“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийг алдагдалтай ажиллуулсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийг алдагдалтай ажиллуулсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

-АТГ-аас төлбөргүй авах боломжтой сургалтад төлбөр төлсөн байв-

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийг алдагдалтай ажиллуулсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

Бирж хэмээх үг хэллэг манайд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш танигдсанаас биш олон улсад их эртний түүхтэй үйл ажиллагаа. 1990-ээд оны эхнээс манайд ганц Хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 оноос Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) төрийн өмчит хувьцаат компани байгуулсан нь өдгөө малчид, түүхий эд бэлтгэгчдийн үйлчлүүлдэг гол байгууллага болсон гэхэд хилсдэхгүй. Энэ бирж нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлж байгаа. Гэвч сайны хажуугаар саар үйлдлүүд тус биржид гарч байж. Тэр дундаа АН эрх барьж байхад тус биржийг удирдаж байсан хүмүүс хууль зөрчсөн үйлдэл хийж байсан бололтой. Хэд хэдэн баримтаас эш татан мэдээлэл хүргэе. Нийтлэлд дурдагдах зөрчлүүдийг үндэслэн ХААБ-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг АТГ-т шалгуулахаар хандсан юм билээ. Тус газрын үнэ төлбөргүй явуулдаг сургалтыг төлбөртэй хийж хөрөнгө завшсан гэх мэт олон хууль бус үйлдлийнх нь нэгийг л шалгасан болоод мөрдөгч Батболд хэргийг дахин шалгахгүй хэмээн прокурорт хандсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

2015-2016 ОНД ХААБ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН УЧРААС ЗАХИРЛЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Хуучнаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ХААБ-ийн 2015-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайн үед тус биржийн санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй хүн буюу ерөнхий захирлаар Ж.Эрдэнэбат, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй ерөнхий нягтлан бодогч нь Ж.Болортуяа нар ажиллаж байв. Энэ үедээ уг төрийн өмчит хувьцаат компанийн санхүүгийн үйл ажиллагаа, орлого, зардлын хуваарилалт, хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний биелэлт гээд олон чиглэлээр шалгалт хийсэн юм байна.

ХААБ компани 2015 онд 3.4 тэрбум төгрөгийн орлого олж, 2.9 тэрбумыг заран, 500 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөсөн аж. Гэвч 1.4 тэрбумыг олж, 1.9 тэрбумыг зарцуулан 509.5 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэнэ. Өөрөөр хэлбэл, ашгийн төлөвлөгөөг нэг тэрбум төгрөгөөр тасалдуулжээ. Дараа онд нь 1.8 тэрбумыг зарцуулж, 1.6 тэрбумыг олсноор 191 сая төгрөгийн алдагдалтай ажилласан юм байна. Ийнхүү алдагдалтай ажилласан шалтгаан нь түүхий эдийн экспортын үнэ буурсан, тосны ургамал, амьд малын арилжаа явуулаагүйгээс төлөвлөсөн орлого тасарсан гэнэ. ХААБ-ийн ерөнхий захирал Ж.Эрдэнэбаттай Сангийн яам, тухайн үеийн Төрийн өмчийн хороо “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж ТӨБЗГ-аас хийсэн шалгалтаар дүгнэсэн аж. Ийнхүү алдагдалтай ажиллахад зарим өндөр үнэтэй гэрээ хэлцэл ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь гэрээ байгуулахдаа ХААБ компанийн санхүүгийн чадавх, төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, орлогын түвшнийг уялдуулаагүй байж. Тухайлбал, хууль зүйн туслалцаа авахын тулд ХААБ-ийн удирдлага “Цогт энд Нандин” ХХК-тай 2014 оноос хойш гэрээ байгуулжээ. Улмаар тус компанид 2015 онд 66 сая, дараа жил нь 75.1 сая төгрөгийн төлбөр төлсөн байв. Хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулахдаа нэг цагийн хөлсийг 500 мянга, сард 10 удаа үйлчилгээ авахаар тусгасан аж. Төрийн өмчит болон хууль зүйн компанийн хооронд байгуулсан гэрээ нь ХААБ-д хохиролтой хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ, ямар ч сонгон шалгаруулалтявуулаагүй зөрчил гаргасан аж.

Уг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой хэмжээний төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил, үйлчилгээ авахдаа заавал тендер зарлах ёстой хэмээн хуульчилсан. Гэтэл 2015-2016 онд дээрх “Цогт энд Нандин”-гаас гадна худалдан авах төлөвлөгөөндөө тусгаагүй зардал гаргасан нь шалгалтаар илэрчээ. Тухайлбал, ажлын байр түрээслэхийн тулд “Ирээдүй капитал” ХХК-д 279-350-иад сая төгрөг хоёр жилийн хугацаанд шилжүүлсэн байх юм. Гарааш түрээслэх үйлчилгээ авахын тулд нэг иргэний дансанд 7.5-11 сая төгрөг шилжүүлсэн байх жишээтэй. Энэ мэтээр “Од бүртгэл аудит”, “Булган брокерын пүүс” компани руу 15-49.5 сая төгрөг шилжүүлсэн нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэдгийг шалгалтаар тогтоожээ.

Түүгээр ч зогсохгүй компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, төлөвлөгөөнд ч тусгаагүй үр ашиггүй зардал багагүй хэмжээгээр гаргасан байх юм. Тодруулбал, байрны түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс дээр дурдсан “Ирээдүй капитал”-д 9.5 сая төгрөгийн алданги төлжээ. Түүнчлэн иргэн Нямдаваа Тайландад тэмцээнд оролцоход 1.8 сая төгрөг, МУИС-д олон улсын сургалт зохион байгуулахад таван сая, лого, брэндбүүк, цахим хуудас хийлгэхэд 7.2 сая төгрөг зарцуулсан байв. Хамгийн сонирхолтой нь, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт нэгэн байгууллагаас авахдаа нэг сая төгрөг төлжээ. Уг нь АТГ-ынхан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн өмчит байгууллагуудад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулдаг атал дунд нь аль нэг байгууллага ашиг олсон уу, эсвэл хууль сахиулах байгууллагын нэрийг барьж уг мөнгийг нь халаасалсан уу, бүү мэд, юутай ч төлбөр төлсөн байх юм.

ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЗАХИРАЛД ГУРВАН САРЫН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ТЭТГЭМЖ ОЛГОЖЭЭ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн захирал Ж.Эрдэнэбат Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт, хөлсөөр ажиллах гэрээний гурав дахь хэсгийн 10-аад заалтыг зөрччихөөд байхад 2015 онд тус компанийн ТУЗ-ийнхөн гэрээг дүгнэж, нэг жилээр сунгажээ. Ингээд 2016 онд гэрээний үүргийн биелэлт нь хангалтгүй байхад дүгнэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчин гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 28.5 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна.

ХААБ компани хувьцаа гаргаж, таван компани, 28 иргэнтэй 9903 сая төгрөгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж. Үүний 1272 сая нь тус ТӨХК-ийн дансанд орж, бусад 8631 сая төгрөгийг нь төвлөрүүлээгүй байх юм. Түүгээр ч зогсохгүй ХААН банкнаас 2015 оны гуравдугаар сард 200 сая, арванхоёрдугаар сард 250 сая төгрөгийн зээлийг компанийн хөрөнгө, харилцах дансны үлдэгдлийг барьцаалан авсан нь Компанийн тухай хуулийн 83.6-д заасан “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал)-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна” гэх заалт болон хөлсөөр ажиллах гэрээгээ зөрчсөн үйлдэл болжээ.

ТӨБЗГ-аас хийсэн шалгалтад “Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат нь тус компанийг 2015 оны нэг тэрбум, 2016 онд 191 сая төгрөгийн алдагдалтай ажиллуулж, 2015, 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнийг үзүүлэлт бүрээр биелүүлээгүй, Монгол Улсын хууль, тогтоомж, Төрийн өмчийн хороо, Сангийн яамтай байгуулсан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний үүргээ ноцтой зөрчиж, байгууллага, иргэдтэй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, үр ашиггүй, 1042.9 сая төгрөгийн гэрээ хэлцэл байгуулсан, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй 2472.7 сая төгрөгийн үргүй зардал гаргасан зэргээр компанид хохирол учруулсан байна” гэж дүгнэсэн байх юм.

Эдгээрээс гадна ХХААЯ-аар тендер зарлуулж, хувийнхаа компанийн боловсруулсан программаа зах зээлийн үнээс 4-5 дахин их буюу 890 саяар ХААБ-д нийлүүлсэн гэх хардлага бий. Уг программыг тус биржид хүлээлгэн өгөхдөө эх код, системийн тайлбар, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгөөгүйгээс өдгөө өндөр үнээр худалдан авсан программаа ашиглаж чадахгүйд хүрчээ. Тиймээс 2017 онд тус бирж шинээр программ худалдан авахаас өөр аргагүй байдалд орсон гэдгийг ч тэнд ажилладаг нэг бус хүн хэлж байна. Түүгээр ч зогсохгүй уг программ хангамжаа өөр газарт дахин ашиглах боломжгүй баййхаар гэрээ байгуулж ХААБ-д хүлээлгэн өгсөн гэдэг ч Ж.Эрдэнэбаттай хамаарал бүхий байж болзошгүй “Үнэт цаасны бирж” гэх компанид ашиглуулж байгаа гэсэн хардлага байгаа юм. Үүнийг нь АТГ-т шалгуулж, ХААБ-ийг хохиролгүй болгуулахаар хандсан ч хууль сахиулах байгууллагынхан хүлээн аваагүй гэнэ. Өдгөө Ж.Эрдэнэбат нь буцаад “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн захирлын албан тушаалд очихоор хөөцөлдөж байгаа гэсэн яриа тус компанийнхны дунд тархжээ. Хоёр жил ажиллахдаа алдагдалтай ажиллуулсан, хөрөнгө үр ашиггүй зарцуулсан нь ТӨБЗГ-ынхны шалгалтаар тодорхой болсон түүнийг буцаан томилж болох, эсэхийг шийдвэр гаргагчид нь эргэж харах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж