Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр жилийн өмнө “Хөх мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулсан. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Волга мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулж БНХАУ-ын “Хөх мөрний эдийн засгийн бүс”-д хамтрах санаачилга гаргасан билээ. Ингэснээр хоёр улсын Засгийн газар хооронд ажлын хэсгүүд хуралдаж олон ажил хийсний нэг нь ОХУ-аас БНХАУ-д 400 тэрбум ам.долларын өртөг бүхий байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Харин энэ байгалийн хий нийлүүлэх гэрээг Монголыг тойруулж хийсэн. Тэгвэл цаашид хоёр хөршийн байгуулсан эдийн засгийн бүсийн ажилд Монгол Улс хамтарч, энэ ажлаас эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалтыг олж авах боломж бол Цайны замыг сэргээх явдал хэмээн албаныхан харж байна. Энэ ч үүднээс Монгол Улс Цайны замыг сэргээх замаар “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс”-ийг байгуулж хоёр хөрштэйгөө хамтран ажиллахаар болж байна.

БНХАУ-ын Чиби хотноо энэ сарын 6-8-ны хооронд болсон “Олон улсын цайны их хурал”-ыг зохион байгуулснаар “Торгоны замын эдийн засаг”-ын бодлогыг хэрэгжүүлэх, гурван улсыг холбосон “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээх зорилготой юм. Монгол Улс цаашид хоёр хөрштэйгөө эдийн засгийн бүсийн чиглэлээр хамтран ажиллавал цайны замыг дагасан сум, бүсийн хөгжил нэмэгдэж, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм байна.

Цаашлаад хоёр хөршийн байгалийн хийн гэрээнд ч хамтрах боломж харагдаж байгаа талаар албаныхан хэллээ.

Ямартай ч Монгол Улс хоёр хөршийн хэрэгжүүлж байгаа бодлогод нийцүүлэн Замын Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс, Талын зам төслүүдийг хамруулан хуучин цайны замыг сэргээж “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах саналаа БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлжээ. Ингэхдээ гурван орны ард түмний саналыг нэгтгэн, зургаар баталгаажуулан хүргүүлсэн байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж