НЭМЭЛТ: 17.00 ЦАГ
НЭМЭЛТ: 14.00 ЦАГ
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн хурал үргэлжилж байна. Хуралдааны талаар тус намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам ҮБХ-ны хуралдаанаа хоёр дахь удаагаа онлайн хэлбэрээр хуралдаанаа зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө эцэслэж баталж, Даваа гаригт Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ. ҮБХ-ны хуралдааныг онлайн хийж байгаа нь дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахалтай холбоотой ч цаашид бид яаралтай үед онлайнаар хуралдах, зохион байгуулах боломжтой юм байна гэдэг нь харагдаж байна. Өмнө нь ҮБХ-ны хуралдаан зохион байгуулахад өндөр зардал гардаг, гадаад, хөдөө орон нутгаас ҮБХ-ны гишүүд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсдэг байсан. Онлайнаар хурал хийхийг цаашид хэрэгжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл бий болгож байна" гэж харж байна.
З.Нарантуяа "Мөрийн хөтөлбөрт маш олон санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор 20 мянган санал ирснийг багцалж, ирэх дөрвөн жилд Ардчилсан нам ялалт байгуулсны дараа бодит ажлын төлөвлөгөөг тусгаж боловсруулсан. Юуны түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж нийгэм, эдийн засгийн үндсэн зорилго биелэхгүй байх нөхцөл үүсч байгаа учраас хямралаас урьдчилан сэргийлэх маш чухал эрсдэлийн төлөвлөгөөг тооцож мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Дунд хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого зорилт тогтвортой урт хугацаанд төлөвлөгдсөн байх зарчмыг барьж 2031 он гэхэд нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг өсгөх чиглэлээр зорилтоо эрэмбэлсэн.
АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛНА
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2020.03.21/ 13.00 цагт цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталсан. Шинэ коронавирусийн халдвараас үүдэж Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор олон хүн нэг дор цуглуулахгүй байх шийдвэр гарсан учраас ҮБХ-ны хуралдаанаа онлайнаар хийж, мөрийн хөтөлбөрөө батлах юм.
Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Мөн өмнө нь тус нам мөрийн хөтөлбөрт санал авах хуралдаанаа онлайнаар хийсэн бөгөөд онлайн хуралдаанд 400 гаруй ҮБХ-ны гишүүн оролцсон байна.
Сануулахад, МАН-ын Бага хурал Даваа гаригт онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ