АН-ын даргаас айхын учир

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

АН-ын даргаас айхын учир

АН-ын даргаас айхын учир

Ардчилал бол Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болоод байна”. Гурван сарын өмнө, 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тавьсан илтгэлийн нэгээхэн эшлэл.

Энэхүү үйл явдлаас хойш яг дөрвөн сарын дараа тэрбээр “Цар тахлын бодит аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад Ардчилсан нам санал нэгдэхгүй байна” гэсэн нь хамгийн мэдрэмжгүй хийгээд намдаа төдийгүй өөртөө хасах оноо цуглуулсан үг, үйлдэл болов.

Улс төр талаасаа сонгуулийн өмнө, хүн талаасаа онцгой гамшгийн үед С.Эрдэнэ ийм үг хэлэх ерөөсөө болохгүй юм. Учир нь, түүний хэлэх үг бүр Ардчилсан намд очиж наалдана. Тиймээс С.Эрдэнэ дарга цагаа олж, үгээ бодож хэлэх ёстой байлаа.

С.Эрдэнэд хайртай, дуртайдаа Ардчилсан намыг хүмүүс дэмждэг юм биш ээ. Хүний эрх, эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйл, Ардчилсан нам нь Монголын ардчиллаар овоглодгийн хувьд энэ намыг дэмжиж ирсэн нь ирсэндээ бараг ичиж, харамсах шахсан биз, өчигдрийн хувьд.

Хувь хүний хамгийн том эрх нь амьд явах эрх. Хэн ч хэзээ ч хөндөж болохгүй жам ёсны заяамал эрх. Гэмт хэрэг хийсэн хүн ч амьд эрхтэй. Энэ бол ардчилал. Монгол ардчилсан улс. Иргэнээ хэлмэгдүүлж бас хаяж болохгүй. Ядуу, баян байхаас үл хамаараад аль ч улс иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах нь үүрэг.

Тийм ч учраас дэлхийн 173 оронд тархаж байгаа цар тахлын үед олон орон гаднаас иргэдээ авчирч байна. Монголын төр ч ялгаагүй монгол хүний амьд явах эрхийг хуулиар болон эдийн засаг, нийгмийн хувьд бодитойгоор хамгаалах ёстой. Үүрэг нь ч тийм. Үүргээ биелүүлж, гамшиг зовлонтой үед гадаадад байгаа иргэдээ ээлж дараагаар авчирч байгаад нь хууль тогтоох УИХ-ын гишүүн, хүний эрхийг дээдлэгч намын дарга С.Эрдэнэ талархаж мэдэхгүй юмаа гэхнээ “Нийт монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу” гэх үг амнаасаа унагах нь ичгэвтэр байлаа.

Хэрэвзээ Засгийн газар иргэдээ гадаадаас авчрахдаа авлига авсан, эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхдүүдэд илүү боломж олгосон бол асуудал нь өөр болно. Арай ч С.Эрдэнэ даргын хардаж байгаачлан ийм муухай үйлдэл гаргаагүй байлгүй дээ, УОК-ынхон.

Жишээлбэл, МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор Сөүлээс нийтдээ 244 хүн ирсний 55 өндөр настан, 82 нь эрүүл мэндийн, 13 нь жирэмсэн, зургаа нь хөгжлийн бэрхшээлтэй, 79 нь бага насны, ес нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ.  Засгийн газрын зүгээс эхний ээлжинд эрсдэлт бүлгийн иргэдээ авчирч байгаа, энэ яагаад С.Эрдэнэ даргад таалагдсангүй вэ?

Олон хүн хайртай бүхэндээ “баяртай” гэж хэлэх эрхгүй, хамгийн сүүлийн удаа харж ч чадахгүй амиа алдаж байна. Энэ вирусээр өвчилчих вий гэсэн айдас хүн болгонд бий, үнэн. Гэхдээ тэд санаатайгаар тусаагүй. Харин санаатайгаар өвчнөө нууж, бусдад халдвараа тараасан бол өөр хэрэг. Үндэстний эсрэг гэмт хэрэг. Монголын төр харин иргэдээ эрүүл өвчтэйгээр нь ялгаварлан гадуурхах эргүй. Ингэвэл төр байхын шалтгаан үгүй болно. Монгол Улсын иргэн гэж явахын итгэл алга болно.

Дэлхийд нийтийг хамарсан энэ цар тахал баян, ядуу, хар, шар цагаанаар нь ялгахгүй халдварлаж, улс орон бүр нэг ч гэсэн иргэнээ вирусээс хамгаалах, туссан иргэдээ эмчилж эдгээхийн төлөө чардайж, чармайж байна. Монгол Улс ч цар тахлыг тархааргүй, иргэдээ хамгаалахын төлөө гурван сар гаруйн хугацаанд мэдрэмжтэй, шуурхай ажиллаж байгааг бас үгүйсгэж болохгүй.

Их гүрнүүд хүртэл барьц алдаж, сандарч, хяналтаа алдаж байгаа энэ хүнд, хэцүү үед хүнээ аврах, хүмүүсээ хамгаалахын төлөө цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын олон хүн нойр, хоолгүй ажиллаж байна. Тэглээ гээд тэд гомдол нэхээгүй. Хүнээ авчирч, эмчилж эдгээнэ л гэж сууна.

Хагаралдаж улстөржих цаг үе гэж байдаг ч биз, хамтарч эвлэлдэх цаг гэж бий. Яг өнөөдөр аюулт цар тахлаар улс төр хийж, сөрж, сөрөг хүчин болох шаардлагагүй, муухай харагдана. Эсрэгээрээ С.Эрдэнэ дарга хамтарч, дэмжиж, хандив мөнгө болсон бол гоё харагдаж, эерэг оноо илүү цуглуулах байж. Харамсалтай нь, ардчиллыг өмчилж ирсэн АН-ын даргаас айхын шалтгаан өчигдөр харагдав.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж