Австралийн ард иргэд шинэ коронавиусийн халдварын аюулыг ойшоохгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Тус улсад шинэ коронавиурсийн халдвараар 1000 хүн өвчилж, долоон хүн нас баржээ. Засгийн газраас иргэддээ хандан халдвараас сэргийлэхийн тулд нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байгаа ч өчигдөр Сидней хотын дагуу далайн эрэгт 1000 орчим хүн цугларчээ. Австралийн албаныхан 500-аас дээш тооны хүн нэг дор цугларахыг хориглосон юм. Улмаар далайн эргүүдийг хаасан ба цаашид халдвар нэмэгдвэл хөл хорио тогтоохоо Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.
Үүний зэрэгцээ тэрбээр эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд 189 тэрбум австрали.долларын санг баталснаа мэдэгджээ. Тус сангаас ажил идэвхтэй хайгч нарт олгох мөнгөн дэмжлэгийг хоёр дахин нэмэгдүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тус бүр 100 мянган авс.доллар олгох, халдварын улмаас эдийн засгаар хохирсон иргэнд 10 мянган авс.долларын тусламж үзүүлэх, нисэхийн салбарт 715 сая авс.долларын дэмжлэг үзүүлэх аж.
Эх сурвалж: BBC