NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг “Долоо хоногийн тойм” буландаа онцолж байна.
Сургууль, цэцэрлэгийн хөл хориг сунгав
Шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо зургаа болж, баталгаажсан тул Улсын Онцгой Комисс /УОК/ өнгөрсөн баасан гаригт/2020.03.20/ хуралдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгав.
Иймээс карантины хугацааг сургуулиуд бямба гаригт хичээллэж, нөхөх болж байна. Тодруулбал, бүх шатны сургуулийн хичээл дөрөвдүгээр сарын 30-ны Пүрэв гаригаас эхэлж, бага ангийнхан зургадугаар сарын 6-н хүртэл Бямба гариг бүри хичээллээд амрах бол дунд, ахлах ангийнхан зургадугаар сарын 13-н хүртэл Бямба гариг бүрт хичээллээд амарна. Цэцэрлэгүүд тавдугаар сарын 31-н хүртэл ажиллаад амарна. Их, дээд сургууль, коллежиуд зургадугаар сарын 15-н хүртэл хичээллээд амарна.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургууль, коллежид элсэх элсэлтийг долдугаар сарын 7-8-ний өдрүүдэд хийхээр зохицууллаа.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барих 105 Хятад ажилчин ирнэ
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барих 105 Хятад ажилчныг чартер нислэгээр татан авахаар болсон тухай Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн баасан гаригт /2020.03.20/ мэдэгдсэн нь нийгмийн сүлжээнд “түймэр” тавьж байна.
Хятад ажилчдыг 14 хоног тусгаарлалтад байлгаж, авто замынх нь ажил руу оруулна гэдэг тайлбарыг хийсэн ч шинэ коронавиурсийн халдвартай иргэдийн тоо Монголд 10 болсон энэ хүнд үед халдвар анх дэгдсэн Хятад улсаас ажиллах хүчин татан оруулж ирэх нь ухаангүй үйлдэл гэж шүүмжилж буй юм. Онцгой нөхцөл байдал үүссэнийг дэлхий даяараа мэдэж буй энэ нөхцөлд үндэсний компаниудаараа дээрх авто замыг бариулах, эсвэл төмөр зам тавьж чадаж буй цэргүүдээ дайчлахад ч болохгүй гэх газаргүй гэдэг шийдэл гарцыг ч санал болгоод байна.
Нөгөөтэйгүүр, шинэ коронавирус агаарын тээврээр зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан, Европын чиглэлийн нислэгүүдийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан атлаа 105 Хятад ажилчныг чартер нислэгээр оруулж ирэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын барьж буй бодлоготой хэр нийцэж байна вэ гэдэг амыг ч асууж буй.
Гэхдээ Хятад улсын 105 ажиллах хүчин ням гаригт буюу өнөөдөр Монгол Улсад ирнэ гэж салбарын сайд нь мэдэгдсэн юм.
Зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргав
Улс орнууд эдийн засгаа аврахын тулд бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлж буй.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гаригт хуралдаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг хайсны эцэст банк болон банк бус санхүүгийн байгууллагаас хэрэглээний зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлээ төлөх хугацааг 90 хоногоор хойшлуулах боломжтой байх зохицуулалт хийлээ. Энэ нь авсан зээлээ огт төлөхгүй гэсэн үг биш. Шинэ коронавирусийн тархалтаас шалтгаалж, эдийн засаг царцаж байгаа тул гэрээнд заасан хугацаандаа багтаан зээлээ төлж чадаагүй нөхцөлд хойшлуулах боломжийг олгож буй юм. Нэг үгээр хэлбэл, гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж чадаагүй нөхцөлд дээрх шийдвэрийн хүрээнд 90 хоног хүртэлх хугацаанд боломж олгож, энэ хугацаанд зээл нь төлөгдсөн нөхцөлд хар дансанд бүртгэхгүй. Хэрэглээний зээлд ипотек, тэтгэвэр, цалингийн зээл болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр олгогдсон зээл багтаж байна.
Covid-19: Монголд халдвар тээгч 10 болж, нэмэгдэв
Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр гуравдугаар сарын 16-нд Монголд ирсэн дөрвөн иргэн шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсаныг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Д.Нямхүү өчигдөр /2020.03.21/ мэдэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19 өвчний халдвар авсан 10 иргэн бүртгэгдээд байна. Нэг нь франц улсын иргэн бол үлдсэн ес нь Монгол иргэд. Гадаад улсаас ирсэн иргэд бөгөөд энэхүү тохиолдлууд нь зөөвөрлөгдөн орж ирсэн.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ