн гадаад оронд зорчихдоо тийзээ худалдаж авна гэдгийг анхааруулж хэлмээр байна. Гадаад харилцааны яаманд БНСУ, Япон руу явмаар байна гэсэн олон өргөдөл ирж эмх замбараагүй байдал үүсэх гээд байна. Тэгэхээр Гадаад харилцааны яам, УОК  гадаадад зорчих иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг мэдэгдье” гэв.

Хил хамгаалахын Ерөнхий газрын хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга хурандаа Ц.Мягмардорж “Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн шилжсэн хугацааг сунгасан учраас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл монгол улсын хилийн агаарын зам авто зам төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг мөн сунгасан. Гэхдээ ОХУ-д ажиллаж амьдарч сурдаг хүмүүс эх орондоо ирж байгаа учраас зарим нэг уян хатан шийдвэр гаргасан.

Тухайлбал, Монгол Оростой хиллэлдэг  есөн боомтоор монгол иргэд өнөөдөр /2020.03.23/ оройны 20.00 цаг хүртэл зорчин ирэх боломжтой. 23-ны өдрийн 20.00 цагаас 28-ны  өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл монгол иргэдийг зөвхөн Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлэхээр тогтоолд заасан.

Гуравдугаар 28-ны өдрийн 06.00 цагаас хойш монгол иргэдийг хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй. Монгол Хятадын хилд өнөөгийн байдлаар найман хилийн боомт ажиллаж байна. Тус боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг мөн дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг зохион байгуулалтайгаар татан авах, дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагын ажилчид шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст даалгасан. Тэгэхээр УОК-ын шийдвэрээр дээрх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ачаа тээвэр хэвийн явагдана” гэв.

ОЮУТНУУД ХООЛ ГОЛСОН, ЯНЗ БҮРИЙН ЮМ НЭХСЭН АСУУДЛУУД ГАРСАН

ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр “ Тусгаарлах байранд хүмүүс тасралтгүй ирж байгаа. Нэг дор бөөнөөрөө ирж байгаа тохиолдол ховор. Дамжин өнгөрөх байрыг бэлтгэчхээд хүмүүсээ тусгаарлах байр руу 40-45 хүний суудалтай автобусаар тээвэрлэж байна. Нэг хүнийг тухай бүр тээвэрлээд явах нь хүндрэлтэй учраас бөөгнүүлж байгаад тээвэрлэж байгаа. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөө дураар байдаг зүйл биш.

Одоо л  жигдэрч эхэлж байна. Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байруудыг хөндлөнгөөс ажиглах ажлыг зохион байгуулж байгаа. Бага баян амралт дээр очиж үзсэн. 2-3 хоног хүн байхгүй үед жавар хурсан хүйтэн байсан учраас халаалтыг нэмэгдүүлж шаардлагатай гудас хөнжлийг нэмж  өгч байна.

Тусгаарлах байранд сүүлийн   ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа.  Тэдний ар гэрийнхэнд хандаж хэлмээр байна. Хүүхдүүддээ тусгаарлах байранд байхдаа дүрэм журам зөвлөмжийг чандлан биелүүлээрэй гэж  дамжуулж хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудлууд гарсан.

Бид халдвар хамгааллын журмын дагуу ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Учир зүйгээ олоод байх юм бол ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж байгаа эсэх хяналтыг нэг өрх, орц, байр гэсэн системээр хүмүүстээ хяналт тавина. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал орсон. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна. ОХУ-ын Ташанта Монгол Улсын Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан Монгол Улсын 36 оюутан байна. Үүнээс 11 оюутан өнөөдөр ирж байгаатай холбогдуулан хүлээн авах тусгаарлах байрыг бэлэн болгох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэв.

НИЙТ 60 ЖОЛООЧИЙГ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ ДОР ХИЛ ДАВУУЛЖ БУЦААСАН

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын  дэд дарга Г.Сугарбат “Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 18-23 -ны хооронд 455 зорчигч орж ирснээс эрүүл мэндийн асуумж холбогдох тандалт судалгааг хийж нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймагт 196, Дарханд 173, Орхонд 86 иргэдийг тусгаарласан байна. Түүнчлэн Баян-Өлгий аймагт Цагааннуур боомтоор орж ирж байгаа нийт 306 зорчигчийг ажиглах байранд оруулж холбогдох хяналт шалгалтыг хийж байна. Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.

Гуравдугаар сарын 18-22-ны хооронд нийт 79 бараа ачсан хүнд даацын  машиныг хил дээрээс бүх асуумжийг авч, цагдаагийн хяналт дор Улаанбаатар хот руу нэвтрүүлж байна. Хотын гаалийн хоёр терминал дээр ачааг хүлээж авч халдваргүйжүүлэлт ариутгалыг хийж байгаа.

Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд нийт 4.485.600 ширхэг өндөг, 845.000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.  Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна.Мөн  банкны АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно” гэв.

УЛААН БУУДАЙ, ЭЛСЭН ЧИХЭР, УРГАМЛЫН ТОС ГЭХЧЛЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ  НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ

ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле “Өнөөдрийн байдлаар 279  дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. 12 мянган тонн нөөцөлсөн. Дээр нь нэмээд  гадаад  руу мах экспортлохгүй байгаа учраас компаниуд дотооддоо мах зарах учраас махны хомсдолд огт орохгүй гэдгийг хэлмээр байна.  Хонины  ястай мах 6700, үхрийн ястай мах  7700, ямааны мах 6200 төгрөгөөр зарагдаж байгаа. ОХУ болон тус улсаас дамжин ирж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох  улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос гэхчлэн бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 30-ыг хүртэл хугацаанд НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, March 22, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж