Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгаад байна. Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд хүүхдүүдийн гар утасны хэрэглээ эрс нэмэгдэж байгаад эцэг эхчүүд санал нэг байна. Тэгвэл дэлгэц ширтэхээс өөрөөр хүүхдүүд гэртээ юу хийж болох талаар зөвлөе.
- НОМ УНШИХ
Хүүхэд өөрийнхөө дуртай номыг олон дахин уншуулсаар үйл явдлыг нь цээжилж тогтоосон байдаг. Ингэж нэг номыг дахин дахин үзэж, уншуулж хэрэглэдэг нь томчуудын номын хэрэглээнээс ялгагдах онцлог юм. Хүүхэд сонсож байгаа зүйлээ зурагт дүрслэгдсэн байдлаар бататган авч, тархиндаа маш бат бөх хадгалан харааны болон сонсголын ой тогтоолтод давхар суралцаж байдаг. Тиймээс хүүхэд нэг л сэдвийг дахин дахин уншуулахыг хүсч байвал битгий төвөгшөөгөөрэй. Хүүхэд нэг номыг 3-6 сарын турш дахин дахин үзэх нь ердийн хугацаа юм. Хүүхдэдээ ном уншиж өгснөөр бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг гээд олон талын ач холбогдолтой.
- РУБИК ШОО, ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ
Шоо эвлүүлнэ гэдэг нь тусгай алгоритм байдаг. Хамгийн гол ач холбогдол нь хурдтай эвлүүлэхдээ л байдаг. Хүүхэд бодохгүй эвлүүлэх ёстой. Нэг талыг нь эргүүлээд хараад зогсоод байх биш чөлөөтэй хурдтай сэтгэх чадвартай болж гар бол шоог тасралтгүй эргүүлж байх ёстой. Шоо эвлүүлснээр хурдтай сэтгэх, тооцоолох, орон зайн баримжаа бий болох, ой тогтоолт сайжрах зэрэг олон давуу талтай.
- ХООЛ ХИЙХЭД ТУСЛАХ
-Хоол хийхдээ хүүхдээ туслуулах нь аливаад зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй болдог. Нөгөө талдаа бууз, баншны гурил элдэх, зуурах зэрэг нь гарны булчингуудыг хөгжүүлдэг байна.
- ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ
Өдрийн тэмдэглэлээ бичгээр болон зургаар илэрхийлснээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг төдийгүй цагаа үр ашигтай өнгөрүүлэх зөв зохион байгуулахад суралцдаг байна. Мөн ой тогтоолтыг сайжруулдаг ач холбогдолтой.
- НААМАЛ ХИЙХ
Хүүхдүүд өөрийн гараар ямар нэг зүйл хийх маш их дуртай байдаг. Энэ нь төрөл бүрийн зураг, гар урлал, цаасаар дүрс хийх ч байж болох юм. Эмээ өвөөдөө зориулж захидал бичиж, цаасаар хүссэнээ урлаж зураг зурж мессенжерээр илгээж болно. Энэ нь мэдээж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ