Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Зам тээврийн ноцтой ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ. Орон нутагт гарсан ослын дийлэнх нь мотоциклтойгоо онхолдож, амиа алдсан байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НЭГ ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Гуравдугаар сарын 16-ны өдрийн 20:46 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны замд Toyota Prius маркийн О жолоочтой тээврийн хэрэгсэл замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
Гуравдугаар сарын 16-ны шөнийн 23:27 цагийн орчимд Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон байна,
Гуравдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй Супер Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,
Гуравдугаар сарын 19-ний өдрийн 08:20 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын хөшөөт хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Ipsum маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч долоон настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,
Гуравдугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
Гуравдугаар сарын 19-ний шөнийн 23:40 цагийн орчимд Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ ҮЕДЭЭ ОСОЛ ГАРГАСАН НАЙМАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан найман зөрчил бүртгэгдсэн байна.
АВТО ОСЛООР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ХЭРЭГ 62.5 ХУВИАР ӨСӨВ
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24.1 хувиар, гэмтсэн хүн 53.3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Б.ЦЭЦЭГ