Дэлхий нийтийг аймшигт цар тахал бүрхэж байна. “Covid-19” хэмээн нэрлэсэн энэ өвчин ердөө гуравхан сарын хугацаанд дэлхийн 192 оронд бүртгэгдэж 335 мянган хүнд халдварлаж, 14 мянган хүний амийг авч одлоо.
Ялангуяа сүүлийн долоо хоногууд бол дэлхийн хамгийн баян тансаг, хүчирхэг улс орон байгаад ч өвчин зовлон хэнийг ч үл ялгадаг гэдгийг харуулсан цаг хугацаа байлаа. Анх Азийн орнуудад /Хятадад/ эрчимтэй дэгдсэн энэ өвчний тархалт Европ тивийг нөмөрч байна. Дэлхийн бүхий л хүчирхэг эдийн засагтай улс орнууд байдаг энэ тивийг коронавирусийг өлхөн дараад авчихна гэж төсөөлж байсан ч байдал эсрэгээрээ эргэж, Европчууд өдөрт хэдэн зуугаараа хорвоог орхиж, эмч эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орж, зарим үед бууж өгч байгаа нь харагдаж байгаа юм. Харин Азичуудын хувьд /Халдварын голомт болсон Хятадаас бусад улс орнууд/ халдвар олон оронд хурдтай тархсан ч халдварыг харьцангуй бага дээр нь тогтоон барьж чадсан. Хэдий Европчууд халдвар анх Хятад улсад дэгдсэнээс болж Хятадуудыг төдийгүй бүхий л Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан ч Европчуудад Азиудаас сурах зүйл олон байгаа гэдгийг энэ тахал өвчин харуулж байна.
НЭГ: АЗИУД ЭНЭ ӨВЧИНГ БАСААГҮЙ, МАШ ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВСАН
Кооронавирусийн халдвар дэгдээд удаагүй байхад Азийн орнууд маш хурдан шаламгай арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, шинжилгээ оношилгоог өргөн хүрээнд хийж, халдвар авсан хүмүүсийг маш хурдан илрүүлж, тусгаарлаж, хөл хориог ч мөн цаг алдалгүй тавьсан. Европчууд дээрхтэй адил арга хэмжээ авч байгаа ч тэд асуудалд хэтэрхий тайван хандсан.
"Их Британи, АНУ зэрэг орнууд том боломжийг алдлаа. Барууны орнуудад Хятадаас бараг хоёр сарын дараа халдвар тархаж эхэлсэн. Тэд Хятадыг хэтэрхий хол байна, аюул тэднээс хол байна гэж бодсон" гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны бодлогын захирал асан Тикки Пангесту хэлж байв.
ХОЁР: ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭГ АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛААР ХИЙХ
Хятадын дараагаар Өмнөд Солонгост халдвар эрчимтэй тархаж эхэлсэн. Өмнөдүүд мөн л шаламгай ажиллаж, дотооддоо оношлуур бүтээж, сэжигтэй гэж үзсэн 290 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулсан. Өдөрт 10 мянга орчим хүнд үнэ төлбөргүй шинжилгээ хийж байв. Ингэхдээ явуулын, түр шинжилгээний байруудад шинжилгээг хийж байсан ч өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн хэн бүхэнд хүртээмжтэй байсан.
Эсрэгээрээ АНУ-д ард иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдахад бэрхшээлтэй байсан. АНУ-ын эрх баригчид халдварыг илрүүлэх шинжилгээ авч эхлэх хугацааг хойшлуулсан, оношлуурууд нь алдаатай байж таарсан, ард иргэд шинжилгээг сайн дураараа өгье гэсэн ч өртөг өндөртэй байсан зэрэг нь халдварыг газар авхуулах шалтгаан болсон. Мөн Их Британид зөвхөн эмнэлэгт хандан ирсэн хүмүүсийг шинжилгээнд харуулах шийдвэр гаргасан нь хөнгөн шинж тэмдэгтэй, огт шинж тэмдэг илрээгүй буюу нууц үе дээрээ байгаа хүмүүсийг зөнд нь хаясан явдал байв.
ГУРАВ: ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ МАРШРУТЫГ ТОГТООЖ, СЭЖИГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДАРУЙ ОЛЖ ТУСГААРЛАХ
Шинжилгээг зөвхөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс авах нь хангалтгүй. Тэдэнтэй ямар нэг байдлаар холбоо тогтоосон бүх хүмүүсийг олж тогтоох хэрэгтэй. Энэ бол халдварыг бага дээр нь дарах гол түлхүүр. Сингапурт гэхэд цэрэг хүчнийхнийг дайчилж, халдвар авсан өвчтөнүүдтэй харьцсан хүмүүсийг олж тогтоох ажлыг гүйцэтгэжээ. Мөн Хонгконгод гадаадын орнуудаас ирсэн хүмүүсийг тодорхой хугацаанд өөрсдийгөө гэртээ тусгаарлахыг үүрэг болгож, тэдний хөдөлгөөнийг хянах цахим бугуйвч зүүлгэсэн байна. Харин Сингапурт өөрийгөө тусгаарлаж буй хүмүүс өдөрт тодорхой давтамжтайгаар хяналтын ажилтнууд руу холбоо барьж, байрлаж буй газрынхаа гэрэл зургийг мөн илгээх үүргийг хүлээж байжээ. Мөн энэ журмыг зөрчсөн хүмүүсийн хатуу шийтгэж арга хэмжээ авч байсан нь тусгаарлах ажлыг илүү үр дүнтэй болгож байв. Гэтэл барууны улс орнуудад нэгдүгээрт хүн амын тоо их учир хянахад хэцүү, дээр нь хүмүүс нь хэтэрхий эрх чөлөөтэй байдаг нь ийм арга хэмжээ авахад хүндрэл учруулж байгаа юм. Улс орон жижиг, цомхон байх тусмаа аюулт өвчнийг хянах боломж их байна гэсэн үг юм.
ДӨРӨВ: АЛЬ БОЛОХ ЭРТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ШИЛЖИХ
Энэ бол халдварыг нэмэгдүүлэхгүй байх хамгийн сайн аргуудын нэг. Мэдээж, ажиллагаа, хяналт шаардлагатай. Халдвар анх гарсан Хятадын Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнө таван сая оршин суугч тус хотоос гарсан байдаг. Энэ нь дэлхийн хамгийн олон хүн амтай улс орныг тэр чигт нь хөл хорионд оруулах шалтгаан болсон. Одоогийн байдлаар халдвар хамгийн их тархсан Итали, Испани улсууд халдварын тоо хэдэн мянга болсны дараа сая нэг хөл хорио тогтоож эхэлсэн нь дэндүү оройтсон шийдвэр байсан юм.
ТАВ: ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР МАШ САЙН ХАНГАХ
Ард иргэдтэйгээ нягт харилцаа холбоотой ажиллаж байж эрх баригчдын гаргасан шийдвэр нүдээ олж хэрэгжинэ. Эс бөгөөс бүх зүйл нуран унаж магадгүй. Хамгийн чухал зүйл нь гаргаж буй бүх шийдвэрүүд шинжлэх ухаанд суурилсан, бусад улс орнуудад үр нөлөөгөө бодитоор өгсөн шийдвэр байх ёстой ба тэднийгээ ард иргэддээ сайтар сурталчлах. Хятад улс халдвар ийм дээр хүртэл тархана гэж төсөөлөөгүй цаг алдсан.
Бусад улс орнууд Хятадын энэ туршлагаас суралцах хэрэгтэй байсан. Өмнөд Солонгост гэхэд тухайн хүний ойр хавьд халдвар авсан байж болзошгүй хүн байгаа эсэхийг хянаж болох гар утасны аппликейшн гаргасан. Хонгконгод халдвар авсан хүмүүсийн байрлаж байсан газруудыг тэмдэглэсэн хянах самбаруудыг гудамж талбайдаа ихээр байршуулсан. Сингапурт эрх баригчид нь ард иргэддээ маш сайн уриалга гаргаж, сандрахгүй байхыг уриалж, хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийг ч мөн албан ёсны нэг шугамд оруулж, ард иргэдийг сандаргахгүйн тулд хоорондоо өрсөлдөх, мэдээ мэдээлийг нэгнээсээ түрүүлж хүргэх гэдэг байдлыг зогсоосон.
ЗУРГАА: ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ХУВЬ ХҮНИЙ ХАНДЛАГА
Хонгконгчууд гэхэд сүүлийн нэг жил засгийн газрынхаа эсрэг тэмцэж, эрх баригчдадаа итгэх итгэл нь буураад байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тэд эрх баригчдынхаа тавьсан шаардлагыг дуулгавартай биелүүлж, сайн дураараа өөрсдийгөө тусгаарлаж, шинжилгээг ч мөн сайн дураараа өгч байв. Шинжээчдийн үзэж буйгаар Хонгконгчууд хэдийгээр Засгийн газартаа итгэх итгэлээ алдсан ч эцсийн мөчид өөрсдийнхөө нэр хүнд, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, бодит аюул занал хажууд нь ирээд байгааг маш сайн ухамсарласан гэжээ.
2003 онд гарсан SARS халдварын үед Хонгконгчуудын хариуцлага, сахилга бат маш сайн байсныг тухайн үед ажиллаж байсан эмч мэргэжилтнүүд сайшаадаг. Мөн Азичууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах, бусдад төвөг учруулахгүй гэдэг сэтгэлгээ нь барууныхнаас илүү гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ