Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Эспаньол болон Хятадын үндэсний шигшээ багийн жигүүрийн довтлогч У Лей covid-19 өвчний халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Өдгөө 28 настай тэрбээр одоогийн байдлаар Испанийн Барселона хот дахь гэртээ өөрийгөө тусгаарлаад байгаа тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Эспаньол багийн зүгээс өнгөрөгч Лхагва гаригт багийнх нь зургаан хүн шинэ коронавирусийн халдвар авсан хэмээн зарласан боловч нэрсүүдийг нь нууцлаад байсан юм.
У Лей нь одоогийн байдлаар Хятадын хөлбөмбөгийн тамирчдаас Европын топ таван лигт тоглож байгаа цор ганц тоглогч бөгөөд мөн covid-19 өвчний халдвар авсан анхны Хятад хөлбөмбөгийн тамирчин болж байна.
Халдвар авсан У Лей нь Хятадын Шанхай СИПЖ багийн бүх цагийн мэргэн буучаар 169 гоолтой тодорсноос гадна Хятадын Супер лигийн бүх цагийн мэргэн буучийн жагсаалтанд 102 гоолтой хоёрдугаар байранд бичигддэг ажээ.Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 28-нд Испанийн Эспаньол багт 2 сая еврогоор нэгджээ.