Коронавирусийн халдвар Хятадын Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард гарч, олон улсад тарсанаар цар тахлын хэмжээнд хүрээд байна. Халдвар олон улсад тархаж эхэлснээр Барууны орнуудад Хятад гэлтгүй Ази тив даяараа гадуурхагдаж, доромжлуулах болсон билээ. Тэгвэл хөгжингүй Барууны орнууд тэр дундаа Итали улс коронавирусийн халдварыг зогсоож дийлэхгүй, настай хүмүүстээ эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй орхиж байгаа нь олон улсыг эмзэглүүлж байна.
Италид өчигдөр 793 хүн нас барснаар нийт 4825, Хятадад зургаагаар нэмэгдэж 3261 хүн амь насаа алдсан. Халдварыг хяналтандаа авч чадсан Хятад улс гадаад оронд эмч мэргэжилтнүүдээ илгээж, маск, бээлий болон тоног төхөөрөмжөөр тусламж үзүүлж эхэллээ. Тухайлбал, Хятад улс Итали руу эмч нарын багаа илгээсэн бөгөөд Чех рүү 10 гаруй удаагийн нислэгээр олон сая маск, бээлий зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг зөөвөрлөн хүргэжээ. Үүний дараа Чехийн Дотоод хэргийн сайд Хятад улсыг магтан “ганцхан орон л Европт энэ их хэмжээний хамгаалах хэрэгсэл нийлүүлэх чадалтай” хэмээн мэдэгджээ. Мөн Хятад улс Филиппин улсад 100 мянган ширхэг оношлуур, Сербид эмнэлгийн хамгаалах хэрэгсэл илгээсэн байна. Сербийн Ерөнхийлөгч халдварын эсрэг онц байдал зарлан тэмцэж эхэлсний дараа Европын холбоо биш Хятад улс л хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасныг сайшаажээ. Тус улс нь Европын холбоонд нэгдэх хүсэлтэй ч ОХУ болон Хятад улсаас нөлөөгөө тогоох гэсэн өрсөлдөөнд улам орсоор байна.
Энэ бүхэн нь үхлийн аюулт халдварт өвчнөөс болж алдсан нэр хүндээ сэргээх Хятадын Коммунист намын оролдлого юм. Халдварт өвчнийг хяналтадаа авч, богино хугацаанд үр дүнтэй ажиллах нь ямар хэцүү болохыг Барууны орнууд ойлгосноор өвчнийг ялсан Хятад улсыг хүлээн зөвшөөрнө гэж үзэж байна. Хятад улс нь халдварыг хэрхэн хяналтадаа авч, яаж шуурхай ажиллан, ямар эмчилгээ үр дүнтэй байгааг олон улсад нээлттэй танилцуулж, үлгэрлэсэн юм. Хятад улсаас covid-19 цар тахлын эсрэг тэмцэлд зориулан ДЭМБ-д 20 сая ам.доллар хандивласан бол АНУ, Европын холбоо илүү ихийг өгөхөө мэдэгдсэн.
Брюссель хот дахь ОХУ, Европ, Ази судлалын төвийг үндэслэгч Тереза Фаллон дүгнэхдээ Хятад улс хожлын оноонуудыг цуглуулж байна” хэмээжээ.
Хятад улсыг халдварын тархалттай тэмцэж байхад дэлхийн 80 шахам орон тусламж илгээсэн ба үүний хариуг Бээжин өгч эхлээд буй.
Тусыг мартдаггүй, эргүүлж илүү ихээр хариу барьдаг нь Хятадын үндэсний уламжлал гэдгийг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ген шуань мэдэгджээ. Халдварт өвчний эсрэг тэмцэлд тусламж үзүүлснээр Хятад нь олон оронтой харилцаагаа бэхжүүлж, цаашид дэлхийн улс төрийн тавцанд нөлөөгөө нэмэгдүүлэх боломжийг нээж байна.
Итали улс нь өнгөрсөн онд Хятадын нэг бүс-нэг зам дэд бүтцийн мега төсөлд нэгдсэн Европын анхны улс болсон юм. Тиймдээ ч Хятад улс хамгийн түрүүнд эмч нараа Итали руу илгээсэн юм. Хэдийгээр Хятадад халдвар буурч эхлээд байсан ч бүрэн зогсоогүй, эмч нараа амрааж амжаагүй байхдаа Италид халдвар эрчимтэй тархаж эхэлмэгц багаа илгээжээ. Мөн Италийн ерөнхий сайдтай Даваа гаригт утсаар ярихдаа Хятадын дарга Ши Жиньпин “Эрүүл мэндийн торгоны зам”-ыг байгуулах замаар халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах талаар дурджээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ