МАН: Мөрийн хөтөлбөрөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

МАН: Мөрийн хөтөлбөрөө баталлаа

НЭМЭЛТ:

Бага хурлын V хуралдаан улс орон даяар анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, мөрийн хөтөлбөрөө баталлаа. Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцлоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.

Мөрийн хөтөлбөрт ард түмэн, нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг оновчтой, бүтээлч байдлаар шийдвэрлэхээр зөвлөлдөн хэлэлцэж, цахим хурал амжилттай боллоо.


НЭМЭЛТ: 

Монгол Ардын Намын V Бага хурал улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Бага хурлын гишүүд 21 аймаг 9 дүүргийн нийт 38 байршилд хуваагдан цахимаар хуралд оролцож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Энэ дагуу энэ удаагийн Бага хурлаар МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийг хөтөлбөр, болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм.

Д.Амарбаясгалан: Гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг бүрэн дүүрэн хангасан

-Монгол Ардын Нам “Цахим нам” болох зорилтын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн намын анхан шатны байгууллагуудтайгаа холбогддог цахим технологийг нэвтрүүлээд хоёр жил боллоо. Өнөөдрийн Бага хурал гишүүдийн 85 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанд оролцож буй гишүүд саналаа хэлэх, саналаа мөрийн хөтөлбөрт тусгах боломжийг бүрэн дүүрэн хангасан.


НЭМЭЛТ: 11.45 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал дөнгөж сая эхэллээ. Хуралдаанд 357 гишүүн оролцохаоо мэдэгдсэн байна. Ингэхдээ төлөөлөгчдөө намын байранд цуглуулж, 5-20 хүнийг нэг өрөөнд байрлуулах журмаар цахим хуралдаанаа хийж байгаа юм байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын 7 давхрын хурлын зааланд 20 гишүүн,  зургаан давхрын хурлын зааланд 11 хүн гэм мэтээр хэсэг хэсгээр нь байршуулж, цахим хуралдаанаа хийж байгаа юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгөхгүйгээр нэр дэвшигч болон сонгуулийн компанит ажилд ач холбогдол өгөөд хэрэгждэггүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд явж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн сургамж гэж хэлж болно. Үүнийг таслан зогсоохын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд "Алсын хараа-2050" урт хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү урт хугацааны төслийг улс төрийн бүх намуудад хүргэсэн. Тэгэхээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрүүд тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх болов уу гэж найдаж байна. Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байгаа. Нэгд,коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ унаад босох хэмжээний цикл гэж тооцоолж байсан нь унаад, уналт урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, агаарын тээврийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэгчид уналтад өртөх нь тодорхой болж байна. Үүнийг харгалзан үзэх шаардлагатай болсон. Хоёрт, Манай улс маш их хэмжээний гадаад өртэй байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлан өөрчлөлт хийх 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа.


МАН-ЫН БАГА ХУРАЛ ОНЛАЙНААР ХУРАЛДАНА

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр /2020.03.23/ 11.00 цагт намынхаа Бага хурлыг онлайнаар хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар 2020 оны мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн онлайн Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Саранчимэг нар удирдах явуулахыг Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод буй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай. Тиймээс намууд онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа бөгөөд Ардчилсан нам гэхэд өнгөрөгч Бямба гаригт намын мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хорооны хурлаа онлайнаар хийсэн юм.

МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаа хийхдээ 369 төлөөлөгчөө Тусгаар тогтнолын ордонд цуглуулж, нэг өрөөнд 7-8 хүн байрлуулж, онлайн хурлаа хийхээр товложээ. Мөн энэ удаагийн Бага хурлаар намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, түүний орны хүнийг томилно гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж