Тусгаарлах хугацаагаа сунгаж, хариуцлагаа чангаруулъя

Хуучирсан мэдээ: 2020.03.23-нд нийтлэгдсэн

Тусгаарлах хугацаагаа сунгаж, хариуцлагаа чангаруулъя

Тусгаарлах хугацаагаа сунгаж, хариуцлагаа чангаруулъя

Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавирусийн халдвар дэлхийн 187 улсад бүртгэгдсэн болохыг ДЭМБ-аас мэдээлж буй. Европын улс орнуудад халдварын тархалт цар хүрээгээ тэлж. Итали, Испани улс  өвчлөл, нас баралтаараа  тэргүүлэх болсон нь дэлхий нийтийг цочирдуулаад байна. Харин БНСУ-д өвчлөлийн тоо дахин нэмэгдэх хандлагатай байгааг мэдээлэх болов. Саяхан тус улсад 17 настай хүүгийн  найман удаагийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан  ч уушгины хатгалгаагаар нас барсан нь эрдэмтдийг мухардалд оруулаад байна. Учир нь ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн нь анхаарал татаж буй.  Үүнтэй ижил нэг тохиолдол БНХАУ-д гарчээ. Тус улсын 55 настай иргэн Тяньжин төмөр замын ажилтан коронавирусийн халдварын шинж тэмдгээр өвдсөн ч вирус илрэхгүй байжээ. Эмнэлгийнхэн түүнийг оношлуураар гурван удаа үзэхэд вирус илрээгүй боловч дөрөв дэх удаагийнхаар Covid-19 илэрсэн илэрсэн аж. Тухайн иргэн вирус илэртэл бүтэн долоо хоногийн хугацаанд өөрийгөө бусдаас тусгаарлаж, гэртээ карантилсан байжээ. Ингээд тэрбээр Тяньжин хотод Covid-19 вирусийн халдвараар өвчилсөн 28 дахь хүн болсон аж.

Коронавирусийн халдварыг ханиад томуунаас ялгаж оношлоход нэг хоёр удаагийн шинжилгээ хангалтгүй гэдгийг  Сингапурын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тэргүүн, профессор Ли Янь өмнө нь онцолж байв.

Түүний хэлснээр коронавирусийн үед илэрч буй шинж тэмдэг энгийн вирусийн гаралтай ханиадтай төстэй, халдварласан тохиолдолд эхэндээ хөнгөн хэлбэрээр илрээд богино хугацаанд хүндэрдэг учраас нэг удаагийн шинжилгээгээр ханиад болон томуугаас ялгахад төвөгтэй гэнэ. Энэ тухай тэрбээр “Хүмүүсээс коронавирусийг тогтоох шинжилгээ авахаас гадна хамгийн сүүлд аялсан орон, халдвартай байж болзошгүй хүнтэй ойр байсан эсэх талаар мэдээлэл авч, хэд хоногийн дараа дахин шинжилгээ авах нь халдвар авсан эсэхийг тогтоох хамгийн найдвартай арга болоод байна” хэмээжээ.

Түүнчлэн тус улсын Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Лео Юй Синий хэлснээр өвчний шинж тэмдэг нийтлэг боловч коронавирусээр халдварласан тохиолдолд эхний 7-14 хоногт бараг л ямар ч шинж тэмдэг илрэхгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр “Коронавирус халдварласан тохиолдолд хоёр дахь долоо хоногоос хоолой сэрвэгнэж, ганц нэг ханиалгаж эхэлдэг. Тиймээс вирусийн халдвар авсан тохиолдолд эхний хоёр долоо хоногт энгийн томуугаас ялгаж, оношилно гэдэг амаргүй байна. Үүнээс үүдэж, анхны шинжилгээнээс вирус илрээгүй тохиолдол олон бүртгэгдэж байна” гэдгийг өмнө нь мэдээлж байв.

Харин Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар илэрсэн болон  сэжигтэй тохиолдлууд, гаднаас ирсэн ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлаж, түргэвчилсэн оношлуур болон нарийн шинжилгээ хийх PCR оношлуур шинжилгээний хариугаар тогтоож буй.  Түргэвчилсэн оношлуулаар эхний 20 минутын дотор хариу гардаг бол PCR оношлуур нь олон улсын стандартад нийцсэн нарийн шинжилгээний лабораторид хийдэг найдвартай болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцолж буй. Мэдээж бид Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д хийгдэж буй шинжилгээний хариунд итгэж, тусгаарлах, хяналтад авах арга хэмжээг үгүйсгэх гэсэнгүй. Гэвч дэлхийн олон улс оронд коронавирусийг дахин нягтлах, шалгах, хяналтдаа авахгүй бол цар тахал нөмрөх аюултай байгааг олон улсын эрдэмтэд ч бодит байдал ч бидэнд харуулж байна.

Хэдийгээр ийм боловч шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдээ эмч нар дахин хяналтад авах шаардлагатай. Эцсийн хариу нь сөрөг гарсан гээд нийтээрээ баярлах бус эрсдэлээ тооцож дахин хянаж, тусгаарлагдаж буй иргэдийн 14 хоногийн хугацааг сунгахад буруудах зүйлгүй.

Ялангуяа Монгол Улсын хувьд коронавирус дотооддоо илрээгүй, гаднаас ирсэн иргэд зөөвөрлөн авчирч байгаа учраас бид сонор сэрэмжээ алдалгүй, илүү хариуцлагатай байх цагт ирж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 10 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд нийт 3115 хүн тусгаарлалт, ажиглалтад орсноос одоогоор 1951 хүн тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа юм. Тусгаарлагдаж буй иргэдийн дунд гадаадаас чартер нислэгээр эх орондоо ирсэн мянга гаруй иргэн багтаж буй. Тэднийг ХӨСҮТ болон амралт, сувилал, цэргийн төв эмнэлэгт 14 хоногийн хугацаанд тус тус эмнэлгийн хяналтад авч, ажиглалт хийж байгаа билээ. Гэсэн ч  тусгаарлагдаж буй иргэдийг 14 хоног эмнэлгийн хяналтад байлгах нь хангалтгүй,  эмнэлгээс гарсан иргэд дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн. Магадгүй тусгаарлагдаж буй иргэд эмнэлгээс гараад өөрийгөө гэртээ тусгаарлах эмч нарын зөвлөгөөг бүгд дагана гэвэл эргэлзээтэй. Нэг хүний хэнэггүй зан,  тэнэг үйлдлээс болж нийтээрээ хохирохыг ч үгүйсгэх аргагүй. Энэ бүх эрсдлээ тооцож тусгаарлалтын хугацааг дахин сунгах нь зөв болов уу. Хэдийгээр тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байгааг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэлж байгаа ч халдвар тархсан хойно нь биш урьдчилан сэргийлэх боломж нь бидэнд нээлттэй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж