“Нарантуул” хэмээх шим ертөнцийн амьд хууль

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

“Нарантуул” хэмээх шим ертөнцийн амьд хууль

Өглөө эрт гараад “Зах явлаа, зах явлаа” гэж хашгирах микроавтобусанд суулаа. Өөрийгөө хувцаслахаар шийдсэн хэрэг. Гадаа халуун гэж жигтэйхэн. Захын хашаан дахь хүний олныг  ч хэлээд юу гэх вэ. Гэсэн хэдий ч зах дээрээс хүссэн зүйлээ авна гэхээр сэтгэл нэг л таатай. Бараг 25 минут гаран явж байж би хүссэн газраа ирлээ. Захын хаалгаар ороод л зах хэмээх хэн бүхний нүдэнд ил байдаг хэрнээ бас далд, тааварлашгүй ертөнцөд орчихсон мэт.

Дунд сургуульд байхад амьд байгалийн гинжин холбооны тухай хичээл ордог доо. Ургамал уствал ургамлаар хооллодог амьтад, ургамлаар хооллодог амьтад уствал сүүн тэжээлтэнүүд, сүүн тэжээлтэнүүд уствал махчин амьтад гэж явсаар хүн төрөлхтөн ч устана гэж. Ёстой л нөгөө шим ертөнц гэгч нь энэ биз ээ. Үүн шиг тогтолцоо “Нарантуул”-д үйлчилдэг ажээ.         
 
“Нарантуул”-ын хаанаас юу авахаа мэдэхгүй сүүдэр бараадаж жаахан суулаа. Гадаа 37 хэм. Энэ их халуун хаанаас юу авахыг бодох завдал өгсөнгүй. Хажуугаар зөрөх хүмүүсээс бэлэн хувцас хаагуур байдгийг заалгав. Гэтэл сэргэлэн бор хүү миний урд ирээд “Ахаа тэр газар чинь хүргээд өгье. Миний тэрэг дээр суучих. Би таньд үнэрхэхгүй ээ. Надад 4000 төгрөг л өгчих” гэж зальтай нь аргагүй жуумалзана. Энэ хүүхдийг Бумбаа гэх. Зах нээгдэхтэй зэрэгцэн “Ахаа, эгчээ ачаагаа зөөлгөхгүй биз” гэж асуух хүүгийн өдрийн амьдрал эхэлнэ. Хүү зах дээр тэрэг түрдэг 60 шахам хүүхдийн төлөөлөл. Жаал хүү зөвхөн ачаа зөөдөггүй бололтой. Түүний саналыг бодож суутал жаал хүү зорчигчоо олов бололтой. Тортой халуун сав бас бус зүйл барьсан эмээг суулгаад “Хойшоо, хойш оо” гэсээр цааш явлаа. Учрыг лавлавал эмээ хуушуур зардаг учир жаалхүү хүссэн газар нь хүргэж өгөөд хэдэн хуушуур авдаг гэх.

Тэр хоёрыг хоёуланг нь таньдаг бололтой нэгэн эмэгтэй “Бумбаа, эмээг буулгачихаад эгч дээрээ хүрээд ирээрэй. Хоёулаа гоё яриатай шүү” гэх. Харин төд удалгүй хүү тэрэгтээ бухалдсан өвс шиг овоолсон гутал ачаад хамрынх нь хөлс бурзайчихсан арай гэж ирэн зогсов. Хүүгийн араас “Бумбаа, яаж байна. Гайгүй юу” гэж дотно өнгөөр хүүд анхаарал тавих наймаачин эмэгтэй ууж байсан уснаасаа түүнд өгөх. Тэдний “гоё яриа” нь хүүгээр шинэ бараагаа зөөлгөөд, хөлсөнд нь шинэ гутал өгөхөөр тохиролцсонд байжээ. Гутлын худалдаачин эмэгтэйн хажууд нэгэн хижээл насны эмэгтэй харагдана. Энэ хоёр “хуурай” эгч, дүүс. Хижээл насны эмэгтэйн хүүхэд өнөөдөр өвдсөн учраас гуталны эмэгтэйд захиад лангуугаа орхиод явчих санаатай иржээ. Хижээл насны эмэгтэй асуугаад дуусаач үгүй байтал гуталны эмэгтэй зөвшөөрч лангууг нь харж, хэдэн бараанаас нь зарахаар тохиролцов. Тэд ингэж бие биендээ итгэдэг болсоор уджээ. Хижээл насны эмэгтэй ч явлаа. Түүнийг явчихав уу гэсэн шиг бадируун өндөрдүү залуу ирээд сураглав. “Байхгүй. Өнөөдөр ирэхгүй” гэхийг сонсоод дурамжхан толгой сэгсэрнэ. Учир нь хижээл насны эмэгтэй үйлэнд уран. Тиймээс энэ залуугаар зогсохгүй олон хүн түүгээр “үйлчлүүлдэг” гэх.

Залуу шаггүй мужаан. Тиймээс эрэлт хэрэгцээ их. Өнөөдөр гуталны эмэгтэйн лангуу эвдэрчихсэн болохоор энэ залуу ирсэн нь цагаа олжээ. Залуу лангууг нь янзлах зуураа Бумбаагийн тухай  хуучилна. Бумбааг түр холдох зуурт “Их сэргэлэн хүү шүү. Сургуульд сурч байсан бол онц сурдаг л байсан байх болов уу. Өхөөрдөм дамшиг” гэж хэн нэгэнд хандаж хөөрөх. Залуугийн засвар дуусч, явлаа. 

Тэрэгчин Бумбаа надаас яриа өдөж найзыгаа магтана. Түүний найз нь сонин зардаг охин. Хүү хааяа охины сониныг заралцана. Эргээд охин ч түүнд тусална. Захын энэхүү амьд харилцаанд оролцож байгаа хамгийн бяцхан төлөөлөл нь энэ хоёр. Энэ хоёрыг хүмүүс дээрэлхэх нь олонтаа. Тиймээс түүнийг хамгаалдаг “ах” нар бас бий. Тэр хүмүүс нь нүдний шил зардаг гэнэ. Үд дунд орчим тэрэг түрдэг хүүг нэгэн ахимаг насны эр мөнгийг нь өгөхгүй дээрэлхэж байгаа харагдлаа. Бүр гар хүрээд авав. Түүнийг харсан “шилний” залуус “давхиж” очоод нөгөө ахимаг насны эрээр мөнгийг нь төлүүлж дөнгөв. Муухай ааштыг номхотгох гэсэн залуус хаалгаар чирээд алга боллоо.

…Гэтэл намайг хэрэгт дурлаж, анхаарал сулрахыг соргогоор ажигласан нөхдүүд хэтэвчийг маань суйлчихаж. Ам цангаад “квасс” аваад балгачихсан би төлбөрөө төлж чадахгүй нь. Чирүүлээд гарсан залуу шиг л юм болох нь дээ гэж тэрүүхэндээ түгшив. Нэг нэгэндээ сайн талаараа тус, муу талаараа ус болж байгаа хэсэг хүмүүс ч “Нарантуул”-д байдгийг би умартжээ. Хүйтэн хөлс нуруугаар дааж, хувхай цайж, дэмий халаасаа тэмтчих намайг харсан “квасс” зардаг бүсгүй “Болгоомжтой явахад яадаг юм бэ” гэж ширвэлзсээр алга болов. Ингэсний дараа харин “Над мэтийн анхааралгүй нөхдүүд байгаагүйсэн бол тэд ч хоосон хонох байсан биз” гэж өөрийгөө тайвшруулав. Нээрээ л шим ертөнц гэлтэй.

“Нарантуул” дээр энэ мэтчилэн бие биендээ туслах сэтгэл байх атал саад, тушаа болдог хүмүүс  ч байх юм. Тэдний нэг нь татварын байцаагчид. “Тэд хүрч ирчихээд авах ёстой юм аа аваад явдаг бол би юм хэлэхгүй л дээ. Даан ч тэр чинь тийм байх ёстой тэдэн төгрөг, энэ ийм байх ёстой төдөн төгрөг гэдэгт нь л миний дургүй хүрээд байдаг юм. Захын нэг хүний цаана дор хаяж л тав, зургаан хүн байгаа гэдгийг тэд мэддэггүй юм” гэж гуталны эмэгтэй ярив. “Нарантуул” хэмээх шим ертөнцөд хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх амьд байгалийн хууль ч бас үйлчилдгийн бодит жишээ нь энэ.

Халуунд халж, хүйтэнд хөрч бараа зарахгүй мөртлөө “Нарантуул”-аас лангуу авч, авсан лангуугаа өөр нэгэнд өндөр үнээр түрээсэлж дундаас нь мөнгө олдог шимэгчид ч бий. Бас болоогүй тэд их дээрэлхүү. Ямар сайндаа л “Та нар мөнгөө өнөөдөр өгөөрэй. Өгөхгүй бол ард чинь олон хүн байгаа шүү, гуйлгачид минь” гэж байх вэ дээ.

Энэ хооронд бие биедээ туслах “шим ертөнц”-ийн амьдрал үргэлжилсээр… “Квасс” өмнө нь ундаа уучихсан  чинь биеэ засахгүй бол горигүй нь. Таньдаг хүнтэйгээ хамт явчих санаатай гуталны эмэгтэйгээс тусламж хүсвэл татгалзсангүй. Түүнтэй хамт явахаар болов. Гуталны эмэгтэй бие засах газрыг ажиллуулдаг хүмүүсийг ч андахгүй. Ашгүй түүнтэй цуг явсан болохоор дүү нь гэж бодсон уу, “00” түрээслэгчид надаас мөнгө авсангүй.  Бие засах газраас гараад махны лангуу ажиллуулдаг танилаасаа унааны мөнгө зээлэхээр очлоо. Шуудхан мөнгө асууж чадахгүй болохоор тэрэгчин хүүгийн тухай, хуушуур зардаг эмээгийн тухай хэлэхэд “Өө тэднийг чинь мэдэлгүй яахав. Мэдэхгүй бол алдас болох байлгүй дээ /инээв/. Би бас хааяа махнаасаа илүүчилж нохойны хоол тэдэнд өгдөг юм” гээд л мэдэмхийрч гарав. “Махны” ахын хэлсэн “Хүн мөнгөөр биш хүнээр л дутдагыг би ойлгосон” гэж хэлсэн үг намайг цохиод авах шиг болсоноо нуух юун. Махны ахтай эндхийн талаар ярьж байтал нэг мэдсэн зах хаах дөхчихөж. “Махны” ах тэрэг түрдэг хүүд нохойны хоол өгнө гэхээр нь ахтай хамт түүн рүү явав. Ахын өгсөн махыг хараад хүү баярлаж “нөгөө хэддээ ч гэсэн хуваагаад ирье” гээд гүйгээд өглөө. Хүүг хэрхэн хуваарилахыг нь харах гэсэн ч гүйцсэнгүй. Энэ зуурт мах зардаг ах “Энд нэг танидаг хүн бий. Хамт яваад хүүд таарах углааш байна уу үзээд орхиё. Шинэ бараа ирсэн юм билээ” гэх. Би ч дуугүй л араас нь дагалаа. Гэтэл аанай л гутлын эмэгтэйн лангууны хажууд дагуулаад ирэх нь тэр. Эрсэнээ ч олж, зах тарж байгаа болохоор хамтдаа явцгаахаар болов.

Тэд бас микроавтобусныхыг ч таньдаг бололтой. Гуталны эмэгтэй “Миний дүү очоод нөгөө хоёр ахдаа бид нар явах гэж байна гэдгээ хэлчихээд ир” гээд тэрэгчин жаалыг явууллаа. Төд удалгүй хоёр залуу хүрч ирээд бүгдийг нь дагуулж явлаа. Олон хүний дунд санаа зовоод мах зардаг ахаас мөнгө ч асууж чадалгүй хоцров. Аз болж миний явах чиглэл рүү гутлын эмэгтэй явах гэнэ. Намайг мөнгөө алдсаныг мэдэх болохоор “Унааны мөнгө байхгүй юу. Эгч нь өгчихье. Дараа надаас ирж гутал авна шүү” гэж инээмсэглэнэ. Замдаа бид хоёр олон зүйлийн тухай ярилцсан.

Тэдний энэ харилцаа мөнгөн дээр биш сэтгэл дээр суурилсан болохоор бат бэх. Тэгээд ч ижил төрлийн бизнес эрхэлдэг 70-80-аад хүн байгаа нөхцөлд бие биедээ туслахын чухлыг энэ хүмүүсийн нэг л өдрийн харилцаанаас ойлгов. Зах дотор 3000-аар үйлчлэх “бяцхан” такси сэргэлэн “жолооч”, цай сүлэх сүүний мөнгө олох хуушуураасаа  илүүчлэх эмээ, хүнийг дугаарлаж үздэггүй гуталны худалдаачин, ажил ихтэй ч засварт цаг гаргах ах, олон хүнтэй захаас өөрийнхөө найзыг олсон сонин зардаг охин, ядарсан нэгнээ хамгаалах залуус, хүн хүнээрээ дутдагыг ойлгосон мах зарах эр, хал нь гаднаа хайр нь дотроо “квасс”-ны бүсгүй.  Эдгээр хүмүүсийн нэг өдрийн амьдрал ингээд дуусч болох ч энэ харилцаа цаашдаа арван жил, хорин жил, магадгүй зуун жил үргэлжилнэ. Хүн хүндээ итгэдэггүй энэ нийгмээс илүү цэвэр тогтолцоо тэдний тусламжтайгаар “Нарантуул” дөрвөлжин хашаанд үйлчилдэг. Бидний заримынх нь заваан гэгддэг энэ л газар жинхэнэ утгаараа зах зээлийн цэвэр ертөнц бүрэлдэн тогтжээ.

Дараагийн цалинтай залгатал 15 хоног. Тэр болтол түр баяртай “Нарантуул”!

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж