Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Жижиг намуудыг "жийсэн" сонгууль

Гуравхан сарын дараа УИХ-ын сонгууль болохоор товлогдсон ч өнөөдөр дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахал энэ удаагийн ээлжит сонгууль болох уу гэдэгт эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдэж, 2000 орчим хүнийг тусгаарлаж, хяналтдаа аваад байна.  Яг ийм нөхцөлд сонгуулиа хийж чадах уу гэдэг цаашид бид хэр зэрэг хариуцлагатай байхаас шалтгаална.  Хэдийгээр хөл хорио тогтоогоод байгаа ч улс төрийн намууд хамгийн их “завгүй” ажиллаж байна.  УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд гуравдугаар сарын 25-аас өмнө мөрийн хөтөлбөрөө Аудитын ерөнхий газар хүргүүлж, хянуулах ёстой учир намууд ихэнхдээ онлайнаар мөрийн хөтөлбөр батлах хурлаа хийж байна. Тухайлбал, Ардчилсан нам өнгөрсөн Бямба гаригт Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийж, мөрийн хөтөлбөрөө баталсан бол өнөөдөр Монгол ардын нам Бага хурлаа мөн онлайнаар хийх гэж байна. Бусад улс төрийн намууд ч гэсэн онлайнаар хуралдаж байгаа.

Энэ удаагийн сонгууль эрх баригч болон нийтэд танигдсан улс төрийн хүчнүүдийн хувьд боломж олгож байгаа бол гуравдагч хүчнийхний боломжийг багасгасан сонгууль болж байна.

2020 оны зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын сонгууль маш том онцлогтой. Учир нь коронавирусийн халдвар дэлхийг айдаст автуулж, Монголд бүртгэгдсэн учраас бид сонгуулийн сурталчилгааны ихэнх хугацааг хөл хориотой, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байгаа. Сонгуулийн хуулийн дагуу нам, нэр дэвшигчийн сурталчилгаа эхлэх хуультай ч угтаа бол улс төрийн намууд, нэр дэвшигчид сонгуулийн эхний сараас эхлэн албан бус сурталчилгаандаа идэвхтэй оролцож эхэлдэг. Гэвч энэ удаад тийм боломж нь хомс, олон нийтийн арга хэмжээгүй өнгөрөөж байна. Тэгэхээр танигдаагүй нэр дэвшигч, гуравдагч хүчний намуудын хувьд боломж нь илүү багасч байна гэсэн үг.

Улс төрийн намуудын хувьд 2020 оны сонгуульдаа бэлтгэж, сонгуулийн хуулийн дагуу аймаг, сум, дүүрэгт намын үүрээ байгуулж эхэлсэн. Гэвч эдгээр үүрүүд намынхаа туг мандуулсныг эс тооцвол хаалга нь цоожтой. Тэгвэл хөл хориотой энэ өдрүүдэд намууд сонгуульдаа хэрхэн бэлтгэж байна вэ.

МАН, АН НАМЫН ГИШҮҮДДЭЭ “НАЙДАЖ” БАЙНА

Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд МАН, АН үнэмлэхүй ялалт байгуулсаар ирсэн. Тэдний хувьд гуравдагч хүчинд боломж олгохоос зайлсхийж, эрх барьж байх хугацаандаа сонгуулийн хуулиа өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, баталж ирсэн. Тиймээс тэд хороод, дүүрэгт хамгийн “хөл” сайтай нь.  Өөрөөр хэлбэл, АН, МАН-ынхан хэсгийн хороодоос эхлээд аймаг, дүүргийн намын хороо, эрх барьж буй удирдлагатайгаа илүү ойр ажиллаж байгаа. Нөгөө талаар томсгосон тойрог учраас эрх баригч намын хувьд өөрсдөд нь илүү боломж байгаа гэж харж байгаа Ардчилсан нам үеийн үед хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Энэ хоёр намын хэн нь илүү “хөл” сайтай, бас сонгогчдод таалагдах нэр дэвшигчийг сонгоно төдий чинээ ялалт нь илүү болно гэсэн үг.

ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮД НЭГДЭЖ, ЭВСЧ СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Монгол Улсад бүртгэлтэй 34 улс төрийн нам бий. Тэд сонгууль бүрийн өмнө идэвхждэг ч өнөөдрийг хүртэл гуравдагч хүчний нөлөөлөл өндөртэй сонгууль тун ховор, 2012 оны сонгуулийн эс тооцвол шүү дээ. 2012 онд МАХН болон МҮАН нэгдэж, эвсэл байгуулснаар хамгийн олон хүн сонгогдож, бүлэг байгуулж байсан түүхтэй. Яг өнөөдөр ч жижиг улс төрийн намууд хоорондоо нэгдэж, сонгуульд бэлтгэж байна. Тухайлбал, МАХН ИЗНН, Ногоон намтай хамтарч оролцохоо мэдэгдээд байгаа бол Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ Социол демократ нам, Зүй ёсны намууд нэгдэн "Зөв хүн электорат" эвсэл байгуулж буйгаа зарлаад буй. Энэ мэтчилэн гуравдагч хүчнийхний хувьд 2020 оны сонгуульд нэгдэж, эвсэл байгуулж ялалт байгуулна гэж тооцож байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа иргэн бүртэй илүү ойртож ажиллаж байгаа. Тухайлбал, МАХН гэхэд дурын найман оронтой утасны дугаар зохиож мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Цаашид ч олон гуравдагч хүчнүүд нэгдэж, эвсэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж