БНСУ-д Монгол Улсын 48 мянга орчим иргэн ажиллаж, амьдардаг. Тэдний төлөөлөл бол О.Одбаатарын гэр бүл юм. Одбаатарын гэр бүлийг ийн онцлох шалтгаан бий. Уншигч та юуны тухай юм бол гэж бодож байж магадгүй ч хоёрдугаар сарын 26-ны өдөр буюу шинийн гуравны өдөр эхнэр нь гитардаж, нөхөр нь дуулж, хүүхдүүд нь бүжиглэж буй хайр хүрэм бичлэгийг үзсэн нь лавтай.
БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн "тахал" гэгдэж буй коронавирусийн сургаар монголчууд сандран, үймэлдэж байсан тэр үед О.Одбаатарын гэр бүлийн хөгжилтэй бичлэг хүмүүсийн дунд багахан ч болтугай тайвшрал өгч гэрэл асаасан гэхэд буруудахгүй болов уу.
Тэдний бичлэг коронавирусийн халдвар авчих вий гэж айж, стресстэж суусан олон хүмүүст энэ хүнд нөхцөл байдлыг бид эв нэгдэлтэй, эерэг байдлаар даван туулж чадна гэдэг урам зоригийг өгсөн юм.
seoul 🇰🇷гадуур эвгүй байгаач гэртээ цоглог байцгаая🥰🥰🥰 Бид нар нь 6 хоног гэрээсээ гараагүй бнаа 👍👍👍энэ корона хурдан намжаасай😷😷😷
Posted by Khurelbaatar Undrakhbayar on Wednesday, February 26, 2020
О.Одбаатарын гэр бүлийнхэн бусад монгол хүмүүсийн адилаар амьдралаа дээшлүүлэхээр таван жилийн өмнө БНСУ-т иржээ. Гэхдээ өрхийн тэргүүн мөнгө олохоос илүүтэй гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг чухалчилж БНСУ-руу гэр бүлээрээ явах шийдвэр гаргасан аж.
Тэрбээр “Амьдралаа дээшлүүлж ахиу мөнгө олохын тулд БНСУ-ыг зорьж байгаа олон мянган хүмүүсийг буруутгах аргагүй.
Гэхдээ үр хүүхдүүдийнхээ дэргэд өсч торних, эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй.
Би эхнэрийнхээ хамт БНСУ-аас мөнгөтэй болоод харих ч хүүхдүүдийнхээ хамгийн хөөрхөн эгдүүтэй мөчүүдийг үзэхгүй өнгөрөөнө гэхээс айсан учраас хамт явах шийдвэр гаргасан ” хэмээн ярьсан юм.
О.Одбаатар эхнэртэйгээ Дорнодын театрт хамт ажиллаж байх үедээ танилцжээ. Дурлалт бүсгүйдээ дуу хүртэл зориулж дуулж өгч уяраан, алиа хошин зангаараа найрч эхнэрээ болгон авсан байна. Тэд ханилан суугаад 24 жилийг ардаа үдсэн бөгөөд өдгөө тэд дөрвөн хүүхэдтэй.
ТЭД Ч ХҮҮГЭЭ “ЦЭРГИЙН АЛБАА ХААНА, НУТАГ БУЦНА” ГЭХЭД НЬ УРИАЛГАНХАН ДЭМЖСЭН БАЙНА
Ууган хүү нь 21 настай.Удаах хүү нь 12 настай. Дунд охин нь долоон настай бол отгон охин нь арваннэгэн сартай. Том хүү нь БНСУ-д гэр бүлтэйгээ хамт амьдраад гурван жил болж байтал цэргийн зарлан ирсэн учраас Монгол руу буцжээ. Тэд ч хүүгээ “Цэргийн албаа хаана. Нутаг буцна” гэхэд нь уриалганхан дэмжсэн байна.
Энэ талаар О.Одбаатар “Үнэнийг хэлэхэд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад би цэргийн албыг дүйцүүлж хаасан л даа. Тиймээс хүүгээ цэргийн алба хаамаар байна гэхэд нь бахархсан бас дэмжсэн. Сэтгэл байна гэдэг сайхан хэрэг. Хүү маань цэрэгт явснаар эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшиж, тэсвэр хатуужилтай болсон гэж ярьж байсан. Хүү маань одоо монголдоо амьдарч байгаа” гэлээ.
Ингээд түүнтэй онлайнаар ярилцсанаа хүргэе.
-Шинийн 3-ны өдөр таны цахим хуудаснаа байршуулсан гэр бүлийн бичлэг олон хүмүүст хүрсэн шүү дээ. Тухайлбал, “Маш сайхан, эерэг хайран дүүрэн гэр бүл байна”, “Үнэхээр халуун дулаан уур амьсгалтай гэр бүл юм. Аз жаргалтай маш гоё мэдрэмж авлаа” “Сэтгэл сэргэчихлээ. Үзээд л баймаар бичлэг байна” гэхчлэн танай гэр бүлд аз жаргал хүссэн комментуудаас харахад л олон хүмүүст таалагдсан нь мэдэгдэж байсан. Ер нь тэрхүү бичлэгийг яагаад хийх болов?
–Цагаан сарын үеэр БНСУ-т 1000 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдож сургууль, цэцэрлэг түр хаагдаж эхэлсэн. Би ч гэсэн хаширлаад ажлаасаа чөлөө аваад гэртээ бүгээд зургаа хонож байлаа. Тухайн үед монголд байгаа хамаатнууд маань санаа нь зовоод өдөр бүр “Та нар минь зүгээр үү” гэсэн чат бичээд байсан учраас өөрийн бичлэгээрээ цоглог сайн байгаа шүү гэдгийг харуулахыг зорьсон. Харин бусад хүмүүст гэр бүлийн хайрыг мэдрүүлэхийг хүссэн. Миний бичлэгийг үзсэн өөр нэгэн аав гэртээ хариад гэрийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй, баяр хөөртэй өнгөрөөж байвал миний бичлэгийн гол зорилго биелж байна гэсэн үг. Уг нь тэрхүү бичлэгийн эхний хувилбарыг шинийн 2-нд хийсэн .
Тухайн үед эхнэртэйгээ дуулаад бичлэг хийж байсан чинь ард хүүхдүүд маань санаандгүй байдлаар орж таарсан л даа. Тэрийг хараад яагаад хүүхдүүдтэйгээ хамт бичлэгт орж болохгүй гэж. Тийм биз дээ гэх бодол төрсөн учраас дахин бичлэгээ хийгээд шинийн 3-нд өөрийн цахим хуудаснаа байршуулсан. Ийм олон хүнд хүрнэ гэж ерөөсөө бодоогүй. Бичлэгээ тавихаас өмнө 1000 гаруй найзтай байсан чинь маргаашаас нь эхлээд найзын хүсэлтэд булуулсан. Бас зөндөө их чат ирсэн. Хүмүүсийн аз жаргал хүссэн, урам өгсөн үгс үнэхээр сайхан санагдсан шүү. Хоёрдугаар сарын 26-аас хойш хүмүүс теле концертоо ойр ойрхон үзүүлээч гэхээр нь онгироод одоогийн байдлаар таван бичлэг хийсэн байна даа. /инээв/ Хүмүүсээс найзын хүсэлт их ирж байгаа учраас “Funny Family” гэсэн пежи хуудас хүртэл нээсэн.
–Эхнэр нь гитардаад, нөхөр нь дуулаад, хүүхдүүд нь бүжиглээд л. Ингэхэд танайх урлагийн гэр бүл үү?
-Тийм ээ. Манайх урлагийн гэр бүл. Манай өвөө хөгжмийн зохиолч н.Жүгдэр гэдэг хүн байсан. Эмээ маань хөгжимчин хүн байсан. Харин манай аав бүжиг дэглээч, ээж маань жүжигчин. Ээж маань сүүлийн үед нэлээн хэдэн кинонд тоглосон. Миний төрсөн дүү Монголын үндэсний урлагийн их театрт мэргэжлийн бүжигчнээр ажилладаг. Манай эхнэр бүжигчин мэргэжилтэй бас гитар сайн тоглодог. Удаах хүү маань сургуулийн дугуйландаа лимбэ хөгжмөөр хичээллэдэг. Мөн гүйлтээр дүүрэг болон сургуулийнхаа аварга болсон. “Ааваа монгол хүн болохоороо ийм хурдан гүйдэг юм уу” гээд их асуудаг шүү. Дунд охин шагшуур хөгжим сайн тоглоно. Одоо ер нь хүүхдүүд маань бичлэг хий, бичлэг хий гээд утсаар дүүрэн хэрэгтэй хэрэггүй бичлэгтэй л болсон байна даа. /инээв/
–Ингэхэд таныхаар БНСУ-д ажиллаж амьдрахын давуу тал нь юу вэ?
-Монголоо ямар муулалтай биш. Гэхдээ БНСУ-д ажиллаж амьдрахын давуу тал нь гэвэл амьдрах орчин болон цалин хөлсний хүрэлцээ их сайн. БНСУ олон мянган монгол хүний амьдралыг залгуулж яваа үр өгөөжтэй улс шүү дээ. Би том агуулахуудын тавиур угсардаг компанид ажилладаг. Анх ирэхдээ л энэ газраа ажилд орсон. Мөн энд гурван сарын хугацаагаар ажиллахаар ирсэн монголчуудаа компанидаа ажилд оруулдаг. Эдгээр хүмүүсийнхээ амьдралыг эргээд харахад их бага хэмжээгээр өөрчлөгддөг. Монголд очсон хүмүүс унаа тэрэг, орон сууц авах эсхүл гэрийнхэн рүүгээ мөнгө төгрөг явуулах гэхчлэн монголд ч гэсэн бага гэлтгүй хөрөнгө оруулалт оруулж байгаа гэж боддог юм.
–Мэдээж эх орноо санаж байгаа байх. Хэзээ монголдоо ирэх бодолтой байна вэ?
-Одоогоор гэр бүлийн зөвлөгөөнөөр шийдвэр гараагүй л байна. /инээв/ Гэхдээ оны өмнөхөн ярихад 1-2 жилийн дараа эх орон руугаа буцдаг юм уу гэж хальт ярьсан шүү. Манай хүү одоо тавдугаар ангид суралцдаг. Нэгдүгээр ангиасаа энд сурсан болохоор тавдугаар ангиа төгсөхөөр нь БНСУ-т сурч байсныг батлах бичиг өгдөг юм байна. Харин охин маань цэцэрлэгт явдаг. Тэгэхээр хүүгээ тавдугаар ангийг нь төгсгөөд, охиноо нэгдүгээр ангид ороход нь монгол руугаа буцна гэж бодож байна.
– Сүүлийн үед монгол залуучууд эх орноо хөгжилгүй, түгжрэлтэй, бухимдалтай гэж төвөгшөөх хандлага ажиглагдаад байна л даа. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хүмүүс “Монгол ядаргаатай, бухимдалтай” гэлцдэг. Яахав үнэн л дээ. Манайд асуудал их байгаа нь. Гэхдээ Монголоо муулна гэдэг бол өөрийнхөө хувь заяаг муулсантай адилхан. Ийм сайхан эх орон өөр хаана ч олдохгүй. Залуучууд эх орноо муулаад байх юм бол хэн энэ улс орныг цааш нь авч явах юм бэ. Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс монголоо муулж байхыг би лав хараагүй.
–Өнөөдрийн байдлаар таны амьдарч буй Сөүл хотод нөхцөл байдал ямар байна вэ?
–Сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 23-нд орох байсан ч дөрөвдүгээр сарын 3-ыг хүртэл хойшилсон. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн багш, захирлууд нь хоёр хоноод л хүүхдүүд гайгүй юу гээд утсаар ярьж шинэ мэдээлэл зөвлөгөө өгдөг. Ер нь байнгын холбоотой байдаг. Энд Солонгос, Монгол гэлтгүй бүгд аюулгүй байдлаа бодоод гэрээсээ гарахгүйгээр зохих хэмжээнд эрүүл мэндээ сахин хамгаалж байна. Гадуур хөл хөдөлгөөн эрс багассан байна лээ. Манай гэр бүлийнхэн ариун цэврээ сахиад гангатай арцаар утаад, халуун аарц уугаад, тараг бүрж идээд л дархлаагаа дэмжээд гэртээ байна. Мэдээж ариутгагч бодис, амны хаалт, бээлийг байнга хэрэглэж байгаа.
–Ярилцлагынхаа төгсгөлд монголынхоо ард түмэнд хандаад юу гэж хэлмээр байна даа?
– Энэ цаг үед бидний цөөхөн монголчууд коронавирусийн тархалтыг эрсдэл, хохирол багатай давж гарах талаар нийтээрээ бодож, сэтгэж, сонор сэрэмжтэй байх нь чухал болоод байна. Хамгийн гол нь бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Элэг нэгтнээ өвчин чирээд эх орондоо ирлээ гэж харахаас илүүтэй хүн гэдэг талаас нь хараад, энэрэнгүй уужим сэтгэлээр хандаарай гэж монголчууддаа хэлмээр байна.
Холбоотой мэдээ