“Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг энэ Ням гаригт чартер нислэгээр татаж авах талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
Тэд Монголд ирэхээсээ өмнө буюу БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгөх юм байна. Харин Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Онгоцноос тэднийг буумагц тусгай машинаар хамгаалалтад авч Төв аймагт тусгаарлаад 14 хоногийн хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, шинжилгээний хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна гэж тооцож байгаа талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан тодотголоо.
Түүнчлэн “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын туслан гүйцэтгэгч компаниудын хувьд түрүүчээсээ ажилдаа гарч эхэлж байгаа аж.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах төлөвлөсөн хугацаа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сар боловч хугацаандаа амжихгүй он дамнан хойшлогдсон.
Дарханы замын ажлыг санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк бөгөөд тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хариуцагч мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд замын ажлыг гэрээний хугацаандаа дуусгавар болгоход хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн.
Хоёр өдрийн өмнө Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзах үеэр гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниудад шахаж ажиллуулахаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч мэдэгдээд, хэрэв гүйцэтгэгч компаниуд асуудал гаргавал хар жагсаалтад оруулна гэдгээ илэрхийлжээ.
Ирэх зургадугаар сар гэхэд замын хучилт бүрэн хийгдэнэ гэдгийг салбарын сайд нь өмнө нь тодотгож байсан билээ.
Холбоотой мэдээ