"Эрдэнэс Тавантолгой одоо IPO гаргавал оффшорчид л худалдаж авна"

Хуучирсан мэдээ: 2020.03.21-нд нийтлэгдсэн

"Эрдэнэс Тавантолгой одоо IPO гаргавал оффшорчид л худалдаж авна"

"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МАН-ЫН 30 ГИШҮҮН ШОРОНД ОРОХ ЭСЭХИЙГ СОНГУУЛЬ ШИЙДНЭ"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Төр засгийн зүгээс хүн амын эрүүл мэндэд анхаарч, коронавирусийг тархаахгүй байхын эсрэг хязгаарлал, хорио тогтоож байгаа нь сайшаалтай. Гэвч эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, ААН, иргэдэд чиглэсэн эдийн засгийн бодлого авч хэрэгжүүлэхгүй байна гэж зарим эдийн засагч хэлж буй. Таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээр сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр коронавирусээс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссон. Тухайн үед би эдийн засгийн нөхцөл байдал ирэх дөрөв, тавдугаар сард илүү хүндрэх нь байна шүү гэж хэлж байсан. Дараа нь буюу хоёрдугаар сард Монголын банкны холбоо, Монголбанк, Сангийн яам, ҮАБЗ-д тус тус санал хүргүүлсэн. Саналд тусгасан гол асуудал бол коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт  ноцтой аюул, бэрхшээл үүсэх талтай. Тиймээс цалингийн болон ипотекийн бусад зээлтэй иргэд давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ажил хөдөлмөр, бизнесээ явуулах бололцоогүй. Иймд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн үед бүрэн царцаах талаар хүссэн. Тухайн үед коронавирусийн халдварын тархалтыг пандемик буюу цар тахал гэж зарлаагүй байсан.

Өнөөдөр тархалт улам нэмэгдэж, цар тахалд хүрлээ. Коронавирус эдийн засгийн ноцтой хямрал болж байгаа учраас дэлхийн улс орнууд эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Эдийн засгаа хөгжүүлэх тухай асуудал хоёр дахь концепц болж хувирсан. Монгол Улсын эдийн засаг 80-90 хувь нь гадаадаас хамааралтай, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ утгаараа манай улсын эдийн засагт савлагаа үүсэх хандлагатай байна. Тиймээс эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар ойрын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо яаралтай хуралдах ёстой. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарсан.

-Тухайлбал, ямар хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Уг хуулийн өөрчлөлтөөр ААН-үүдийн нэг, эсвэл хоёр улирлын татварыг тэглэх. Үүнд бүх ААН хамрагдахгүй, ресторан, үсчин зэрэг аж ахуй эрхэлдэг хүмүүсийн 3-6 сарын татварыг тэглэхэд хамгийн багадаа 23 хувь, цаашлаад НӨАТ-тай нийлээд 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө. Мөн иргэдэд цахилгаан, дулааны төлбөрт нь хөнгөлөлт үзүүлмээр байна. Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийн түрээсийн зардал болоод банкны зээлийг чөлөөлөх хэрэгтэй. Би эдийн засгийн мэргэжилтэн биш ч гэлээ уншиж, мэдэж, судалж байсан хүний хувьд хэлэхэд, хамтарсан эдийн засгийн бодлого гаргахгүй бол бид оройтлоо.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


"ЦАР ТАХЛЫГ БУЦААХ" ХУРАЛ НОМЫН ҮР ДҮН САЙНААР ГАРНА

"Гандантэгчэнлин хийдэд /2020.03.15/ Монголын бүх хутагт хувилгаад нэгдэж "Балданлхам сахиусны Мам туган" буюу “Цар тахлыг буцаах” хурал номын зан үйл үйлдсэн билээ. Тус үйл ажиллагаанд энгийн иргэдийг хамруулаагүй бөгөөд нэр бүхий телевизүүд шууд дамжуулсан юм. “Цар тахлыг буцаах” шашны номын хурлын ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодрууллаа.

ДАЯН ДЭЛХИЙН АМАР АМГАЛАНГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ ЗАЛБИРЛЫГ ҮЙЛДСЭН

-Гандантэгчэнлин хийд өнгөрсөн Ням гаригт цар тахлыг буцаах том ном хурсан. Ийм ном яагаад унших болов. Балданлхам бурханы Мам номыг хурсны ач холбогдол юу вэ?

-Монголчууд эртнээс хошуу нутаг, олон хүн цугласан хот суурин орчимд халуун ханиад, хижиг өвчин, цар тахал гарсан тохиолдолд Балданлхам бурханы Мам туган номыг хурж ирсэн түүхэн уламжлалтай. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламын зарлигаар Богд багшийн Гандан лаврингаас санаачлан Гандантэгчэнлин хийдийн жасаас хэрэглэл болох балин дором, тахилын эд зүйлийг бэлдэж, нийтийн сайн сайхны төлөө хурсан хурал сайхан болж өндөрлөсөн.

Тус номыг хурахдаа Их хүрээ Гандантэгчэнлин хийдийн гол Ядам Ямагдаг, номын сахиус Балданлхам бурхны бясалгал бүтээлийг хоцроолгүй үйлдсэн лам хуврагууд хурах ёстой учраас Гандантэгчэнлин хийдийн салбар дацан сургуулиуд, сүм дугануудын хамба, хурлын номын үүрэгт ажилтай нийт 200 гаруй лам нар бясалгал үйлдсэн. Үүнээс гадна Монгол оронд байгаа бүх хувилгаан хутагт Монголын нийт ард түмэн болоод даян дэлхийн хүн зоны төлөө бясалгал үйлдсэн нь онцлох үйл явдал байлаа. Ер нь халдварт өвчин Хятад улсад гарснаас хойш Гандантэгчэнлин хийдийн зүгээс Мам Туган номыг хэд хэдэн удаа хурсан. Мам Туган номыг анхлан өвлийн эхэн сард нэгэн удаа дэлгэрэнгүй хурсан ба цөөн хэдэн лам нар Гандан лавринд үйлдсэн.

Энэ удаа нийт лам, хувилгаад хутагтууд оролцож дэлгэрэнгүй хурсан юм. Сүсэгтэн олны төлөөлөл зарим нэгэн зан үйлийг үйлдүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын Ерөнхий газар, Улсын Онцгой комисс, сүсэгтний төлөөлөл гэсэн гурван хүнийг нийт ард иргэдийг төлөөлүүлж хуралд оруулсан.

Гандантэгчэнлин хийд төр захиргааны гаргасан шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон учраас хурлын үеэр сүсэгтэн олныг хуралд оруулаагүй. Бид төрийн хийж буй ажил болон гаргаж байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллахыг хичээж байгааг онцлох нь зөв байх. Хурлын үеэр зөвхөн лам хувраг, үүрэг авсан дацангуудын харьяа лам нарыг оруулсан бөгөөд хурлын үйл явцыг Гандантэгчэнлин хийдийн цахим хуудас болон нэр бүхий телевизээр шууд дамжуулсан. Хилийн чанадад байгаа монголчууд болон  сүсэгтэн олон ихээр даган баяссан. Улс орон даяар шууд дамжуулсан учраас сүсэгтэн олон бүх нийтээр буян хураалаа гэж бид үзэж байгаа.

Бид уг арга хэмээг санаачлахдаа бүх нийтийн залбирал буюу нийтийн буян хураах хурал номыг хийх зорилготой байсан. Зорилгодоо ч амжилттай хүрсэн. Эртнээс Монгол Улсыг номт гурван улсын нэг хэмээн нэрлэж ирсэн. Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн учраас дэлхий нийтэд тархаад байгаа халдварт өвчин цаашдаа олон хүнд битгий халдварлаасай хэмээн даян дэлхийн амар амгалангийн төлөө энэ залбирлыг үйлдсэн гэдгийг онцлох ёстой.

-Энэ номыг өмнө нь ийм олон лам уншиж байсан уу?

-2010-2011 онд Сарс нэрээр Монголд тархаж байсан тахал болох H1N1 вирусийн тархалтын үед IX Богд багшийн зарлигаар Гандантэгчэнлин хийд нэг сарын турш Мам Туган номыг хурсан байдаг. Үүнээс хойш хураангуй хэлбэрээр уншсаар ирсэн.

Дэлгэрэнгүй хурах гэдэг нь бурханд өргөж байгаа балин дором, тахилын эд зүйл, уншлага бясалгалыг дэлгэрэнгүй үйлдэхийг хэлж байгаа юм. Тэр болгон хэрэглэл бүгдийг ийм дэлгэр бэлтгэх боломж тааруухан байдаг учир хураангуйлж хурдаг уламжлал гарсан.

Тэргүүн хамба лам хурлыг гадаалсны дараа лам нарт “Хурлын шинж тэмдэг сайнаар гарлаа. Хурал хурсны үр дүн сайнаар гарах юм байна” хэмээн айлдсан. Бидний хувьд Монгол Улсад нэг ч хүн өвдөлгүй эрүүл саруул байх, цаашлаад дэлхий дахинд амар тайван, эрүүл саруул байхыг даатгаж залбирсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Э.СОСОРБУРАМ


"НАМАЙГ ИД АСЧ ЯВАХАД МОНГОЛ КИНО ҮЙЛДВЭР ДАМПУУРСАН"

“Шинэ халадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгээ солиорой”. 1987 онд бүтээсэн, найруулагч Н.Нямдаваагийн “Ховор хүмүүс” Монголын уран сайхны киноны Дүүриймааг энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урьж, ярилцлаа.

Үзэгчдийн сэтгэлд олон сайхан дүрээрээ хоногшин үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ярианы ур чадварын мастер багш Т.Карма 1978 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан түүхтэй.

Түүнийг "Амьдрал нулимсанд дургүй" кинонд жүжигчин Ирина Муравьёвагийн бүтээсэн Людмилагийн дүр, "Ийм нэгэн явдал" кинонд жүжигчин Лия Ахеджаковагийн бүтээсэн нарийн бичиг Верочкагийн гэх мэт олон сайхан дүрийн дуу хоолойг бүтээснийг нь ард түмэн сайн мэдэх биз. Тэрбээр өдгөө зургаа дахь жилдээ ярианы ур чадварын сургалтын төвөө ажиллуулж байгаа аж. Түүний ярилцлагыг хүргэе.

-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Хэдийгээр дэлхий нийтэд аюулт өвчин дэгдэж байгаа ч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж сууна. “Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг” гэдэг дээ. Тийм учраас ард түмэн маань өвчтэй зовлонтой хүмүүстээ хүнлэг хандаасай. Эх орноо гээд тэмцээд ирж байгаа хүмүүсээ хурдан эдгэрэхийг ерөөгөөрэй гэж хүсэх юм. Ер нь би хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн. Сүүлийн үед ч хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Хөл хорионы үеэр би зав чөлөөтэй байгаа учраас та бүхэнтэй ярилцахыг зөвшөөрлөө.

-Та анх их сургуулиа төгсөөд, Монгол кино үйлдвэрт дуу оруулагч жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн. Анх ямар кинонд дуу оруулж байсан тухайгаа ярихгүй юу?

-Би 1974 онд урлагийн замыг сонгож, 1975 оноос эхлэн Монгол кино үйлдвэртэй хувь заяагаа холбосон. Өөрөөр хэлбэл, 1975 оноос оюутан байхдаа тэнд кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилласан. Тухайн үед Н.Нямдаваа багш маань тайзны тулаан, хөдөлгөөний цагийн багшаар ажиллаж байсан юм. Арван жилийн хүүхдүүдийн тухай орчуулгын кино хийх болоод, шавь нараасаа проб хийсэн. Тэр үед Монгол кино үйлдвэрт залуу охины дуу хоолой байхгүй байсан юм билээ. Тэр пробонд би шалгарч, гол дүрд нь дуу оруулахаар болсон юм. Харин бусад маань тэнцээгүй. Анх удаа пробонд орж байгаа хүүхдүүд айж, сандарсан ч байх.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж