Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

Өөдрөг байх сайхан ч эдийн засаг хямрах нь тодорхой боллоо 

Дэлхийн улс орнууд коронавирусийн улмаас эдийн засагт нь үүсэх хүндрэлийг гэтлэн давах зорилгоор өөр өөрсдийн онцлогт тохируулан зарим нь хэдэн сая, зарим нь хэдэн тэрбум ам.долларыг зарцуулах шийдвэрийг гаргаж байна. Ройтер агентлагийн гуравдугаар сарын 16-20-ны хооронд хийсэн судалгаагаар дэлхийн эдийн засаг уналтын үедээ орсон гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрчээ.

Монголын эдийн засаг ч энэ уналтыг тойроод гарахгүй нь тодорхой ч Засгийн газрын зүгээс эдийн засгаа хүндрэл багатай аваад гарах төлөвлөгөөг ил тод танилцуулаагүй хэвээр байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт зарим телевизийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр тэгтлээ санаа зовинох зүйлгүй, оны сүүл гэхэд эргээд сайжирна гэсэн тайван амгалан мэдэгдлийг хийжээ. Энэ бол уналт биш, зүгээр явж байсан процесс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан түр зуур тасалдсан тохиолдол гэж үзэж байгаа нь хэр зөв бэ? Дэлхийн улс орны удирдагчид, Ерөнхий сайдууд, Сангийн сайдууд, Төв банкны ерөнхийлөгчид үүссэн нөхцөл байдлын хэрхэн давах төлөвлөгөө, арга замаа иргэддээ танилцуулж байхад манай улс тэгж үзэхгүй байгаа бололтой. Коронавирусийн халдвараас сэргийлэн хилийн боомтуудын хөдөлгөөний хязгаарласнаас үүдэн Монгол улсын хамгийн бодитоор амсч байгаа хүндрэл бол экспортын орлого тасалдаж  байгаа явдал.

Ч.Хүрэлбаатарын хэлснээр 2020 он гарсаар улсын нэгдсэн төсвийн орлого 175 тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа бөгөөд үүний 125 нь экспорт зогссоноос үүдсэн АМНАТ-ын татварын орлого ажээ.

Өнгөрсөн Баасан гаригт хийсэн Улсын онцгой комиссын мэдээллээс үзэхэд энэ долоо хоногтоо нүүрсний экспортыг эхлүүлэх ажээ. Энэ нь мэдээж сайн мэдээ. Бодлогын хүүг бууруулсан, НДШ, татвар, түрээсийн торгууль, алдангийг хөнгөлөхөө Засгийн газар мэдэгдсэн ч энэ арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд хэрхэн буух, яаж хэрэгжүүлэхийг ирэх долоо хоногт эхлэх товтой УИХ шийднэ гэсэн хүлээлт байна. Ипотекийн, цалингийн болон хэрэглээний зээлийн төлөх хугацааг гурван сар царцаахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мэдээж энэ шийдвэр маш олон хүнд хамаатай ч энэ ажлыг хэрхэн зохицуулах талаар иргэд ч, банкууд нь тодорхой ойлголт авч чадсангүй. Энэ долоо хоногоос тодорхой болох байх гэж найдаж байна. Засгийн газар энэ мэт арга хэмжээ авч байгаа ч байгаа онохгүй байгаа тухай бизнес эрхлэгчид санал бодлоо илэрхийлж эхэллээ. Хийгээгүй биш хийсэн нь үнэн боловч аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг тогтвортой хадгалах, эрэлтийг дэмжих чиглэлд илүү далайцтай, шийдэмгий алхмууд хэрэгтэй байна. Хамгийн хүндээс тусах салбаруудын таамаг тооцоо, тэр салбаруудад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэд хэдэн салбар, тухайлбал, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн хоол, үл хөдлөх гээд олон салбар хямрах нь тодорхой болчихоод байна. Өртөг бүтээж, татвар төлдөг иргэдээ илүүтэй хамгаалах нь ирээдүйгээ харсан шийдвэр байх болно.

Ноолуурын улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор ноолуурын зээл өгөх гэж байгаагаа Сангийн сайд мэдэгдсэн нь бас нэгэн сайн мэдээ.

Маш их зүтгэл, хөдөлмөрөөр дотооддоо өвчний тархалтыг барьж чадаж байгаа ч халдварын голомт болсон гадаад орнуудаас ирж байгаа монголчуудыг тусгаарлах, шинжилгээнд хамруулах гээд мөнгө урссаар байна. Байдал яаж ч эргэж мэдэх учраас муугаар бодож бэлтгэлтэй байхаас өөр аргагүй. Нүүрсний экспорт эхэлснээр бүх зүйл шийдэгдчихгүй. Тэвчиж болох бүх зардлаа танана гэсэн байр суурийг Засгийн газар илэрхийлэхгүй байгааг эдийн засагчид, бизнес эрхлэгчид шүүмжилж байна. Угаасаа сонгуулийн жилийн төсөв хөөсөрсөн байдгийг бүгд мэднэ. 2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг 3,806.1 тэрбумаар баталсан. Өнгөрсөн 2019 онтой харьцуулахад орон нутгийн хөрөнгө оруулалт /2020 онд 623.4 тэрбум, 2019 онд 503.0 тэрбум/, концесс /2020 онд 323.6 тэрбум, 2019 онд 144.7 тэрбум/, стратегийн нөөц болон бусад хөрөнгө оруулалт /2020 онд 114.1 тэрбум, 2019 онд 98.8 тэрбум/, улсын төсвийн хөрөнгө оруулалт /2020 онд 1427 төсөл, арга хэмжээнд 1,828.9 тэрбум, 2019 онд 1281 төсөл,  арга хэмжээнд 1,55.4 тэрбум/ аль аль нэмэгдэж батлагдсан.

Тэгэхээр байдал хүндэрвэл хөрөнгө оруулалтын зардлаас танах боломж бий. Оны сүүлээр байдал дээрдэнэ гэдэг нь өвөл болбол хүйтэрдэг гэдэгтэй агаар нэг бөгөөд тэгээд ч оны сүүлээр одоогийн Ерөнхий сайд, Сангийн сайд энэ хэвээр байхыг сонгуулийн дүн шийднэ.

Өнгөрсөн оны эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайн гарсан, валютын нөөц нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын санааг амрааж байгаа бололтой. Бие биетэйгээ нягт уялдсан дэлхийн том эдийн засгууд илүүтэй хохирол амсах магадлал өндөр байгаа ч энэ нь аюул манайхаас холуур өнгөрнө гэсэн үг биш. Сүх далайтал үхэр амар гэж суух цаг уг нь биш. Өөдрөг байж дархлаагаа дэмжих нь чухал ч өөдрөг үгийг нөхцөл байдалд нь тохируулж хэлж байж л үнэн сонсогдоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж