Сүүлийн үед дэлхий дахинаа covid-19 өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж, улс орон бүр ард иргэдээ тусгаарлах арга хэмжээнүүдийг өргөн цар хүрээтэй авч байна. Тэр дундаа олон нийтийг ихээр цуглуулдаг урлаг, спортын арга хэмжээнүүдийг ээлж дараалан зогсоож, хойшлуулж байна. Харин энэ үеэр мэргэжлийн спортын дэлхийн томоохон лигүүд олон тооны тамирчид болон санхүү мөнгөөрөө хохирч байна.
ТАМИРЧИН Ч ГЭСЭН ХҮН
Манайхны дунд тамирчин хүн халдвар авах ёсгүй, халдвар авсан ч хурдан эдгэрдэг гэх зэрэг өрөөсгөл ойлголт их байна.Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг гэдэг үг бий. Өвчин таныг яс үндэс, нийгмийн гарал угсаа, хөрөнгө мөнгөөр тэр ч бүү хэл таныг тамирчин биш эсэхээр ялгахгүй шүү дээ. Тиймээс тамирчин хүн ч гэсэн халдвар авч, өвчин тусч болно. Ялангуяа жилийн энэ үед. Хаврын улирал эхлэхээр хүний дархлааны систем муудаж, янз бүрийн өвчний бай болох нь амархан байдаг. Тамирчид ч гэсэн тийм л гэсэн үг. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирал 2019 оны 10-р сарын 22-нд нээлтээ хийсэн бол Европын хөлбөмбөгийн лигүүд наймдугаар сарын дундуур нээлтээ хийсэн. Мэргэжлийн тамирчид гэдэг бол үргэлж өндөр түвшинд бэлтгэл хийж, маш их ядралт, биенийхээ эрдэс бодисыг ихээр алддаг. Өдийд бол томоохон спортын лигүүд шувтрах шатандаа орсон аваргуудын төлөө өрсөлдөх багуудын нэрс тодроод эхэлсэн байх учиртай л даа. Энэ урт удаан улирлын турш байнгын бэлтгэлтэй, өндөр түвшинд формтой байна гэдэг амаргүй. Спортын эмч нарын хэлж буйгаар “ Мэргэжлийн тамирчид жилийн яг өдийд маш их хэмжээний ядралт, өөрт байх ашигтай эрдэс бодисууд алдаад эхэлсэн байдаг. Тиймээс гэмтэл бэртэл авах, өвчин тусах нь энгийн хүнийхээс ч илүү их байдаг” хэмээжээ. Хэдийгээр тамирчид байнгын нөхөн сэргээх эмчилгээнд ордог ч энэ нь зөвхөн булчин болон биений бусад зүйлсийг амраадаг болохоос халдварын үед тус болохгүй гэдгийг хэлжээ.
Одоогийн байдлаар Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Юта Жазз багийн Руди Гобер, Донован Митчелл, Бостон Селтикс багийн Маркус Смарт, Детройт Пистонс багийн Кристиан Вүүд, Брүүклин Нетс багийн Кевин Дюрант болон Лос-Анжелес багийн нэр нь мэдэхгүй байгаа хоёр тоглогч covid-19 өвчний халдвар авсан нь батлагдсан. Тус лигийн хамгийн анхны халдвар авсан гэх Франц төвийн тоглогч Руди Гобер гэр бүлээсийнхээ хүнээс халдвар авсан гэж яригдаж байгаа. Тэрбээр 2019-2020 оны улиралд нийт 62 тоглолтонд оролцож, 2142 минутыг талбайд өнгөрүүлжээ. Төвийн тоглогч гэдэг багийнхаа хамаг хамгаалалтын ачааг үүрч, самбар руу явсан бөмбөг болгоны хойноос үсэрч, 100 кг давсан тоглогчидтой талбайд зууралдаж, маш их хөлс хүч, энергийг ялгаруулдаг. Ингэж бодохоор мэргэжлийн тамирчин байна гэдэг амаргүй. Мөн дээрээс нь хаврын улирал ирж байгаа. Иймээс ядралт, дархлаа гэх зэрэг хүчин зүйлсээс болж тамирчин хүн ч халдвар авч болно гэдгийг санах хэрэгтэй. Зарим нь бүр халдвар авахаас гадна амь насаа алдаж байна. Одоогийн байдлаар Испанийн хөлбөмбөгийн Атлетико Портапа Алта хүүхдийн багийн дасгалжуулагч Франциско Гарсиа шинэ коронавирусээр халдварлаж 21 насандаа нас барсан бол түүнээс гадна Испанийн Реал Мадрид багийн ерөнхийлөгч асан Лорензо Санз мөн 76 насандаа уг өвчний улмаас таалал төгсчээ.
Мөн NBA-ийн тоглогчдоос гадна дэлхийн спортын ертөнцөд дараах хүмүүс covid-19 өвчний халдвар авчээ. Үүнд:
- Италийн хөлбөмбөгийн Ювентус багийн хамгаалагч Даниелэ Ругани, хагас хамгаалагч Блез Матюиди болон Пауло Дибала
- Английн Арсенал багийн дасгалжуулагч Микел Артета
- Италийн АС Милан багийн техникийн албаны захирал домогт тоглогч Паоло Малдини болон түүний хүү болох АС Милан багийн тоглогч Даниел Малдини
- Английн Челси багийн жигүүрийн довтлогчКаллум Хадсон-Одои
- Италийн Фиорентина багийн довтлогчид болох Душан Влахович, Патрик Кутроне болон тус багийн хамгаалагч Герман Пеззелла
- Японы олимпийн хорооны гишүүн Козо Ташима
- Реал Мадридын сагсан бөмбөгийн багийн довтлогч Трей Томпкинс зэрэг тоглогчид багтаж байна. Энэ бол зөвхөн олон нийтэд танигдсан хүмүүс гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Эдгээр хүмүүсээс гадна олон тамирчид, арын албаныхан, дасгалжуулагчид, багийн эзэд халдвар авсан байгаа гэдгийг санах хэрэгтэй.
СПОРТЫН ЛИГҮҮД COVID-19 ӨВЧНИЙ УЛМААС ТОМООХОН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЭРСДЭЛТЭЙ
Спортын лигүүд зогссон нь дан ганц үзэгч хөгжөөн дэмжигчдэд таагүй санагдахгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Эдгээр лигүүдийн ард асар их хэмжээний мөнгө эргэлддэг. Тасалбарын үнэ, реклам зар сурталчилгаа, телевизийн шууд дамжуулалтын гэрээ гээд олон хүчин зүйлээс эдгээр лигүүд маань орлого олдог. Тэгвэл дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн үзүүштэй, хамгийн их мөнгө эргэлддэг хөлбөмбөгийн лиг болох Английн Премьер лиг багагүй мөнгийг энэ хөл хорионы улмаас алдах эрсдэлтэй. Тус лиг нь ирэх долдугаар сарын сүүл гэхэд улирлаа дуусгахгүй бол дараа жилээс эхлэн хэрэгжих телевизийн шууд дамжуулалтын 3 тэрбум фунтын шинэ гэрээгээ алдах аюултай. Мөн үлдсэн тойргийн тоглолтуудаа үргэлжлүүлэхгүй бол телевизийн шууд дамжуулалтаас 750 сая фунтын алдагдал хүлээнэ. Одоогийн байдлаар Английн Премьер лигийн 20 багт ес эсвэл 10 тоглолт дутуу үлдсэн байгаа. Ирэх долдугаар сарын 31-н гэхэд Английн Премьер лигийн зүгээс Sky Sports, BT Sport болон бусад дэлхийн улс орнуудын шууд дамжуулах эрхтэй телевиз, стриймин үйлчилгээний байгууллагуудад дараа жилийнхээ тоглолтуудын хуваарийг хүргүүлсэн байх ёстой аж. Харин дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн хувьд зөвхөн тасалбараас 500 сая ам.доллар алдах эрсдэлтэй. NBA улирлын нэг тоглолтоос 1.2 сая ам.доллар олдог бол одоогийн байдлаар улирлын 1230 тоглолтоос 259 тоглолт үлдэж байгаа. Ингээд бодохоор тэд улирлын тасалбараас 300 гаруй сая ам.доллар алдах боломжтой. Харин плэй-оффын шатны нэг тоглолтоос NBA 2 сая ам.доллар олдог. Сүүлийн арван жилийн хугацаанд NBA дунджаар плэй-оффын 83 тоглолт хийдэг. Хэрвээ тэд NBA плэй-оффын тоглолтуудыг явуулахгүй гэж үзвэл нийт 166 сая.ам доллар алдана. Ийнхүү нийт 500 сая.ам доллар алдах аюултай. Гэхдээ энэ зөвхөн тасалбараас алдах мөнгөн дүн. Үүнээс гадна реклам зар сурталчилгаа, телевизийн шууд дамжуулах гэрээ байгаа. Хэрвээ тэд телевизийн шууд дамжуулах гэрээнд заасны дагуу бүрэн гүйцэд тоглолтуудаа үзэгчдэд хүргэж нэвтрүүлэхгүй бол мөн л мөнгө алдана. Мөн тоглолтын завсарлагаанаар явагддаг рекламуудыг явуулахгүй бас л мөнгө алдана. Ингээд бодохоор тэрбум ам.доллар хол давсан мөнгийг тэд алдах аюултай. NBA-ийн хувьд ABC, ESPN болон TNT зэрэг телевизийн сувгуудтай 2025 он хүртэл 24 тэрбум ам.долларын гэрээ үзэглэсэн. NBA-ээс гадна тус лигийн багууд бас санхүүгийн алдагдал хүлээнэ. Учир нь ямар нэгэн тоглолт явагдахгүй цэнгэлдэхэд олон арын албаны ажилчид хийх ажилгүй 0 зогсолт хийж байгаа. Лиг түр завсарласан хойгуур багуудын зүгээс арын албаныхаа ажилчдын цалинг зүй ёсоор нь өгч байгаа аж. Тамирчид ч энэ тал дээр хандив өгч байгаа. Тухайлбал:
- NBA-ийн 2019 оны "Улирлын Үнэ Цэнэтэй тоглогч" Яннис Адетокумбо Милвауки Бакс багийнхаа Fiserv Forum цэнгэлдэхийнхээ ажилчдад 100 мянган ам.доллар хандивласан бол шинэ залуу тоглогч Зайон Уиллиамсон Нью-Орлеанс Пеликанс багийнхаа Smoothie King центрийн ажилчдын 30 хоногийн цалинг хувиасаа гаргахаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
- Миннесота Тимберволвес багийн төвийн тоглогч Карл-Энтони Тоунс Миннесота хотынхоо Mayo Clinic эрүүл мэндийн байгууллагад 100 мянган ам.долларыг шинэ коронавирусийн эсрэг туршилтанд нэмэр болгон хандивласан аж.
- Блэйк Гриффин Детройт Пистонс багийнхаа Little Caesars Arena цэнгэлдэхийн арын албаны ажилчдад 100 мянган ам.доллар хандивласан байна.
- Кевин Лав өөрийн Кливленд Кавальерс багийнхаа цэнгэлдэхийн ажилчид болон арын албаны хүмүүст 100 мянган ам.доллар хандивлажээ.
- Шинэ коронавирусийн халдвар авсан анхны NBA-ийн тоглогч Франц төвийн тоглогч Рүди Гобер 200 мянган ам.долларыг Юта Жазз багийнхаа Vivint Smart Home Arena цэнгэлдэхийн ажилчдад хандивласан бол 100 мянган ам.долларыг Юта болон Оклахома хотууд дахь шинэ коронавирустэй холбоотой нийгмийн үйлчилгээнд хандивласан байна. Мөн тэрбээр төрөлх Франц улсынхаа шинэ коронавирусийн эсрэг тусламжийн санд 100 мянган евро хандивлажээ.
- NBA-ийн Голден Стэйт Уорриорс багийн эзэд, тоглогчид, дасгалжуулагчид нийлэн нэг сая ам.долларыг багийнхаа Chase Center цэнгэлдэхийн ажилчдын гамшгийн санд хандивласан аж.
АНУ-ын хувьд хамгийн сүүлд 1883 оны дөрөвдүгээр сард л мэргэжлийн спортын дөрвөн том лиг нь ямар нэгэн тоглолт зохион байгуулаагүй зогсонги байдалд орж байжээ
Харин Токио-2020 зуны XXXII олимпийн наадам цуцлагдвал Япон улс нийт 11.3 тэрбум фунтын алдагдал хүлээнэ гэж тооцоо гаргажээ. Үүнд реклам зар сурталчилгаа, телевизийн шууд дамжуулалтын гэрээ, тасалбар, жуулчдыг хүлээн авах зочид буудал болон нисэх онгоцны тасалбарын урьдчилсан захиалгын төлбөр зэрэг багтжээ. Саяхан Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны гишүүн мэдэгдэхдээ “ Бид тамирчдын эрүүл мэндийг аюулд оруулж болохгүй учраас олимпийн наадмыг хойшлуулах нь зүйтэй” хэмээжээ. Үүнээс гадна Норвеги, Бразил, Словени гэх зэрэг улсуудын олимпийн хороод болон АНУ-ын усан сэлэлт, хөнгөн атлетикийн холбоодууд олимпийн наадмыг энэхүү цар тахлыг намжтал олимпийн хойшлуулж өгөхийг IOC буюу Олон улсын олимпийн хорооноос хүсчээ.
Ямартай ч хөл хорио тогтоосон нь үзэгч хөгжөөн дэмжигчид болон багийн эзэд гээд аль аль тал талдаа ашиггүй байгаа нь харагдаж байна. Гэвч дэлхийг айдаст автуулаад буй энэ өвчний эсрэг авах хамгийн сайн шийдвэр бол энэ. Удахгүй энэ бүх хорио цээр дуусч дэлхийн спортын ертөнц эргэн амь орох биз ээ.
Холбоотой мэдээ