ОХУ халдварын тархалтыг нууж байна уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.22-нд нийтлэгдсэн

ОХУ халдварын тархалтыг нууж байна уу?

ОХУ халдварын тархалтыг нууж байна уу?

146 сая хүн амтай, Хятадтай өргөн газраар хиллэдэг ОХУ-д коронавирусийн халдвараар 306 хүн өвчилж, нэг хүн нас баржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногийн эхээр халдвар тархалтыг зогсоож, халдварыг хяналтандаа авснаа зарласан боловч өчигдөр шинээр 53 тохиолдол бүртгэгджээ. ОХУ-д халдварын тоо Европын зарим оронтой харьцуулбал бага байгаа нь яаралтай арга хэмжээг эрт авсны ач гэж үзэж байна. Тухайлбал, халдварын голомт Хятад улстай залгах хилээ өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд хааж, гадаад иргэдийг шаардлагатай нөхцөлөөс бусад үед хил нэвтрэхийг хориглосон, дээр нь зарим бүсэд хөл хорио тогтоосон зэрэг нь өвчний тархалтыг удаашруулжээ. Гэтэл дөнгөж 628 мянган хүн амтай Люксембургт халдвараар 670 хүн өвчилж, найман хүн нас баржээ.

ОХУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вужнович хэлэхдээ эрт оношилгоо бол халдвартай тэмцэхэд хамгийн чухал зүйл гэдгийг онцолжээ. ОХУ-д халдварыг оношлох ажил эрт хоёрдугаар сард эхэлсэн ба халдвар ихээр тархсан улсуудаас ирж буй хүмүүст гол анхаарлаа хандуулжээ. ОХУ-д өнөөдрийн байдлаар нийт 156 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ. Гэтэл АНУ-д халдварын оношилгоо өргөн хүрээнд дөнгөж энэ гуравдугаар сард эхэлсэн юм. Гэсэн ч ОХУ нь Европын халдварын голомт болох Итали улсыг эрт хилийн хориг хамруулаагүйгээрээ алдсан. ОХУ-д халдвараар өвчилсөн хүмүүсийн олонх нь Итали улсаас иржээ.

Мөн зарим мэргэжилтнүүд ОХУ-ын халдварын оношлуурт эргэлзсэн хандлагатай байна. Тухайлбал, Москва хотноо халдвараар өвчилсөн Дэвид Беров гэгч нь тестээр эхний удаа үзэхэд халдвартай гэж гарсан ч хоёр дахь нь сөрөг, гурав дахь нь эерэг гарсан хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ.

Үүний зэрэгцээ Оросын сөрөг хүчнийг дэмжигч эмч Анастасия Васильевнагийн мэдээлснээр ОХУ-ын эмч нар covid-19 өвчнийг уушгины хатгаа эсвэл амьсгалын замын цочмог өвчин хэмээн оношилж, халдварыг нуун дарагдуулж байна хэмээжээ. ОХУ-д өдгөө 53 мянга гаруй хүнийг ажиглалтад авсан байна.

Үүний зэрэгцээ ОХУ нь олон нийтэд нээлттэй мэдээлэх байдал дутмаг гэж хардах хүмүүс олон байна. Тухайлбал, ОХУ-д коронавирусийн  халдварын тоо 20 мянга хүрснийг Засгийн газар нуун дарагдуулж байна гэх мэдээлэл энэ гуравдугаар сарын эхээр цахим ертөнцөд шуугиан тарьжээ. Харин ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас энэ мэдээллийг эрс үгүйсгэж, постыг устгуулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж