Нууц задруулсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Нууц задруулсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Монгол Улсаас БНХАУ-д  бүрэн эрхт
элчин сайдаар ажиллаж байсан дипломат Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан
манай улсын төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн  айлчлалын талаархи
мэдээллийг урд хөрш рүү цахим шуудангаар дамжуулсан гэх хэргийг
Тагнуулын ерөнхий газраас шалгаж энэ сарын 8-ний өдөр   нийслэлийн
Прокурорын газарт шилжүүлсэн. Уг хэргийг хяналтын прокурор Ё.Сагсай
хянаж дуусаад өнгөрөгч мягмар гаригт  Чингэлтэй дүүргийн шүүхэд
шилжүүлжээ. Эл хэрэгт  Ц.Жаргалсайхан төдийгүй УИХ-ын гадаад харилцааны
хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, 
БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нар бүлэглэн улсын
нууцтай холбоотой баримтыг урд хөрш рүү цахим шуудангаар илгээсэн
гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Хачирхалтай нь хэргийг
хянах явцад Б.Болор, Г.Байгальмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн
бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хуулийн 82 дүгаар
зүйл ангид “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйл, обьект, үйл
ажиллагааг итгэмжлэгдсэн, хариуцсан албан тушаал, ажил үүргийн хувьд
мэдсэн этгээд задруулах нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн
шинжгүй бол таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Гэтэл төрийн хариуцлагатай албанд ажиллаж буй албан тушаалтнууд бүлэглэж
улсын нууцтай холбоотой баримтийг урд хөрш рүү задруулсан гэх хэрэг
ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бэ гэдэг асуулт гарч ирж байна. 
Хэдийгээр  улсын нууцтай холбоотой хэргийг мөрдөх  ажиллагааг нууц
байдалд явуулдаг ч олны анхаарлыг татсан уг хэргийг хянасан прокуор
Ё.Сагсайгаас тодруулахад  “Ямар  нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Уг
хэрэгт  холбогдсон Б.Болор, Г.Байгалмаа нарын хэргийг хянах үед гэмт
хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй
болгож Ц.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 82.2-оор зүйлчилэн яллах
дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн” гэх тайлбар өглөө. Урд хөршид
дипломат алба хашиж байсан Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан ямар
зорилгоор улсын нууцтай холбоотой баримт бичгийг цахим шуудангаар
илгээсэн бэ гэдгийг Чингэлтэй дүүргийн шүүх удахгүй хэлэлцэн гэм
буруутай эсэхийг тогтооно.  Өмнө нь уг хэргийг  ТЕГ-аас шалгах явцад 
ноцтой  олон баримтууд илэрсэн тухай албаны эх сурвалжууд хэлж байсан.
Тэрбээр  Урд хөрш төдийгүй ОХУ-тай нэг биш удаа харилцаа  холбоотой
ажиллаж байсан гэнэ. Тухайн үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг айлчлалаар
очихдоо хэлж ярихаар бэлтгэсэн хөтөлбөр аль эрт Оросуудын гарт орчихсон
байж. Хэдийгээр  айлчлалын бүх хөтөлбөрийг урьдчилан бэлтгэсэн ч  энэ
талаарх мэдээллийг яагаад хойд хөрш урьдчилан мэдэв гэдэг асуулт
тагнуулын ажилтнуудын анхаарлыг татсан байна. Тиймээс энэ  мэдээллийг
хэн өгөв гэсэн асуултын араас хөөцөлдөж эхэлжээ.  Ингээд   уг хэргийг 
илрүүлэн шалгах явцад Ц.Жаргалсайхан нь урд хөршийг хариуцсан
мэргэжилтэн Г.Байгальмаагаас дэлгэрэнгүй мэдээлэл авч дамжуулсан болохыг
тагнуулын ажилтнууд тогтоосон аж. Уг хэрэгт  ТЕГ-аас яллах дүгнэлт
үйлдэж  нийслэлийн  Прокурорт шилжүүлсэн юм. Харин сэжигтэн
Ц.Жаргалсайхан мөрдөн байцаалтын явцад” Би Улсын нууцтай холбоотой
баримт задруулаагүй. Энэ баримтийг нууцын зэрэглэлд ордог гэдгийг
мэдэхгүй байсан” хэмээн мэдүүлжээ.  Яагаад төрийн өндөр албан тушаалтан
нууцын зэрэглэлд ордог баримтыг мэдэхгүй  байна вэ, улсын нууцтай
холбоотой баримтыг урд хөрш рүү дамжуулахад хамтран ажилласан
Г.Байгальмаа. Б.Болор нарын хэрэг хэрэгсэхгүй болох үндэслэл нь юу байв
гэдэг   асуулт хариултгүй үлдэж байна. Юутай ч   дуулиан тарьсан уг
хэргийг удахгүй  Чингэлтэй дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж
Ц.Жаргалсайханыг гэм буруутай эсэхийг тогтоох юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж